title
stringlengths
4
194
content
stringlengths
5
342k
Хөрөнгө оруулалтын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын ээлжит бус чуулган Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм байна. Харин УИХ-ын ээлжит бус чуулган үдээс хойш 14.00 цагт эхлэх бөгөөд Хөрөнгө оруулалтын болон Цөмийн энергийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Чуулганы өчигдрийн хуралдааны цагийг сунган хуралдаж эдгээр хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр Улсын Их Хурлын 2013 оны ээлжит бус чуулган өндөрлөнө.
АНУ-аас Монголд 5.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо
Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэхүү гэрээний өөрчлөлтийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл нар өнөөдөр үзэглэлээ. Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээг өөрчиллөө Нэмэлт өөрчлөлтөөр АНУ-аас Монголд 5,1 сая ам.долларын төслийн нэмэлт санхүүжилт олгох ба үүнийг Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлэх, иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн хэмжээнд захиргааны шинэчлэлийг үр дүнд хүргэхэд чиглэсэн төслүүдэд зарцуулна. “АНУ-ын Засгийн газраас Монголд олгож байгаа хөгжлийн туслалцаа жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Нью-Йорк хотноо хоёр орны Засгийн газар Ил тод байдлын гэрээг үзэглэсэн. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгаагийн илрэл юм” гэж АНУ-ын Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмпбэлл хэллээ. 1991 оноос хойш АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монголд 230 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байгаа юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө
Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байсан Д.Бадарсан, Д.Батбаяр, Л.Наранбаатар, Л.Нарантуяа, Б.Түвшин, Л.Сайнтөгс, Ц.Энхцэнгэл нарыг чөлөөлж, оронд нь Д.Байдраг, П.Батчимэг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар нарыг ажиллуулахаар болжээ. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс С.Ононбаярыг Тэргүүлэгчээр ажилуулахаар болсон байна. Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаанаар дээрх шийдвэрийг  гаргажээ. Харин нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Тэргүүлэгчээр ажилладаг төлөөлөгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй аж.  МАН-ын бүлгээс Тэргүүлэгчээр Р.Дагва, С.Амарсайхан, Б.Төмөрчулуун нар ажилладаг билээ.
Ерөнхийлөгч АНУ-ын Олон Улсын Энх тайваны хүрээлэнд зочлов
Ерөнхийлөгч “International Peace Institute"-д зочлов Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах “International Peace Institute” буюу Олон улсын Энх тайваны хүрээлэнд зочлов. Олон улсын Энх тайвны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Тэржээ Руд-Ларсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор хүлээн авсныхаа дараа АНУ-ын Төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөлтэй уулзах уулзалтад урилаа.    Уулзалтын эхэнд Тэржээ Руд-Ларсэн хэлэхдээ “Монгол Улс бол ардчиллын үлгэр жишээ болсон, социализмын дараах шилжилтээс хойших хугацаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлд хамгийн их амжилтад хүрсэн орнуудын нэг. Эдийн засгийн салбарт гайхамшигтай өсөлт гаргаж, өдгөө хамгийн хурдацтай хөгжиж буй улс болоод байна. Мөн Монголчуудын түүх бол аугаа баялаг сан хөмрөгтэй. Миний бие Азидаа ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч буйдаа баяртай байна” гэв.   Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулснаас хойш 23 жил өнгөрсөн байна. Бид 1989 оны жихүүн өвөл хэдэн арван жилийн турш ард түмнийг өөрсдийнх нь зүй ёсны сонголтоор бус удирдаж ирсэн засгийг халж чадсан. Ийнхүү иргэний эрх, эрх чөлөө сэргэн тогтсон юм. Бид хувьсгалаа ганц ч цонх хагалалгүй, дусал цус ч урсгалгүй хийж чадсан. Бид 1990 онд Парламентын засаглалтай улс болсон. Монголын хувьд бид бусдад заахаас илүүтэй бусадтай хуваалцах сургамж их байгааг онцолмоор байна Эдүгээ хорь гаруй жилийн дараа Монгол Улс иргэд нь засагласан тогтвортой төртэй улс болон хөгжиж байна. Олон намын тогтолцоо, олон урьгалч үзэл нь ардчиллын үндэс болдоггүй. Харин бид жинхэнэ эрх мэдлийг хүмүүстээ шилжүүлж орон нутагтаа өгснөөр, чухамхүү шууд ардчиллыг бий болгосноор аливаа улс нээлттэй, жинхэнэ утгаараа ардчилсан улс болдог. Бусад ардчилсан орнуудад тулгардаг хүндрэл сорилтууд манайд бас тулгарч л байгаа. Монголын хувьд бид бусдад заахаас илүүтэй бусадтай хуваалцах сургамж их байгааг онцолмоор байна. Ардчилал бол сурах үйл явц. Бид алдаанаасаа суралцаж, түүний сургамжаас илүү хөгжиж дахин алдахгүй байх боломжоо олж авдаг. Бид Ардчиллын төлөөх Азийн түншлэлийг санаачилж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил тэргүүлж  байгаад 2013 оны тавдугаар сард Эл Сальвадор улсад  эрхээ шилжүүлсэн.  Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатрын яриа хэлэлцээ” хийх санаачлагыг дэвшүүлээд байна. АНУ-ын Төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөлтэй уулзлаа Ил тод байдал, хариуцлага, хуулийн засаглалыг бид тууштай баримталж ирсэн. Эдгээр нь ардчилал оршин тогтнох, хөгжин бэхжихийн үндэс суурь гэдгийг бид мэднэ. Авлига бол олон нийтийн итгэлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг үргээн айлгаж, иргэдийн боломж бололцоог дээрэмдэн тонож байдаг. Тиймээс, бид нийгэмдээ, төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл, авлигыг үл тэвчих үйлсийн төлөө ажиллаж байна. Монгол Улс ардчилал, эдийн засаг, газар зүйн байрлал гээд олон түвшинд онцгой байр эзэлдэг. Эдийн засгийн салбарт бид гайхамшигтай өсөлтийн замд гарлаа. Өнгөрсөн 2012 онд манай эдийн засаг 17 гаруй хувь байсан бол энэ жил 11 хувьтай байна. Үзүүлэлт багассан боловч бусад орнуудтай харьцуулбал хоёр оронтой тоотой байгаа нь өндөр юм. Энэхүү эдийн засгийн хурдаа хадгалах нь бидний хувьд том сорилт юм. Энэхүү сорилтыг бид даван туулахын төлөө бэрхшээлийг сөрөн ажиллаж байна.   Бид хөгжлийнхөө хоёр том зорилтыг тэнцвэртэй хангахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтөөр бий болсон боломжуудыг Монгол хүн бүрт тэгш эдлүүлэх, хоёрдугаарт, Монгол Улс бизнес хийхэд нээлттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн гэдгээ дэлхий нийтэд тодорхой, баттай нотлон харуулах явдал юм.     Бид дэд бүтцээ сайжруулж, эрүүл мэнд, боловсролын салбараа дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байгаа. Иргэдийнхээ ойрын болон хэтийн хэрэгцээг хангахын тулд маш их зүйл хийж бүтээх хэрэгтэй байна. Бидний амжилтын түлхүүр нь манай ард иргэд юм. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн эзлэх байр суурь үлэмж өсч байгаа энэ жилүүдэд бид иргэдээ улам бүр боловсролтой болгох, мэргэшүүлэх тал дээр ихээхэн анхаарч байна. “International Peace Institute"-д Хэрэв Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг 20 их сургуулийн аль нэгд элсч чадвал сургалтын зардлыг нь Засгийн газраас даах зэргээр чанартай, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаарч байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон дурдлаа Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Төрийн болон төрийн бус байгуулагуудийн төлөөлөлтэй Монголын түүх, боловсрол, ардчилал, эдийн засаг, уул уурхай, жендэр,  хууль шударга ёсны асуудлаар өргөн хүрээнд асуулт хариулт явуулж санал солилцов. АНУ-ын Төрийн болон төрийн бус байгуулагуудийн төлөөлөлтэй санал солилцов
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн танилцуулгыг хийлээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналаа нэгдсэн хуралдаанд шууд оруулахаар боллоо. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор саналуудыг дэмжлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналаа нэгдсэн хуралдаанд шууд оруулахаар санал нэгдлээ. УИХ-ын гишүүн Я. Содбаатар, А.Тлейхан нар чуулганы нэгдсэн хуралдаанд цөөнх болохоор боллоо Харин УИХ-ын гишүүн Я. Содбаатар, А.Тлейхан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад байнгын хороодын гишүүдийн дэмжлэг аваагүй учир чуулганы нэгдсэн хуралдаанд цөөнх болохоор шийдвэрлэлээ.
Автобусны зарим буудлуудыг нүүлгэх нь
Замын Цагдаагийн газраас “Баруун 4 зам”, “Бөхийн өргөө”, “64-р дэлгүүр”, “Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Тээврийн  газарт удаа дараа санал ирүүлсэн байна. Тодруулбал, Замын цагдаагийн газраас тус автобусны зогсоолууд нь замын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болж байна гэх үндэслэлээр дээрх автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.  “Баруун 4 зам” автобусны зогсоол нь “Энхтайван найрамдлын ордон”-ы зогсоолоос 560м, “Бөмбөгөр” худалдааны төвийн зогсоолоос 700 м зайд, дараагийн зогсоол “ТБД Андууд”-ын зогсоол хүртэл 500м байна. Уг зогсоолоор өдөрт дунджаар /давхардсан тоо/ 120 000 иргэн үйлчлүүлдэг гэсэн судалгааг хийжээ. Ингээд зогсоолуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Олон нийтийн санал асуулга” явуулахаар болсон байна.
Н. Алтанхуяг: Би сэтгүүлчийг шүүхэд өгдөггүй, өгөх ч үгүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй 30 минут уулздаг уламжлалтай. Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй 30 минут уулздаг уламжлалтай. Энэ долоо хоногийн уулзалт өчигдөр Ерөнхий сайдын өрөөнд болов. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байгаа. Сайд нарын танхим ажлаа жил, сараар нь төлөвлөж хийдэг байна. Энэ онд хийх ажил, мөн энэ сард хийх ажлыг өнгөрсөн жил  төлөвлөжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоногт юу амжуулснаа товчхон танилцуулдаг байсан бол өчигдөр Засгийн газрын ажил хэрхэн өрнөдөг тухай танилцуулав. Засгийн газар ажлын гарааны эхний жилд 400 гаруй ажил хийснээс 115-ыг нь түүвэрлэн ном болгож аймаг, сум, багуудад тараахаар хэвлэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Цагаан сарын монгол бэлэгний үзэсгэлэн хийсэн, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог гуравдугаар сард хийхээр төлөвлөж байсан тухайгаа Ерөнхий сайд цаасан дээр буулгасан төлөвлөгөөнөөсөө харж хэлэв. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажлууд 100 хувь биелдэггүй. Нэг сард 28-29 ажил биччихээр биелэхгүй дараагийн сар руу шилжих асуудал байдаг гэнэ. Тухайлбал, Хөрөнгийн биржийн шинэчлэлийг наймдугаар сард хийх байсан ч биелүүлээгүй есдүгээр сард хийж чадсан гэнэ. Энэ сард Нийтийн албаны тухай хуулийн төслийг УИХ-д  өргөн барих байсан ч чадаагүй гэнэ. Мөн гэр хорооллыг утаагүй зуухаар бүрэн хангах ажлыг энэ сард төлөвлөсөн ч ирэх сард гүйцээхээр болжээ. Энэ сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг батлуулахаар төлөвлөсөн. Энэ хуулийн төслийг УИХ өнөөдөр батлах төлөвтэй байгаа юм. Түүнчлэн гадаадад суугаа Монголын Элчин сайдуудын яамтай видео хурал хийх юм байна.  Манай улсын эдийн засгийн байдал ямар байгааг танилцуулж, ажиллаж байгаа тухайн улсдаа ямар сурталчилгаа хийх вэ гэсэн чиглэл өгөх гэнэ. Мөн Орон сууцын барьцаа борлуулдаг хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэжээ. Арилжааны банкны зээлийн барьцаанд байраа тавьчихаад зээлээ төлж чадахгүйд хүрвэл тухайн банк шүүхэд маргаан гаргахгүйгээр шууд борлуулдаг хуулийн төсөл юм байна. Энэ нь банкинд эрсдэлгүй болно. Тэр хэмжээгээр зээлийн хүүгээ бууруулах боломжтой гэж үзэж байгаа аж. Залуучуудад зориулсан архигүй бүжиглэдэг клубыг ирэх сард байгуулах гэнэ. Мөн ирэх сард төсвөө батлуулна, улс тунхагласны баяраа тэмдэглэнэ, монгол хэлний зөв бичгийн толь гаргахаар төлөвлөсөн тухайгаа Ерөнхий сайд хэллээ. Арваннэгдүгээр сарын 1-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Энэ өдөр олон арга хэмжээ зохион байгуулна. Яам, тамгын газрын нээлттэй өдөрлөг арваннэгдүгээр сард болно. Харин арванхоёрдугаар сард цөөхөн ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор 2014 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж эхэлжээ.  Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулав 2013.09.26 Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх мэдээллийг өгөөд сэтгүүлчдийн асуултад хариулав. -Та гурван сэтгүүлчийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгсөн гэсэн. Ямар асуудлаар гомдол гаргасан юм бэ? -Би улс төрд 23 жил явж байгаа. Энэ хугацаанд сэтгүүлчдийг шүүхэд өгсөн түүх байхгүй. Цаашид ч байхгүй. Харин “Тэргүүн” сониныг шүүхэд өгсөн асуудал бий. Сэтгүүлчдийг урдаа барьж, хүүхдүүдээр янз бүрийн юм хийлгүүлчихээд хариуцлагаа хүлээдэггүй хүн ард нь байдаг. Эзэн нь хэн бэ л гэдэг асуудал тавина. Сэтгүүлч буруугүй, редакц, эзэн нь хэн бэ гэдгээ бичээд өгчихсөн. Та нар тэр цаасыг нь үзэж болно.  -“Чингис” бондын зарцуулалтын сүүлийн үеийн мэдээллийг өгөөч. Одоо хэдэн төгрөг үлдсэн байгаа вэ. “Самурай” бондын талаар мэдээлэл өгөөч. Хятадад хийх айлчлалын үр дүн юу байх вэ? -Одоогоор 700 орчим сая ам.доллар зарцуулсан гэж Хөгжлийн банкны захирал  ярьсан байна лээ. Цаана нь 800 сая орчим үлдсэн байгаа биз. Шийдвэр нь гарсан 500 орчим ам.долларын ажил бий. Цаана нь 300 орчим ам.доллар бий. Энэ мөнгийг үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна. “Самурай” бондын талаар Японд санал л ярьсан болохоос биш иений бонд гаргана гэж яриагүй. Одоо Хөгжлийн банкныхан явж иений бонд гаргах гэж байгаа тухай ярилцана. Итгэл үнэмшилтэй нь худалдан авна. Хятадын айлчлалаар хөрш хоёр орны хувьд арилжаа наймааныхаа талаар ярина. Саяхан би “Чалко” компанийнхантай уулзсан. Өр шир дууссан. Цаашид хамтарч ажиллая гэж байна лээ. Тэгье л гэсэн. Бид татгалзахгүй. -Энэ оны төсөвт тодотгол хийх үү. Хэзээ яаж хийх вэ? -Хийж таарна. Оюутолгойгоос өсөн нэмэгдэх роялти авч чадахгүй байна. Нийт 450 тэрбум төгрөг. Орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй. Тэгэхээр зарлагыг тэр хэмжээнд танахаас өөр аргагүй. Ийм байдлаар тодотгол хийнэ. -Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар нэлээд маргаан байна. Хас банк мэдэгдэл гаргажээ. Ер нь Монголбанк арилжааны банкуудад ямар журмаар санхүүжилт өгдөг юм бэ? -“Хас” банк чинь “Бид тэгээгүй” гээд твиттерт биччихсэн байсан шүү. Хэрэв үнэн бол хөтөлбөрөөс гар гэдгээ би өмнө нь та бүхэндээ уулзахдаа хэлсэн. Банкуудад хэдийд хэдэн төгрөг өгдөгийг Засгийн газар мэдэхгүй. -Түлээ нүүрсээ бэлдэх цаг болжээ. Налайхын нүүрсний үнэ нэмэгдчихсэн байна лээ. Цаашид зохицуулах уу? -Налайхын нүүрс хэрэглээний өндөр хувийг эзэлдэггүй. Түүнээс болоод үнийн өөрчлөлт орохгүй. -Танай нам сүүлийн гурван жил ҮЗХ-гоо хуралдуулсангүй. Яагаад тэр вэ. Дотоод ардчилалгүй учраас ротациа хийхгүй байна уу? -Гурван жил хуралдаагүй гэдэг худал. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хуралдсан.
Улаанбаатарт 100-аас дээш настай 27 азай буурал амьдарч байна
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 62146 өндөр настан халамж үйлчилгээнд хамрагддаг.  Тодруулбал,  80-аас дээш настай 7144,  95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27, алдар цолтой 1495 азай буурал Улаанбаатарт амьдардаг байна. Нийслэлд 100-аас дээш настай 27 өндөр настан байна Жил бүрийн аравдугаар сарын 1-нд Ахмадын баярын өдөр болдог. Энэ өдрийг угтан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд гарын бэлэг гардуулжээ.
Манай улс төмөр замын бетон дэрний үйлдвэртэй боллоо
Социализмын үед нийслэлийн 3,4-р хорооллыг босгосон түүхэн гавьяатай “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээж, шинэ бүтээн байгуулалтын гол бэлтгэн нийлүүлэгч болгохоор өнгөрсөн хавар Засгийн газраас хөрөнгө төсөв баталсан билээ. Энэ хугацаанд энэ үйлдвэрт орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилуулж, туршин тохируулж, үйлдвэрлэлд бэлэн болгожээ. Өнөөдөр тус комбинатын төмөр замын бетон дэрний үйлдвэр ашиглалтад орлоо Салбартаа Монголд хамгийн том нь болон нээгдэж байгаа энэ үйлдвэрт эрчим хүч, дулааны шугам сүлжээ, дэд бүтэц, зам барилгын төмөр бетон эдлэлүүд үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн гурван шугам дээр нэг удаад 1128 ширхэг бетон дэр цутгаж, жилдээ 350-500 мянган ширхэг бетон дэр гаргах аж. Бетон дэрийг ирэх хавар эхлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км шинэ төмөр замд ашиглана. Үйлдвэрлэлийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн RMS компанийнх бөгөөд эдгээр нь тэнхлэг дээрээ 23-32 тн-ыг даах хүчин чадалтай бетон дэргаргана. Энэ нь 132 тн жинтэй вагон явах даацтай гэсэн үг.  Бетон дэрэндээ Англи улсын Пандрол системийн бэхэлгээ, хэвийг ашиглаж байгаа юм байна. Ийм бэхэлгээ нь дэлхийн хамгийн халуун, хүйтэн цэгүүдэд, хамгийн хурдан болон хүнд даацын төмөр замуудад ашиглаж байгаа сүүлийн үеийн технологи аж. Европ стандартад бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн бетон дэрийг ирэх хавар эхлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км шинэ төмөр замын угсралтын ажилд ашиглах юм.  Бетон дэрний үйлдвэрийн хангалт, борлуулалт, тээвэрлэлтийн сүлжээнд олон ажлын байр бий болно.Төмөр замын дэр модыг бетон болгосноор эх орныхоо үнэт баялаг ой модыг хамгаална. Одоо байгаа 1000 гаруй км төмөр замын модон дэрийг солих боломж ч бүрдэнэ.Цаашлаад экспортод гаргах бүтээгдэхүүний шинэ нэр төрөл бий болно. Хамгийн гол үр дүн бол Монголын шинэтөмөр зам дэлхийн стандартад бүрэн нийцнэ хэмээн Ерөнхий сайд онцоллоо. Төмөр замын бетон дэрний үйлдвэрийн нээлт боллоо Шинэ үйлдвэр нээх ёслол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нар оролцсон юм.
Н. Номтойбаяр гишүүн хүн хутгалсан хэрэгт холбогдлоо
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр -Энэ хэргийн талаар эрхэм гишүүн зөрүүтэй байр суурь илэрхийлж байлаа- Монголын удам залгасан хөрөнгөтнүүдээс хэзээний дуулиан шуугиан тарьдгаараа алдартай хэд, хэдэн хүн бий. Эдний нэг нь МАК компанийн захирал Нямтайширын хүү. Алтны магнатын эрх танхил хүү  хэзээнээсээ л хэрэг тарьж, эцгийнхээ нэрийг халууцуулсаар ирсэн боловч УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш томоожоод байсан билээ.  Харамсалтай нь тэрбээр дахиад л ээлжит шуугианаа тарьж, энэ удаад бүр хүйтэн мэсээр бусдын биед гэмтэл учруулсан гэх  хэрэгт нэр холбогдлоо. Тодруулбал, энэ сарын 25-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр архидан согтуурсан үедээ хүйтэн мэсээр бусдыг хутгалж, гэмтээсэн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан юм.  Н.Номтойбаяр бусдыг хутгалж танхайрсан уу, эсвэл аргагүй хамгаалалт хэрэглэж,  хүйтэн мэс шүүрэхэд хүрэв үү, эсрэгээрээ хэн нь чухам юунаас болоод хэнийгээ гэмтээчихэв  гэдэг эргэлзээтэй асуудал олны дунд байна.  Түүний мэдэлд “Шинэ дэлхий” телевиз болон “Өдрийн шуудан” сонин байдаг.  Харин сүүлийн үед түүний мэдэлд байдаг дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудын  үйл ажиллагаа доголдож, олон сарын турш ажилчидынхаа цалинг өгөөгүй байгаа сурагтай. Харин энэ үдэш тэрбээр “Шинэ дэлхий” телевизийн захирал н.Энх-Эрдэнэтэй ажил хэргийн яриа өрнүүлэхээр тус ресторанд тухалжээ.  Өөрийнх нь хэлж буйгаар бол энэ үеэр  гаднаас “Центрпойнт”-ын гэгдэх н.Нямдорж гэгч орж ирээд түүн рүү хутга барьж дайрсан гэх. Тиймээс ч энэ талаар өөртэй нь утсаар холбогдож тодруулсан юм.  Н.Номтойбаяр: Би биш над руу хутга барьж дайрсан  -Та хэргийн талаар тодруулахгүй юу? -Юуны өмнө энэ асуудлыг тодруулахаар холбогдсонд чинь баярлалаа. Энэ сарын 25-нд  “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан Н.Ариунболдтой хамт  Төрийн ордны хойно байрлах нэгэн франц хоолны ресторанд  сууж байсан юм.  Гэтэл гаднаас “Центерпойнт”-ийн гэгдэх  Н.Нямдорж, Н.Баттулга гэдэг хүнтэй орж ирээд над руу хутга барьж дайрсан. Тэгэхэд тус рестораны хамгаалагч, зөөгч нар салгасан. Гэтэл тэр Н.Нямдорж “Шинэ дэлхий” телевизийн захирал Н.Энх-Эрдэнийг үүдэнд зогсч байхад нь зодоод зугтаасан байсан. -Хутга барьж дайрсан гэлээ. Хэн нэгэн хүн бэртэж, гэмтсэн үү? -Хутга бариад дайрсан ч тухайн газрынх нь хамгаалагч, зөөгч нар салгасан. Тэгээд бид тэндээс гараад явсан. Би хүн хутгалах биш, харин ч хүн над руу хутга барьж дайрсан шүү дээ.  -Туслах тань хутгалуулсан юм биш үү? -“Шинэ дэлхий” телевизийн захирал найз  минь дундуур орж салгасан. Түүнээс биш хэвлэлээр шуугиад байгаа шиг хүн хутгалж гэмтээсэн зүйл болоогүй ээ. Яахав, биднийг салгах гэсэн  найзыг маань хутганы үзүүр шүргээд өнгөрсөн гэсэн.  Түүнээс биш амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулаагүй. Одоо тэр хүний биеийн байдал сайн байгаа. Хэвлэлээр миний хамгаалагч гэмтсэн гэж мэдээлээд байна л даа. Үнэндээ бол надад хамгаалагч байхгүй шүү дээ.  Эрхэм гишүүн ингэж хэлсэн юм. Харин тухайн үед буюу энэ сарын 25-ны орой 23.00 цагийн орчимд МУИС-ийн хичээлийн II байрны замын эсрэг талд орших “Le Triskell” хэмээх франц ресторанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажил хэргийн түншүүдтэйгээ орж иржээ. Le Triskell ресторан Тус рестораны VIP танхимд тухалсан эрхэм гишүүн болон түүний найзууд чухам юунаас болж хүйтэн мэс шүүрэхдээ тулав гэдгийг тодруулахаар  рестораны захирал Н.Энхжаргалтай уулзсан юм.   Тухайн шөнө чухам юу болсон талаар тодруулахад тэрбээр “Манай ресторанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үйлчлүүлсэн нь үнэн. Гэвч тэр үдэш хутга, шөвөгдөө тулахаар айхтар маргаан, зодоон болоогүй гэж манай зөөгч, менежерүүд хэлсэн.  Учир нь тэр орой би байгаагүй.  Тэр өдөр ажиллаж байсан хоёр монгол зөөгч, нэг франц менежер бүгд ээлж солигдсон. Маргааш /өнөөдөр/ өглөө ажилдаа ирнэ. Тиймээс тухайн өдөр ажиллаж байсан зөөгч, менежерийн утасны дугаарыг та нарт өгөх боломжгүй. Тэгээд ч ЦЕГ болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас  ирж энэ хэргийн талаар тодруулсан. Харин миний хувьд тухайн өдөр байгаагүй болохоор ингэсэн, тэгсэн гэж баттай мэдээлэл өгөх боломжгүй.  Би тухайн өдөр ажиллаж байсан зөөгч нараасаа энэ талаар тодруулахад тэд надад “Ямар ч маргаан болоогүй. Хутга шүүрч, бусдыгаа гэмтээсэн зүйл байхгүй” гэж л хэлсэн. Цагдаагийн байгууллагаас хяналтын камераа шүү гэсэн. Бид тавьсан шаардлагынх нь дагуу хяналтын камераа шалгаж, үзүүлсэн. Н.Номтойбаяр гишүүний хувьд 23.00 цагийн орчимд  орж ирээд шөнийн 00.00 цаг өнгөрч байхад гарсан гэсэн.  Манайх 23.00 цагт хаалгаа барьдаг. Гэвч түүний хувьд захиалсан зүйлээ ууж дуусгахын тулд жаахан байх хүсэлт тавьсан юм билээ. Тэгээд манай ресторанаас гарсан хойноо маргалдсан юм биш үү. Миний хувьд ийм л мэдээлэлтэй байна даа” гэж хэлээд гарч одов. Тус рестораны менежерүүд болох франц иргэд биднийг очсонд ихэд бухимдаж, гишүүнтэй өөртэй нь холбогдож, мэдээлэл авах ёстойг сануулж байлаа. Түүнчлэн рестораны зургийг авах үеэр нэгэн монгол залуу гарч ирэн зургаа устгахыг шаардсан билээ. Энэ хэрэгтэй холбоотой өөр нэгэн хүн бол “Шинэ дэлхий” телевизийн захирал Н.Энх-Эрдэнэ.  Тиймээс ч түүнтэй утсаар холбогдож, тухайн өдөр чухам юу болсныг тодруулахад тэрбээр “Тухайн өдөр гаднаас Н.Нямдорж орж ирсэн нь үнэн. Гэхдээ тэр намайг гэмтээгээгүй. Өөр хүн намайг хутгаар гэмтээсэн. Энэ талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.  Н.Нямдорж гэгч хэн бэ? УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ярьж байгаагаар бол Н.Нямдорж гэгч нь “Центрпойнт”-ын хэрэгт нэр холбогдож байсан нэгэн аж. Харин түүний хувьд Н.Нямдоржийг сайн мэдэх ч үгүй, таних ч үгүй гэнэ.  Ямартай ч эрүүгийн ертөнцөд нэлээд зард гарсан “Мунзуй” хочит Нямдорж гэдэг хүн байсныг мэдэж авсан тухайгаа тэрбээр хэвлэлд өгсөн тайлбарынхаа завсарт хавчуулсан. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар бол н.Нямдорж гэгч нь Н.Номтойбаярын гарын хүн аж. Түүний өмнөөс хамаг л муу муухайг нь хийж гүйцэтгэдэг байсан н.Нямдоржийг  гишүүн яагаад огт танихгүй хүн мэтээр мэлзэх болов гэдэг нь сонин.  Эрүүгийн ертөнцөд удаа дараагийн гэмт үйлдлээрээ зартай энэ этгээд яаж яваад Н.Номтойбаяртай холбогдсон нь ч сонирхол татаж байгаа юм.  Тиймээс ч учир битүүлэг энэ хэргийн цаана олон яагаад гэдэг асуулт нуугдаж буй. Яагаад гэнэт н.Нямдорж орж ирэв, яагаад гишүүнд хутга тулгах болов гээд л олон, олон асуулт хариулт нэхэж байгаа юм.  Хэдийгээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө хутга барьж, танхайраагүй  гэж байгаа ч “Шинэ дэлхий” телевизийн захирал Н.Энх-Эрдэнэ өөрийг нь н.Нямдорж биш өөр хүн хутгалж гэмтээсэн гэж буй. Тэгэхээр тухайн үед гишүүнээс гадна нэг хүн байсан гэж үзвэл Н.Ариунболд гэгч  Н.Энх-Эрдэнийг гэмтээсэн болж таарах нь.  Гэхдээ Н.Номтойбаярыг ч хутга шүүрээгүй гэх баталгаа байхгүй.  Ямартай ч Н.Номтойбаяртай холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа төдийгүй зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа сурагтай.  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйл нь танхайрах бөгөөд 181.3-т зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. Энэ талаар бид эргэн  мэдээлэх болно.
Гаалийнхан уут кофеноос ч импортын татвар авч байна
Бараа, бүтээг­дэхүүний том, жижгээс нь үл хамаарч 15 хувийн гаалийн албан татвар авто­матаар авдаг Гаалийнхан иргэдийг шулсаар байна Манай улсын гаалийн байгууллага “Буяныг гаргах­гүй, бузрыг оруулахгүй” гэх сүржин уриаг урдаа барьж иргэдийг шулсаар байна. Ингэхдээ гаалийн бай­цаагчид хуулиар түрий барьж гадаадаас импортоор орж ирж байгаа тухайн бараа бүтээгдэхүүнд ногдох гаалийн албан татварын үнийг амныхаа зоргоор хэлж, үйлчлүүлэгчдийн ха­лаа­сыг хоосолж байна.  Тухайлбал тэд шуудан­гаар үйлчлүүлж буй иргэ­дийн бараанаас үйл­чилгээ үзүүл­сэнийхээ хөлсөнд зөв­хөн 1200 төгрөг авах ёстой аж. Гэтэл дээрх мөнгөн дүн­гээс гадна импортын албан татварт /ИАТ/, нэмүү өртгийн албан татварт 10 хувийг нэмж авч байгаа юм.  Өөрөөр хэлбэл тухайн иргэний импортоор оруулж ирж буй бараа, бүтээг­дэхүүний том, жижгээс нь үл хамаарч 15 хувийн гаалийн албан татвар авто­матаар авдаг гэсэн үг. Үүнд нь бухимдсан иргэд гаалийнх­наас яагаад ийм өндөр татвар авч байгааг лавлахад “Манай улсын хууль, эрх зүй нь ийм” гэхээс өөр тайлбар өгдөггүй гэнэ.  Бараа бүрийг гараар шалгаж, нэг бүрчлэн татвар авсаар байх уу? Иргэдээс ирүүлсэн гомд­лын дагуу манай сурвалжлах хэсэг “Төв шуудан”-г зорив. Энд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар /УХШИГГ/, “Монгол шуудан” ТӨХК болон бусад газрууд үйл ажиллагаагаа явуулдаг. Харин “Монгол шуудан” компани нь бусад улс орноос Монгол Улсад хаяглагдсан улс хоорондын бичиг захидал, буухиа шуудан, илгээлтийг өөрийн улсын нутаг дэвсгэрт хүргэн гардуулдаг бол УХШИГГ нь гадаадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийж гаалийн албан татвар ногдуулах үүрэгтэй юм байна.  Статистик дүгнэлтээс үзэхэд манай улс өнгөрсөн онд нийт 80398 ширхэг улс хоорондын шуудангийн илгээлт, буухиа илгээмж хүлээн авчээ. Үүнээс 42902 ширхэг нь “Төв шуудан”-гийн олгох хэсгээс хэрэглэгчдэд очсон байна. Харин нийт илгээмжийн 20437 ширхэг буюу 25.4 хувь нь гаальд саатуулагдаж тодорхой хэмжээний татвар хураамж төлсөний дараа эзэндээ хүрсэн байна.  Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хувь өсч нийт улс хоорондын илгээлтийн 75 орчим хувь нь гаалийн байгууллагад саатуулагдаж байгаа талаар албаныхан ярьж байв. Ингэж гаальд саатаж байгаа шалтгаан нь “Төв шуудан”-гийн УХШИГГ-ын гаалийн байцаагч нар бараа бүрийг нэг бүрчлэн шалгаж, татвараа хэт өндөр ногдуулдагтай холбоотой ажээ.  Үүнээс гадна тус газарт байдаг ганц рентгэн аппарат нь эвдэрчихсэн болохоор тухайн бараа, бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн гараар шалгахаас өөр аргагүй гэнэ. Хамгийн хачирхалтай нь тэд өөрсдийн энэхүү буруутай үйл ажиллагаанаас болсон алдагдлаа иргэдийн нуруун дээр тохдог юм байна.  Зарим эх сурвалжуудийн ярьж буйгаас үзэхэд “Биднээс их хэмжээний татвар авч түүгээрээ улсад тушаах ёстой төсвийн мөнгөө бүрдүүлдэг” хэмээн хэлж байсан. Учир нь ГЕГ энэ жил улсын төсөвт 2.4 их наяд төгрөг төвлөрүүлэх ёстой юм билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар дээрх мөнгөн дүнгийн дөнгөж 50 хувийг нь бүрдүүлээд байгаа аж.  Уг нь гаалийнхан гадаадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтаа эрсдэл тооцох системээр явуулах ёстой. Энэ нь тухайн барааг нэг бүрчлэн шалгалгүй, арван бараанаас нэг бараа шалгах зарчмаар хурдан шуурхай ажиллах ёстой аж. Гэтэл гаалийн байгууллагынхан ингэж ажиллах боломж байсаар байтал улсад төвлөрүүлэх мөнгөө гүйцэлдүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүнд нэг бүрчлэн шалгалт хийж, өндөр татвар ноогдуулдгийг эх сурвалж хэлсэн.  Өөрөөр хэлбэл улсад тушаах мөнгөн дүнгээ гүйцээхийн тулд гаалийн албан татварыг өндөр тогтоосон байх магадлалтай гэсэн үг. Харин гаалийн зарим нэг ажилчдын ярьж буйгаар “Бид татвараа өндөр тогтоож дээрх мөнгийг цуглуулж улсад тушаахгүй бол Ерөнхий сайд чинь цалингүй болчихно. Бид чинь Ерөнхий сайдын цалинг бүрдүүлдэг хүмүүс шүү дээ” гэж өөр хоорондоо ярилцаж байсан юм. Тус газраар үйлчлүүлээд илгээмжээ аваад гарч байгаа иргэдийн ихэнх нь сэтгэл дундуур байсан.  Учир нь тэд ах дүү, хамаатан садангийнхаа явуулсан бараанд гаалийн албан татварыг хэт өндөр ногдуулан авч байгаад гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Ингээд иргэдийн яриаг хүргэж байна.  Иргэн Л.Алтанцэцэг: Гаалийн татварт 20 мянган төгрөг төлөх байтал 57200-г авчихлаа  -Гаалийн татварын бай­цаагчтай яагаад маргав?  -Харин тиймээ. Гаалийн татварт 20 мянган төгрөг төлөх байсан. Гэтэл бараг 60 мянган төгрөг төлж байж бараагаа авлаа. -Яагаад тэр вэ?  -Манай ах Солонгосоос эрэгтэй хүний хэдэн бүс явуулсан юм. Уг нь тэндээ бөөний үнэ нь нэг доллар байдаг. Гэтэл гаалийн байцаагч “энэ бүс нэг долларын үнэтэй байх ёсгүй. Дор хаяж таван доллар байх ёстой” гээд нэг бүрийг нь таван доллараар бодох гээд. Тэгээд л маргалдчихлаа.  -Тэр нь хэдэн төгрөг гэсэн үг вэ?  -Манайхаар бол 81 мянган төгрөг.  -Гэхдээ та 60 мянган төгрөг төлсөн гэсэн шүү дээ?  -Харин нэг бүрийн үнийг нь таван доллараар бодоод татвар гэж 81000 мянган төгрөг авах гээд байсан юм. Хэл ам хийж байгаад арай хийн гурван доллараар бодуулж 57200 төгрөг төллөө. Ингэж иргэдийг шулж болохгүй биз дээ. Тэгээд гомдол гаргахаар манай хууль эрх зүй нь ийм гэж тайлбарлах юм. Үнэхээр ойлгохгүй юм.  -Хэдэн кг-ийн бараанд 57200 төгрөгийн татвар авч байна вэ?  -16.2 кг. Уг нь цаанаасаа тээврийн зардалд 80700 төгрөг төлчихсөн байсан. Үнэхээр дэндүү юм аа. Чи бод л доо. Нэг ширхэг компьютер ч оруулж ирсэн татвар авч байна шүү дээ. Гэхдээ байцаагчдаасаа шалтгаалж татвар нь янз бүр байдаг юм байна.  -Юу гэсэн үг вэ?  -Үгүй ээ, яах вэ дээ. Би “Монгол шуудан”-гаар хэд хэдэн удаа үйлчлүүлж байна. Зарим гаалийн цаанаас нь ирсэн үнээр бодоод татвараа авч байхад нэг хэсэг нь маяглаж маяглаж мөнгө нэмж авч байна.  -Бараа тань хил, гааль дээр саатсан зүйл гараагүй биз?  -Надад тийм зүйл тохиолдоогүй ээ. Зөвхөн татвар л өндөр байна.  Иргэн Н.Батбаатар: Гаалийн татвар яагаад өндөр байдгийг асуухаар хууль нь тийм гэдэг. -Таны бараанаас сая гаалийн албан татвар гэж хэдийг авав?  -Бараг 80 мянган төгрөг төллөө. -Хэдэн кг-аас ийм өндөр үнэ авч байгаа юм бэ?  -6.4 кг.  -Аль улсаас явуулсан бэ? -Япон. -Яагаад ийм өндөр татвар авч байгаа юм бол. Учрыг нь лавлав уу?  -Ер нь манай улсын гаалийн албан татвар их өндөр шүү дээ. Байцаагчдаас нь асуухаар хууль нь тийм гэдэг. Өөр зүйл хэлдэггүй.  -Бараа тань хугацаандаа ирэв үү?  -Тэгсэн. Гаалийн албан татвар нь л үнэтэй болохоос үйлчилгээ нь хурдан байдаг. Японоос нэг өдрийн өмнө явуулсан юм.  Иргэн Х.Хонгороо: Ганцхан уут кофенд 17700 төгрөгийн татвар төлсөн  -Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?  -Х.Хонгороо гэдэг. Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд амьдардаг.  -Та дөнгөж сая “Төв шуудан”-гаас илгээмж хүлээн авлаа. Хаанаас хэдэн кг-ийн илгээмж ирэв?  -Тийм ээ. Охин маань Солонгосоос явуулсан юм.  -Гаалийн татвар гэж хэдэн төгрөг төлөв. “Төв шуудан”-гийн гаалийн албан татвар хэт өндөр байна гэж иргэд ярих юм?  -Уг нь охин маань цаанаас нь татварыг нь төлөөд явуулсан гэсэн. Тэгэхээр нь энд гаальд шалгуулж, татвар төлнө гэж мэдээгүй ирсэн. Хэрэв би татвар төлөх мөнгөгүй, зөвхөн автобусны мөнгөтэй ирсэн бол бараагаа авч чадахгүй байх байлаа.  -Хэдэн кг-ийн ямар бараа билээ?  -Эгч нь бие муу болохоор солонгосоос чихэргүй кофе захиж авч ирүүлдэг юм. Яг хэдэн кг болсоныг нь мэдсэнгүй ээ. Ямар ч л байсан 17700 төгрөгийн татвар төллөө.  -Уг нь таны барьж байгаа барааг харахад 1 кг хүрэхгүй шахам л юм байна шүү дээ. Ийм бараанд 17700 төгрөг төллөө гэж үү?  -Тийм ээ. Ганцхан уут л кофе захисан. Уг нь цаанаа илгээмжийнхээ мөнгийг төлчихсөн болохоор эндээсээ зүгээр авна гэж бодож байсан. Гаалийнхан өөрсдөө ч гэсэн хэлж байна лээ.  -Юу гэж тэр вэ?  -Уг нь таны бараа чинь ганц уут л кофе юм байна. Даанч манай хууль нь ийм юм. Бид хуулиа дагахаас өөр арга байхгүй гэсэн. Иргэдийн ярианы дөнгөж зах зухаас нь хүргэхэд ийм байна. Улмаар бид иргэдийн гомдлын дагуу “Монгол шуудан” ТӨХК-ийн Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрынханаас тодруулах гэхэд “Манайх ГЕГ-ын зөвшөөрөлгүй ямар ч ярилцлага, мэдээлэл өгөх боломжгүй” гээд халгаасангүй.  Тиймээс ГЕГ-ын Хууль эрх зүйн хэлтэст хандаж зөвшөөрөл авах гэсэн ч “Манайх албан бичгээр хүсэлт авдаг. Албан бичгийн хариуг ажлын гурав хоногийн дотор өгдөг” гэв. Ингээд ГЕГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираас дараах зүйлийг тодрууллаа.  Татварын ерөнхий газар Ч.Тамираа: Үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс бараанд нэг бүрчлэн шалгалт хийдэг  -Сүүлийн үед иргэдээс гаалийн байгууллагатай холбоотой гомдол ихээр ирэх боллоо. Үүнд ямар тайлбар өгөх вэ?  -Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь ГЕГ-ын харьяанд байдаг бие даасан байгууллага. Нийт гаалийн улсын 40 байцаагч ажилладаг. Тэд “Монгол шуудан”-д байрлах Улс хоорондын гаалийн илгээмжийн газарт, нисэхийн дэргэдэх гаалийн хяналтын бүсэд ажилладаг. Тэнд онгоцонд ирж байгаа шуудан илгээмжийг төвлөрүүлээд эздэд нь олгодог бол төв шуудан нь шуудангийн байгууллагаар дамжин ирж байгаа илгээмж, барааг эзэнд нь хүргэдэг юм.  Мөн гаалийн эрэлч нохой хуулиар хориглосон бараа, бүтээгдэхүүнийг илрүүлэх зорилготой байдаг. Зарим бараа бүтээгдэхүүнд шалгалт хийх рентеген аппаратыг ажиллуулдаг. Олон улсын хооронд худалдан борлуулах чингэлэг, авто тээврийн хэрэгслээс бусад шуудангийн үйлчилгээ болох илгээмж, боодол, захидал харилцаа гэсэн үйлчилгээг үзүүлдэг.  -Яагаад ийм хэт өндөр албан татвар авдаг вэ гэх гомдол их ирдэг юм байна?  -Иргэдээс гаалийн татвар хураамж нь хэт өндөр байна гэх гомдол их ирдэг. Гэхдээ гаалийн байгууллага үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд 1200 төгрөг хураан авдаг.  Энэ хураамж нь шууд улсын төсөвт төвлөрдөг гэхэд болно. Энэ нь гаалийн байгууллагын ганц хурааж авдаг хураамж юм. Үүнээс гадна импортоор орж ирж байгаа бараанд импортын албан татвар таван хувь, Нэмүү өртгийн албан татвар 10 хувийг ноогдуулдаг. Татварын хувь хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага нь УИХ болон Засгийн газар. Дээрх албан татварууд яг л хуулийнхаа хүрээнд явагддаг.  Иймээс гаалийн байгууллага УИХ, Засгийн газраас тогтоосон татварын хувь хэмжээгээр татвар ногдуулж авдаг юм. Үүнээс их болон бага хэмжээгээр татвар авах эрх зүйн үндэс байхгүй. Гаалийн байгууллага зөвхөн хууль хэрэгжүүлэх бүхий байгууллага учир хуульд заасан хэм хэмжээг л ногдуулдаг.  -Гаалийн албан татвар хэт өндөр байхаас гадна импортоор оруулж ирж байгаа бараанд нэг бүрчлэн шалгалт хийж байгаад дургүйцэх иргэд олон байна шүү дээ?  -Гаалийн байгууллага бараанд нэг бүрчлэн үзлэг хийх тохиолдол байдаг. Тухайлбал хар тамхи мансууруулах бодис нь нийгэмд шууд хор хохирол учруулдаг зүйл. Ер нь хууль бус бараанаас сэрэмжилж бараанд нэг бүрчлэн үзлэг хийдэг. Гэтэл хилээр нэвтрүүлж болохгүй бараа бүтээгдэхүүнийг зааж өгсөөр байтал зарим хувь хүн, аж ахуйн нэгж шуудан илгээмжийн ачаан дотроо мансууруулах төрлийн бодис оруулж ирэхийг завддаг.  Бид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж тухайн бараанд зайлшгүй үзлэг шалгалт хийх тохиолдол гардаг. Үүнийг ард иргэд ойлгох хэрэгтэй.  Энэ нь тухайн бараагаа хүлээн авах гэж байгаа иргэдэд хүндрэлтэй байдлаар ойлгогдож байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ цаана нь байгаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиг үүрэг байдаг учраас шалгалт хийх зайлшгүй шаардлагатай.  Үүнээс гадна иргэд ах дүү хамаатан садандаа бараа явуулахдаа хаана үйлдвэрлэж, юунд ашиглах нь тодорхойгүй эм, эмэн бүтээгдэхүүн явуулчихдаг. Гэтэл хуульдаа аливаа эмийг оруулж ирэхэд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл заавал байх ёстой. Тийм зүйл байхгүйгээс болж ачаа, бараа нь саатах тохиолдол байдаг.  -Тухайн барааг гадаадаас явуулсан хүн нь хамаг татвараа төлчихсөн байдаг. Гэтэл уг барааг эндээс авч байгаа иргэн дахин гаалийн албан татвар төлөх болдог. Энэ ямар учиртай юм бэ?  -Монгол Улсын хууль тогтоомж нутаг дэвсгэртээ л үйлчилнэ. Тэр үйлчлэлийн дагуу хураан авч байгаа аливаа татвар нь та бүхнийг хамгаалахад зарцуулагддаг. Гэтэл яагаад Монгол Улсын эрх бүхий байгууллагын хурааж авах ёстой татварыг гадны улс орон хурааж авах ёстой юм бэ. Ийм эрх зүйн зохицуулалт аль ч улс оронд байхгүй.  -Уучлаарай, таны сая хэлснийг ойлгосонгүй. Тэгэхээр анхнаасаа явуулах хүн нь ямар нэгэн мөнгө төлөх ёсгүй гэсэн үг үү? -Магадгүй хэн нэгэн хувь хүн, албан байгууллага таны барааг зуучилж явуулж байгаа бол монголын тал дээр төлөх татвараа энд надад төлчих гэх төөрөгдөл иргэдийн дунд байна.  Ийм төөрөгдөл, худал мэдээллийг Монгол Улсын гаалийн татвар болон бусад хууль тогтоомжтой хольж ойлгож болохгүй. Иргэдээс ихэвчлэн ийм гомдол гардаг. Хэрэв тийм бол энэ буруу ойлголт гэдгийг хэлэх зүйтэй байх. Бидний яриа ийн өндөрлөлөө. Тэрбээр үүнээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй, албан бичгээр хандах хэрэгтэй гэсэн юм. Үнэхээр иргэдийн гомдоллож байгаа шиг гаалийн байгууллага ямар ч асуулт тавьсан “Хууль, эрх зүй нь ийм, бид хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага” гэхээс өөр ямар ч зүйл хэлээгүй юм.  Иргэдийн илгээмжээс аманд орсон үнээ хэлж дур зоргоороо авирлан мөнгө нэмж авч байгаа нь төсвийн бүрдүүлэлт хийх ганц арга нь аж. Арга ч үгүй биз. Он дуусах дөхөөд байдаг. Төсөвт бүрдүүлэх 2.4 их наяд төгрөгийнхөө дөнгөж талыг нь л босгосон юм чинь.
Н.Номтойбаяр гишүүн хүн хутгалсан нь үнэн гэлээ
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уржигдар бие хамгаалагчаа хутгалсан гэх мэдээлэл гарсан. Харин өчигдөр Н.Номтойбаяр гишүүн “Ямар ч тийм зүйл болоогүй, харин над руу хүн хутга барьж дайрсан" гэх тайлбарыг өгч байсан юм. Тэгвэл өнөөдөр уг хэргийн хохирогч иргэн Б гэх 36 настай залуугийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас өглөө. Улмаар Н.Номтойбаяр гишүүнийг сэжигтнээр татан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон нийтийн газарт танхайрсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд тэрбээр байцаалт, мэдүүлэг өгч эхлээгүй байгаа аж. Түүний гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдох юм.
Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр 2013.09.27 Испани улсын Торремолинас хотноо 1979 оны есдүгээр сард  болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.  Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд 1980 оноос эхлэн жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Харин манай Улсын хувьд 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын элсэж, 2007 оноос уг  өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд  2012 онд “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч “ 2013 оныг “Аялал жуулчлал ба ус” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.  Энэ жилийн хувьд салбарын ССАЖЯ-наас “Явган аяллын маршрут тогтоох, зам дагуух  тохижилт ” сэдэвт сургалт-семинарыг  21  аймгийн аялал жуулчлалын мэргэжилтэн нарт “Гранд тур” аялал жуулчлалын улсын олимпиад  “Дотоодын аялал жуулчлалын хөгжлийн асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал  Танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн “Гранд тур” спорт явган аяллын тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.
"Монгол Улсыг геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болгож ашиглахгүй гэж амласан"
Ерөнхийлөгч өндөр түвшний уулзалтад үг хэллээ АНУ-ын Нью Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассабмлейн 68 дугаар чуулганд манай улсын Ерөнхийлөгч оролцож байгаа. Тэрбээр өчигдөр цөмийн зэвсгийг хураах асуудлаарх өндөр түвшний уулзалтад үг хэлсэн юм. Ингээд хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь хүргэж байна. Ноён дарга аа, Эрхэм Ерөнхий Нарийн бичгийн дарга аа, Эрхэмсэг ноёд оо, Хатагтай, ноёд оо,   Чухал ач холбогдолтой энэхүү хуралдаанд оролцож хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийлэх, дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд шийдвэртэй алхмыг хэрэгжүүлэх эрэлт шаардлагын талаар өөрийн санаа бодлыг тод бөгөөд хүчтэй илэрхийлэх завшаан тохиосныг  миний бие өндөр хүндэтгэл, нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн зоримог үзэл санааг талархан дэмждэг, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд, ялангуяа цөмийн зэвсэгтэй улс бүхэн амаргүй яриа хэлэлцээ хийж, нягт хамтран ажиллаж, харилцан ойлгож, шаргуу чармайж зүтгэсний хүчээр эл зорилгод хүрч болно хэмээн хатуу итгэдэг учир бид бүхэн өнөөдөр энд хуран цуглаад байна. Цөмийн зэвсгийг хураах үйл явц бол нэг бүрчлэн тун хянамгай хэлэлцэх учиртай олон хэсгээс бүрддэг боловч цаг хугацаа давчуу учир би дараах цөөн асуудлаар өөрийн бодлыг товчхон өгүүлье.   Нэг. Цөмийн зэвсгийг хориглох талаар Монгол Улс Ерөнхий нарийн бичгийн дарга Цөмийн зэвсгийг хориглох таван зүйлт санаачилга дэвшүүлснийг дэмжиж, цөмийн зэвсгийг хориглох нь хойшлуулалгүй анхаарах шаардлагатай асуудлуудын нэг мөн гэдэгтэй санал нэгдэж байна.Цөмийн зэвсгийн асуудлаар гэрээ хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх цаг мөч нэгэнт тулгарсан хэмээн итгэж байгаа учир уг баримт бичгийн эхний төслийг улс орнуудад хүргүүлээд байна.Нээлттэй ажлын хэсгийн уулзалтуудын үр дүнд хүмүүнлэгийн үүднээс цөмийн зэвсгийн хор уршгийг харгалзан энэ ажлыг нэн даруй хийж эхлэх шаардлагатай байна. 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ зарлан тунхагласан. Монгол Улсыг цөмийн зэвсэг хэрэглэн ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй, түүний статусыг хүндэтгэнэ, их гүрнүүдийн өрсөлдөөн, геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болгож ашиглахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэр итгэлцэл, тогтвортой байдлын талбар, бусдын эсрэг ашиглагдах ёсгүй гэж амалсан. Хоёр. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага Цөмийн туршилтыг бүрэн хориглох нь цөмийн зэвсгийг хориглох үйл ажиллагааг түргэсгэж түүнийг үл дэлгэрүүлэх хүчирхэг хэрэгсэл болно. Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү баримт бичиг нэн даруй хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийг хүлээж байна. Улс төрийн хүсэл зориг байвалхарьцангуй богино хугацаанд ахиц гаргах боломжтой учир соёрхон батлаагүй улс орнуудад ялангуяа хоёр дахь хавсралтад нэр нь орсон найман улсад хандан яаралтай соёрхон батлахыг уриалж байна.   Гурав. Зэвсэг хураах яриа хэлэлцээ ба кампанит ажиллагаа Зэвсэг хураах олон талт яриа хэлэлцээний цор ганц чуулган-Зэвсэг хураах бага хурал санаанд хүрэхгүй байгаа нь тун ч тоогүй.Үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд чиглэсэн зөвлөгөөн явагдаж байгаа ч Зэвсэг хураах бага хурал саатсан хэвээр байна. Олон улсын хамтын нийгэмлэг нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар ганц нэг улсын таалалд багтах ёсгүй. Тийм учраас Газрын минийг хориглох тухай 1997 оны конвенц болон Сум хэрэглэлийн тухай 2008 оны конвенцийг байгуулахад харагдсанчлан олон улсын практикт Зэвсэг хураах механизм гацсан тохиолдолд улс орнууд болон төрийн бус байгууллагуудын эвслийн салшгүй үүрэг роль харагддаг.Тийм учраас Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг дүгнэх бага хурал, Шинэ асуудлын эвсэл, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хийгээд хураах дэлхийн сүлжээнд хүлээсэн үүргээ цөмийн гүрнүүд тууштай баримтлахад нь цөмийн зэвсгийг хураах бодит хүчин чармайлтыг дэмжихэд  хөхиүлэн чиглэсэн бусад санал санаачилга, үнэ цэнэтэй бусад эвслийг онцлон дурдахыг хүсэж байна.   Цөмийн гүрнүүдийг хөхиүлэн дэмжих тухай дунд зиндааны улсуудын санаачилга, Дэлхийн хэмжээнд тэглэх кампанит ажиллагаа,Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампани, бусад олон   санал санаачилга бий.   Цөмийн зэвсэггүй бүсүүдэд оролцогч улсууд болон Монголын бага хурал 116 улсын бүлгийн дуу хоолойг өргөж түүнийг нэн чухал оролцогч болгох шинэ үзэгдэл юм. Цөмийн зэвсэггүй бүсүүдийн хөдөлгөөнд оролцогчийн хувьд Монгол Улс 2009 онд холбоо баригчдын анхны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, уг бүсүүдийн 2015 онд болох гурав дахь бага хурлын бэлтгэл хуралдааныг 2012 онд Вена хотноо даргалсан юм. Энэ онд Мексикийн хамтаар Женевийн бэлтгэл хуралдааныг хамтран даргалсан билээ.   Дөрөв. Цөмийн зэвсэггүй бүсүүд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураахад цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь бүс нутгийн хэмжээнд үр дүнтэй арга хэмжээ юм. Өнөөдрийн байдлаар Антарктид болон сансар, далайн ёроолд тэрчлэн Латин Америк, Кариб, Номхон далайн өмнөд хэсэг, Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Монгол зэрэг хүн ам суурьшсан есөн бүс байгаагийн дотор Монгол улс бол 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг бүхий нэг улс юм. Цөмийн зэвсэггүйбүсүүдийн   чухал бөгөөд дэлхийн хэмжээний хүчин чармайлтад түрлэг нэмэх үр дүнтэй бүс нутгийн арга хэмжээ мөн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Одоогийн бүсүүдийг бэхжүүлэхийн хамт, Ойрхи Дорнод, ЗХА-д шинэ бүсүүд байгуулахыг хөхиүлэн дэмжих шаардлагатай. Сүүлчийнхэд нь зөрчил маргаан удаан үргэлжилж байгаа.   Дурдсан бүсүүдийг байгуулснаар ихээхэн туршлага хуримтлагдсан шинэ бүсийг байгуулахад тус дөхөм үзүүлэх болно. Цөмийн зэвсэггүй бүс анх бий болсноос хойш 38 жил өнгөрч, түүнийг байгуулахын ач холбогдол нэгэнт мэдэгдсэн учир Монгол Улс Цөмийн зэвсэггүй бүс /ЦЗБ/-үүдийн бүх талыг хамарсан хоёр дахь иж бүрэн судалгаа явуулахы НҮБ-д уриалж байна. Латин Америк, Карибын бүс нутагт анхны бүс байгуулагдсаны 40 жилийг олон улсын хамтын нийгэмлэг ёслон тэмдлэглэхийн өмнө энэхүү судалгааг хийвэл зохино.   Тав. Монгол Улсын ЦЗБ дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсийн тусын тулд цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн дангаараа зарласан бөгөөд энэ статусыг механизм болгохоор шаргуу чармайн ажиллаж байна. Тус улс 2000 онд үндэсний хууль тогтоомжоо баталж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээтэй  дэмжлэг, өөрийн тууштай бөгөөд уян хатан бодлогын үр дүнд Монголын энэ статус баталгаажсан. 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ зарлан тунхагласан. Монгол Улсыг цөмийн зэвсэг хэрэглэн ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй, түүний статусыг хүндэтгэнэ, их гүрнүүдийн өрсөлдөөн, геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болгож ашиглахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэр итгэлцэл, тогтвортой байдлын талбар, бусдын эсрэг ашиглагдах ёсгүй гэж амалсан. Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад жижиг улс ч өөрийн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж зоригжуулсан.   Зургаа. ЗХА. Аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах туршлагатай улсын хувьд Монгол Улс тус бүс нутагт Цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар Зүүн Хойд Азийн улсуудтай албан бусаар ажиллах боломжтой. Амаргүй боловч эр зориг, улс төрийн эрмэлзэл шаардсан энэ нь зорилт тууштай байдлын үндсэн дээр нэн даруй биш боловч хэрэгжих боломжтой гэдгийг бид мэднэ. Итгэлцлийг бэхжүүлэх алхам хийх шаардлагатай. Энэ зорилгын үндсэн дээр бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхийн тулд миний бие өнгөрөгч гуравдугаар сард ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилга дэвшүүлж тус бүсийн улсуудыг илэн далангүй яриа хэлэлцээнд урьсан.   Ноён дарга аа, Цөмийн зэвсгийг хураахын тулд хүч чармайлтаа дайчлан ажиллах бөгөөд өнөөдрийн эрч хүч бидний хүчин чармайлтыг улам нэмэгдүүлэх болно.   Анхаарал тавьсанд баярлалаа
Таван хуулийг ээлжит бус чуулганаар баталж чадсангүй
УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө Энэ сарын 16-наас эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган дөнгөж сая өндөрлөлөө. Хоёр долоо хоног үргэлжилсэн уг хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиудыг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт хэлэлцсэн юм. Харин өнөөдрийн хаалтын хуралдаанд хэлэлцэх асуудал байсангүй. Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж үг хэллээ Эрхэм гишүүд ээ,    Улсын Их Хурлын даргын 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 156 тоот захирамжийн дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулган энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдаж өнөөдөр өндөрлөж байна.     Энэхүү чуулганаар Засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиудыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт хэлэлцлээ.     Бид Хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт үүссэн нөхцөл байдлыг эрх зүйн хувьд засч залруулах зорилгоор дээрх хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр оруулсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас ээлжит бус чуулганы хугацаанд баталж амжсангүй. Энэ нь:    Хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт үүссэн нөхцөл байдлыг эрх зүйн хувьд засч залруулах зорилгоор дээрх хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр оруулсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас ээлжит бус чуулганы хугацаанд баталж амжсангүй. Цаг хугацаа давчуу, хуультай холбогдсон нэмэлт мэдээлэл шаардлагатай, МАН-ын бүлэг завсарлага авсан зэрэг шалтгаанаас хуулиудаа баталж амжсангүй гэв. Нэгдүгээрт, “Хөрөнгө оруулалтын тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулийг Улсын Их Хурлын гишүүдийн 170 гаруй ажил хэрэгч санал дүгнэлтийг тусгаж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн хэдий ч нэмэлтээр орсон саналуудыг нэгтгэж төсөлд тусгаж батлахад цаг хугацааны хувьд боломжгүй болсон, Хоёрдугаарт, Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуультай холбогдсон нэмэлт мэдээлэл цуглуулах, санал авах шаардлагатай учир намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хүсэлт тавьсан, Гуравдугаарт, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой уялдуулах нь зүйтэй гэж үзэж МАН-ын бүлэг завсарлага авсан зэрэг шалтгаанаас боллоо. Энэ удаагийн ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар холбогдох яамдын мэдээлэл, Улсын Их Хурлаас томилсон Ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаан дээр сонсож, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан шалтгааныг хэлэлцэн, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болж чадлаа. Ажлын хэсэгт орж ажилласан болон олон зуун санал гаргаж Засгийн газрын өргөн барьсан хуулиудыг сайжруулсан гишүүддээ баярлалаа. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан ч энэ жил 11 хувьтай байхаар байна. Ийм нөхцөлд эдийн засгийг хямарсан гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд харин үүссэн зарим хүндрэл бэрхшээлийг арилгахад дээрх хуулиуд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүлж байна. Иймээс холбогдох Байнгын хороо, ажлын хэсэг бэлтгэл ажлыг шуурхай хангаж дээрх хуулиудыг яаралтай батлуулах хэрэгтэй.     Ээлжит бус чуулганы үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хэлэлцүүлгийн явцад идэвхитэй, санаачлагатай ажилласан эрхэм гишүүддээ баярлалаа.   УИХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн ээлжит бус чуулганы ажиллагааг хаасныг мэдэгдье.
“Тэнгис”-ийн өмнөх барилгын хэргийн шүүх хурал боллоо
“Тэнгис”-ийн өмнөх барилга Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах «Тэнгис» кино театрын урд талд баригдаж буй барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 18-ны өдөр гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж хохирогчийн ар гэрээс гомдол мэдүүлсний үндсэн дээр шүүх хурал өнөөдөр болж өнгөрлөө. Шүүх хурлаар тус хэрэгт холбогдуулан барилгын гүйцэтгэгч компанийн захирал Д.Батгэрэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль, Н.Цогтгэрэлд хоёр жилийн тэнсэн харгалзах ялыг тус тус оногдуулав.
Шатарчид залуучуудын ДАШТ-д оролцлоо
Турк улсын Коциали хотноо Залуучуудын Дэлхийн АШТ энэ сарын 13-26-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин, ОУШХ-ны мастер Уртнасангийн Насанжаргал, “Хан Алтай” клубын тамирчин, ОУШХ-ны дэд мастер Эрдэнийн Баасансүрэн, эмэгтэйчүүдийн ангилалд Сэлэнгэ аймаг, “Зууны шатар” клубын тамирчин ОУ-ын мастер Алтан-Өлзийн Энхтуул, ТЕГ-ын “Эрч” спорт хороо, Өмнөговь аймгийн тамирчин ОУШХ-ны мастер Баярын Ану нар өрсөлдсөн юм. ФИДЕ буюу ОУШХ 1951 оноос энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд энэ жилийнх эрэгтэйчүүдийн 52 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх тэмцээн байлаа. Тэмцээн швейцарь системээр 13 өрөг тоглож дүнгээ гаргалаа. Эрэгтэйчүүдийн ангилалд 116 шатарчин өрсөлдөж БНХАУ-ын Их мастер Ю Янгуй 11 оноогоор түрүүлж анх удаагаа Залуучуудын Дэлхийн аварга болсон бол өнгөрсөн жилийнх аварга Туркийн Их мастер Александр Ипатов 10,5 оноо, Энэтхэгийн Их мастер Гужрати Видит Сантош 9,5 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Уг ангилалд өрсөлдсөн манай ФМ У.Насанжаргал найман оноогоор 19 дүгээр байр эзэлж Олон улсын мастер анхны баллаа биелүүлсэн бол, сурагчдын Дэлхийн аварга, арван настай ФДМ Э.Баасансүрэн таван оноогоор 98 дугаар байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн ангилалд 77 шатарчин өрсөлдөж ОХУ-ын Их мастер 15 настай Александра Горячкина 10,5 оноогоор мөн анх удаагаа түрүүллээ. Тэрээр өмнө Өсвөрийн Дэлхийн АШТ-нд гурван удаа түрүүлж байсан бөгөөд өнгөрөгч онд 14 настайдаа 17-18 насны ангилалд түрүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Казахстаны Олон улсын мастер 13 настай Абдумалик Жансая 9,5 оноогоор, ОХУ-ын Их мастер Алина Кашлинская есөн оноогоор хүртлээ. Саяхан Их мастер цолны хоёр дахь нормоо биелүүлсэн А.Энхтуул найман оноогоор 15 дугаар байрт, сонирхогчдын Дэлхийн аварга, ФМЭ Б.Ану 5,5 оноогоор 55 дугаар байрт шалгарлаа.
Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалт ирэх хавраас эхлэх боломжтой гэнэ
Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалт ирэх хавраас эхлэх боломжтой гэнэ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар заасан юм. Энэ баримт бичгийг УИХ-аас баталсан.  Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Бямба гарагт Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд хийгдэж буй ажилтай танилцаж иргэдтэй санал солилцлоо. Мөн  Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотыг  нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлж, улмаар хөгжил дагуулсан бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж тусгасан байдаг.  Хотын ерөнхий төлөвлөгөө болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу эхний ээлжинд Баянхошуу болон Сэлбэ орчмыг хотын дэд төв байхаар төлөвлөж, Азийн хөгжлийн банктай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр талууд өнгөрсөн онд хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм. Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороо буюу Баянхошуу орчмын 162 га талбай  бүхий газрыг дахин төлөвлөж хөгжүүлж  Улаанбаатар хотын  200 мянган хүн ам оршин суух бололцоо бүхий дэд төв байхаар Азийн хөгжлийн банкны “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-д тусгасан байна. Энэхүү ажлыг НҮБ-ын хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр болох  “ХАБИТАТ” төслөөс  өөрсдийн чиг үүргийн дагуу дэмжин ажиллаж байгаа бөгөөд тухайн хэсгийн иргэдтэй  хэд хэдэн удаагийн уулзалт хийн иргэдийн оролцоотойгоор дэд төвийн ерөнхий зураглалыг гаргасан байна. Баянхошууны иргэд гудамж, хороо, хэсгээрээ нэгдэн 15-30 хүний бүрэлдэхүүнтэй 108 бүлэг байгуулж дэд төв болгон хөгжүүлэхэд хэрхэн оролцох, газраа ямар хэлбэрээр чөлөөлж, инженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг хувиарлан төлөвлөлтөө хэлэлцсэн байна. Иргэд энэхүү төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байснаас гадна 35 хувь нь энэхүү бүтээн байгуулалтад өөрсийн хүч хөдөлмөрөө зориулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин Сэлбэ дэд төв буюу Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нийт 156 га талбайг Улаанбаатар хотын хоёр дахь дэд төв болгон хөгжүүлэх юм. НҮБ-ын ХАБИТАТ төслийн зохицуулагч Ш.Энхцэцэгийн танилцуулснаар энэ хэсэгт нийтдээ 2000 гаруй хүнийг хамруулсан 53 бүлгийг үүсгэн иргэдийн оролцоотойгоор Улаанбаатар хотын хоёр дахь дэд төвийг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцон, зураглал хийсэн байна. Улаанбаатар хотын хоёр дахь дэд төвийг Сэлбэ дэд төв гэж нэрлэх шийдвэрийг тухайн хэсгийн иргэд өөрсдөө гаргажээ.  Улаанбаатар хотын гэр хорооллын хойд хэсэг болох Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг дахин төлөвлөж хөгжүүлэн 200 мянган хүн амыг хамарсан үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой хотын дэд төв болгоход 10 жилийн хугацаа шаардлагатай байгааг Азийн хөгжлийн банкны  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-өөс үзэж байна. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга, энэ ажилд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын санхүүжилт олгохоор талууд тохиролцсон. Хэрвээ санхүүжилтийн гэрээг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэн баталбал ирэх хавраас ажлаа эхлүүлэх боломжтойг хэллээ.
ГССҮТ-ийн даргыг өөрчлөхөөр боллоо
Гэмтэл согог, судлалын үндэсний төв Эрүүл мэндийн сайд Н.Удвалын захирамжаар Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсон билээ. Энэхүү шийдвэрийг тус эмнэлгийн эмч нар эсэргүүцэж төлөвлөгөөт хагалгаагаа хойшлуулан өнгөрсөн долоо хоногт ажил хаялт зарлаж дуулиан дэгдээгээд байсан.  Харин эл асуудлаар салбарын сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл оролцсон гурван талт уулзалт бямба гарагт болж, эмнэлгийн даргын дахин сонгон шалгаруулалт явуулахаар болсон байна.  Ингээд суулт зарлаад байсан эмч, эмнэлгийн ажилтнууд ажлаа хэвийн явуулж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт ГССҮТ-ийн эмч, ажилтнууд ажил хаялт зарлав
Ерөнхий сайдын тэвчээр алдарчээ
Олон нийтийн сүлжээ дэх жинхэнэ нэр нь үл мэдэгдэх нэгэн “од” бий. Тэр бол Танхай эмээ. Түүний бичсэн үг, үсэг, зураг хөрөг бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай. Танхай эмээ гэгчийн ард чухам ямар хүн байгаа бол гэдэг хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Тэрбээр өчигдөр өөрийн ээлжит шүүмжлэл бүхий хошин зургаараа Засгийн газрыг онилжээ. Харин түүний энэхүү зураг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэвчээрийг баржээ. Ямарсайндаа л Ерөнхий сайд өөрийн албан ёсны твиттерийн хаягаар “Шүүмжилж болно, доромжлол, гүтгэлгийг цаашид тэвчихгүй юм байна” гэж бичихэд хүргэжээ.  Түүнийг бухимдуулах болсон зураг нь Ерөнхий сайд, түүний танхимын хоёр сайд болох Д.Ганхуяг, Н.Батбаяр нарын тухай өгүүлжээ. https://twitter.com/Tanhai_Emee 2013.9.29 Харин Ерөнхий сайд түүнд хариу өгөхдөө: https://twitter.com/altankhuyag_mn 2013.9.29 Ерөнхий сайдаас ийм хариу авсан Танхай эмээ ч бууж өгсөнгүй. Дараах зургийг оруулж санаа нь амарчээ. https://twitter.com/altankhuyag_mn 2013.9.29 Ер нь аль ч нийгэмд хэвлэл мэдээлэл болоод, жирийн иргэд нь төр засгаа өөр өөрийн өнцгөөс янз бүрээр шүүмжилдэг. Энэ бол ардчилсан гэх нийгэмд энгийн үзэгдэл. Мэдээж гүтгэлэг бол өөр зүйл. Ерөнхий сайд маань иймхэн зүйлд уурлаж байгааг харахад ойрдоо их л бухимдуу байгаа бололтой. Түүнийг Танхай эмээ л ингэж бухимдуулж байна уу. Эсвэл өөр шалтгаан байна уу.
Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын айлчлал эхэллээ
Ноён Кан Чан Хийг УИХ-ын гишүүн М.Батчимэг болон бусад албаны хүмүүс угтлаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён  Кан Чан Хий манай улсад албан ёсны айлчлал эхэллээ. Ноён Кан Чан Хийг өчигдөр орой “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардсан байна. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 10.00 цагаас ноён Кан Чан Хийг  Чингис хааны талбайд угтан авч, Их эзэн хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн хүндэт зочин Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслолын дараа хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны уулзалт хийх юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочинд бараалхана.
Хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх төслийн явцын талаар мэдээлэл сонслоо
УИХ - ын ээлжит чуулган Засгийн газрын бямба гарагийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь 2014 оны Төсвийн төслийн тухай байлаа. Төсвийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий цогцолбор байгуулах төслийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллсан байна. Төслийн хүрээнд шинэчлэгдсэн БЗК-75 зуухны үнс, шороо зайлуулах хэсгийн техник, технологийн өөрчлөлтийн ажлын үргэлжлүүлэх хугацааг нэг сараар сунгаж, явцын талаарх үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Уул уурхай болон Эрчим хүчний сайд нарт даалгажээ.
Хенри Фордын хэлсэн үгс
Хенри Форд Дэлхийд алдартай АНУ-ын Форд Мотор компанийг үндэслэгч бөгөөд анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн бол Хенри Форд юм. Түүний үйлдвэрлэсэн Форд Т загвар нь Америкийн нийгэм, аж үйлдвэрлэлийн салбарт хувьсгал хийсэн. Тэрээр цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд АНУ-ын патентын албанаас 161 патентийг өөрийнхөө нэр дээр авч байжээ. Форд мотор компанийн эзэн гэдгийнхээ хувьд тэрээр дэлхийн хамгийн баян, алдартай хүмүүсийн нэг байв. Ингээд түүний хэлсэн үгсийг сонирхуулъя. Бизнесийн ямар ч салбарыг удирддаг хүн болгоны баримтлах дүрэм:  хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар, хамгийн өндөр цалин хөлстэйгээр үйлдвэрлэх Уулзах нь эхлэл, хамт байх нь ахиц дэвшил, хамтарч ажиллаж эхлэх нь амжилт Буруутныг битгий хай, гарах гарцыг хай Алдаа бол бүхнийг шинээр, илүү ухаалгаар эхлэх боломж Чи чадна гэж бодсон ч, чадахгүй гэж бодсон ч чиний л зөв Хүн 20-той ч бай, 80-тай ч бай суралцахаа зогсоовол хөгшинд тооцогдоно. Байнга суралцах нь хүнийг залуу хэвээр байлгадаг. Цорын ганц алдаа бол ямар нэг зүйлээс юуг ч ухааралгүй хоцрох Хэрвээ би машин бүтээхээсээ өмнө хүмүүсээс ямар унаа хүсч буйг нь асуусан бол тэд “хурдан морь” гэх байсан байх. Гүйцэтгэлгүй алсын хараа бол хий үзэгдэл төдий Юуг ч бүтээхгүйгээр мөнгө олдог бизнес хамгийн муу бизнес Та манлайлагч байхын тулд албан тушаалаас зүүгдэх шаардлагагүй Ямар нэг зүйлийг хэний ч олж хараагүй зөв аргаар хийхийг чанар гэдэг Хорвоогийн чамд өгснөөс илүүг чи хорвоод бүтээж өгөхийг амжилт гэдэг юм.
Google компанийн 15 жилийн түүхийг тоогоор илэрхийлбэл
Мэдээллийн технологийн хамгийн том компаниудын нэг Google 15 нас хүрлээ. Ларри Пэйж, Сергей Брин нарын байгуулсан компани энэ богино хугацаанд хэрхэн ѳсч ѳндийснийг тоо баримтаас харцгаая. 1.    1998 онд анх нээгдэхдээ 26 сая веб хуудсыг индекслэж байсан бол одоо 60 их наяд хуудас индекслэдэг. 2.    Анх нээгдэхдээ ѳдѳрт 10,000 хайлтад хариулдаг байсан бол ѳнѳѳдѳр сард 100 тэрбум илүү хайлт хүлээж авдаг болжээ. 3.    Анхны ажилтнаа 1998 онд авч байсан Google 2004 онд IPO хийхийнхээ ѳмнѳхѳн 1907 ажилтантай байжээ. Тэгвэл одоо 44,777 ажилтантай. 4.    Google хамгийн анх 2001 онд Deja.Com Usenet үйлчилгээг худалдаж авч ѳѳртѳѳ нэгтгэж байжээ. Өнѳѳдѳр тэдний худалдаж авсан компаний тоо 100-г давжээ. 5.    2004 онд IPO хийж байхад нь нэгж хувьцааны үнэ нь 85 ам.доллар байжээ. Тэгвэл одоо 874 ам.доллар болж 10 дахин ѳссѳн байна. 6.    Google компаний зах зээлийн үнэлгээ IPO хийх үед 23 тэрбум ам.доллар байсан бол одоо 290 тэрбум ам.долларыг давжээ. 7.    Мѳн 2003 онд IPO хийхийн ѳмнѳх жил 962 сая ам.долларын орлоготой байжээ. Харин 2012 оны орлого нь 50 тэрбум ам.долларт хүрчээ. 8.    1998 онд Пэйж, Брин нар Google-ын банкны дансыг нээхэд Sun Microsystems-ээс оруулсан 100,000 ам.доллартай байжээ. Одоо тэд тус бүр 23 тэрбум ам.долларын хѳрѳнгѳтэй болжээ. 9.    Google 2005 онд Android-ыг худалдаж авсан. Тэгвэл одоо дэлхий даяар нэг тэрбум Android тѳхѳѳрѳмж бүртгэгдэж, 50 тэрбум апп татагджээ. 10.    Google 2007 онд анх удаа MAP үйлчилгээндээ Street View боломжийг нэвтрүүлсэн. Тэгвэл ѳнѳѳдѳр 52 улсын 3000-аад хотын зургаан сая мил гудамж үүнд бүртгэгджээ. 11.    Хоёрхон жилийн ѳмнѳ Google+ нийгмийн сүлжээ нээгдэж байсан бол ѳнѳѳдѳр 500 сая орчим гишүүнтэй, үүнээс 135 сая нь идэвхтэй хэрэглэгч гэнэ. 12.    2008 онд Chrome веб хѳтѳч зах зээлд гаргасан бол дөрвөн жилийн дараа Microsoft-ын Internet Explorer-ыг гүйцэж 750 сая хэрэглэгчтэй номер нэг хѳтѳч болжээ. 13.     2011 онд Google дэлхийн нийт мобайл сурталчилгааны зах зээлийн 38 хувийг эзэлж байсан. Энэ жил энэ тоо 53 хувьд хүрч тоон дүнгээр 8.8 тэрбум ам.доллар болохоор байна. 14.    2006 онд Google компани YouTube-ыг худалдаж авах үед 20 сая хэрэглэгч сар бүр зочилдог байсан байна. Тэгвэл одоо 1 тэрбум илүү хэрэглэгч сар бүр зочилж, үзсэн видеоных нь урт нийтдээ зургаан тэрбум цаг болжээ. Google анх энэ гаражд мэндэлж байв Үүсгэн байгуулагч Larry Page, Sergey Brin нар
Танд хэр их хугацаа үлдсэн бэ?
www.mandal.mn
О.Ууганбаатар, Э.Энхбат нар хүрэл медаль хүртлээ
ОУХМ О.Ууганбаатар Казахстаны Алмата хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнээс манай бөхчүүд гурван хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний эхний өдөр 73 кг-ын жинд зодоглосон МУГТ Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн бол бусад бөхчүүд тийм ч сайн байгаагүй.  Ерөөс энэ тэмцээнд манай шилдэг бөхчүүд оролцоогүй, залуустаа боломж олгосон юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр 70 кг, -78 кг, +78 кг, эрэгтэй 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг жингийн барилдаан болж, Монголын жүдочдоос хоёр хүрэл медаль хүртлээ. 81 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ О.Ууганбаатар А хэсгийг толгойлж барилдсан бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тажикстаны бөх Сайджалол Сайдовыг ялж хэсгээ тэргүүлсэн. Улмаар зооны аваргын төлөө Оросын Хасан Халмурзаевт ялагдаж, аваргын төлөө барилдах боломжоо алдсан юм.  ОУХМ Э. Энхбат Гэвч манай бөх хүрэл медалийн төлөөх барилдаанд урамтай сайхан барилдаж, Казахстаны бөх Бекзан Абдулиевыг хожиж, медалийн тавцанд зогслоо.  Мөн энэ өдөр -100 кг-ын жинд Э.Энхбат зодоглосон. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хэсгийн аваргын төлөө Беларусын бөх Алан Хухаюуг ялсанаар мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болсон.  Гэвч зооны аваргын төлөөх барилдаанд Казахстаны Максим Раковыг барилгүй ялагдаж, хүрэл медалын төлөө зүтгэхээс өөр сонголтгүй болсон. Гэхдээ тэрбээр медалиас мултрахгүйн төлөөх хариуцлагатай барилдаанд эзэн орны өөр нэг бөх Талгат Амреновыг буулгаж авсанаар хүрэл дээр уналаа. Ийн манай бөхчүүд Казахстанаас гурван хүрэл медаль хүртэв.
Энхтайваны гүүрний урд хэсгийг засахад 210 саяыг зарцуулна
Энхтайваны гүүр Энхтайваны гүүрний урд хэсэгт үүссэн механик эвдрэлийг энэ оны зам засварын ажлын төлөвлөгөөний дагуу ирэх долоо хоногоос засч эхлэх нь.  Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Б.Энхмандахаас тодруулахад  “Өнгөрсөн жилийн 11 сард тус гүүрний урд хэсэгт механик эвдрэл үүсч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварлах боломжгүй байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, энэ оны замын засварын ажлын төлөвлөгөөнд оруулсан юм. Төлөвлөгөөний дагуу тендер зарлаж “Экспресс зам” ХХК ялснаар Энхтайваны гүүрний урд хэсгийн эвдрэлийг тус компани ирэх долоо хоногт засч эхэлнэ. Засварын ажилд 210 сая төгрөг төсөвлөгдсөн. Одоогоор өнгөрсөн жилийн эвдрэлээс нэмж эвдэрсэн, цуурсан зүйл байхгүй” гэлээ.  Харин гүүрний засвар, шинэчлэлийн ажилд нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажиллах гэнэ.
Бангкок хот руу сурагч солилцохоор боллоо
Тайландын нийслэл Бангкок хот Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод айлчлан ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Манай хотод тавтай морилно уу. Өнгөрсөн жил бид Бангкок хотод албан ёсны айлчлал хийхдээ хоёр хотын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай олон ажлыг хэрэгжүүлэхээр санал солилцсон. Тухайлбал Бангкок хоттой сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, уламжлалт эм эмчилгээг дэмжих, эмч сувилагчдыг солилцох. Эдгээр ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэллээ. Харин Ноён Пипат Лаппратана “Улаанбаатар хотод айлчлан ирсэндээ таатай байна. Биднийг таатай хүлээн авсан та бүхэнд талархал илэрхийлье. Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Ирэх онд эрүүл мэнд, боловсролын салбарт туршлага солилцох солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлье” гэв. Ингээд Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд удахгүй сурагч, эмч солилцоогоор Бангкок хот руу сурагч, эмч нарыг явуулахаар харилцан тохиролцжээ.
“Саппоро”-гийн биеэ үнэлэгчид болон архичдыг баривчилжээ
Сонгинохайрхан дүүр­гийн цагдаагийн хэлтэс Нийс­лэлийн цагдаатай хамтарч “Сап­поро” хавийн биеэ үнэ­лэгч, архичдыг албадан баривчлах арга хэмжээ явуул­жээ. Шалгалтаар 24 биеэ үнэ­лэгч болон тэр хавиарх архичдыг түр хугацаагаар саатуулжээ. Тухайлбал биеэ үнэ­лэгчдийн хувьд 16-38 насны эмэгтэйчүүд бө­гөөд тэдний дунд гурван хүүхэд­тэй 37 настай эмэгтэй болон 17 нас­тай хүү байсан байна. Дээрх иргэдэд хуулийн дагуу за­хиргааны хариуцлага ног­дуулж албадан ажил хийл­гэхээр болжээ.
А.Мурат: УИХ-ын гишүүн Р.Амаржаргал манай жигүүрийг дэмжинэ гэсэн
УИХ-ын гишүүн асан, АН дахь жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн А.Мурат УИХ-ын гишүүн асан, АН дахь жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн А.Мураттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -АН-д хэд, хэдэн фракц бий. Гэтэл та бүхэн яагаад жигүүр байгуулахаар болов гэдгээс ярилцлагаа эхэлье? -Намын жирийн гишүүд хэдэн хүнийг даргын албан тушаалтай болгоно гэж сонгоогүй гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй. Доод шатнаасаа эхлээд байна. Намын нэрээр гарч ирсэн нэг сумын Засаг дарга, удирдах албан тушаалтан нь нөгөө мөрийн хөтөлбөрөө сейфинд хийгээд мартчихсан. Энэ асуудлын талаар манай жигүүр байгуулагдсанаас хойш гишүүд үргэлж хэлж сануулж байна.  АН-д хэд, хэдэн фракц байгааг хүн бүхэн мэднэ. Гэтэл тэр фракцас хүн гарч, орж болохгүй, хар түгжээ зүүчихсэн. Цөөн хүрээнд асуудлын шийддэг болоод удаж байна. 1996-2000 оны алдааг битгий давтаарай гэдгийг намын жирийн гишүүд хэлж байгаа ч тэд нөгөө фракц, даргын үгнээс гарч чадахгүй байдаг нь хэвээрээ.  Тиймээс манай жигүүрийн хамгийн гол асуудал нь үлдсэн гурван жилд ард түмэндээ хандсан ажил хийж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим барьж ажиллана. Гэрээ засаад төрөө зас гэдэг шиг бид өнөөдөр намаа засаад төрөө засах чиглэл рүү явна. -Тэгэхээр АН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй, унтаа байдалд орсон гэж хэлэх гээд байна уу? -Хуулиараа аливаа улс төрийн хүчин дүрэмтэй байж, түүнийгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлж үйл ажиллагаа явуулах эрх авдаг. Тэгэхээр бид хуулиа мөрдүүлье. Өөрөөр хэлбэл, АН дээд шүүхэд бүртгүүлчихээд өөрийн дүрмээ сахихгүй бол өөрөө хууль бус үйл ажиллагаа явуулсантай агаар нэг болж байгаа юм. Дүрэм яагаад хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хувь хүний эрх ашгийн зөрчлөөс болж байна. Яагаад гэхээр хэдхэн хүний хайрцагны бодлогоор асуудлаа шийдвэрлэдэг.  Өнөөдөр Үндэсний зөвлөлдөх хороо гэж гишүүдээсээ тасарчихсан байгууллага байдаг. Тэр нь хэдэн дарга нарын хайрцаганд орж, цаашлаад намын бүх шатны сонгуульд оролцсон жирийн гишүүд төр засгийн үйл ажиллагаанд үгээ хүргэх, санаа бодлоо хэлэх зүйл алга боллоо. МАН-ын гол алдаа нь энэ байсан. Нэг үгээр хэлбэл, хэдэн дарга нар асуудлыг шийдэж, бусад гишүүд нь хаягдсанаас болж МАН өнөөдөр намаа шинэчлэх зүйл ярьж байна. Харин бидний хувьд АН, МАН-ын араас битгий ороосой гэж үзэж, жигүүрийнхээ гол зорилгын нэг болгож байгаа. Монголын ард түмнийг сонголтгүй байлгаж болохгүй. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг тодорхойлж буй энэ хоёр нам нэг нэгнээсээ ялгарахгүй, дээрдэж байгаа юм алга гэдгээс урьдчилан сэргийлж, АН орчин үеийн шинэ, жинхэнэ ардчилсан үзэлтэй байлгахын төлөө бид тэмцэнэ. -АН дахь олон фракцуудаас энэ жигүүр юугаараа ялгарах юм бэ? -Манай жигүүрт бүх фракцйн төлөөлөл бий. Ямар ч гишүүн энэ жигүүрт нэгдэх, оролцох боломжтой. фракц гэхээр хуучин, хайрцлагдмал хэлбэл рүүгээ орох гээд байгаа болохоор жигүүр байгуулсан. Манай жигүүр дарга нарын хайрцгаас жирийн гишүүдээ гаргаж, намыг амьд байлгах, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж ажиллана. Өнөөдөр манай намын аппарат хэвлэл мэдээллийн тойм хийхээс өөр зүйл хийхгүй, намын мөрийн хөтөлбөрөө мартчихсан сууж байна. Гэтэл энэ дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө зүйл заалт бүрээр нь ягштал биелүүлэх хэрэгтэй. -Энэ жигүүрт УИХ-ын гишүүдээс байгаа юу. Хэчнээн хүн байна вэ? -УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ирж, бидэнтэй уулзаж, санал солилцож, дэмжихээ илэрхийлсэн. Үүнээс гадна Ж.Батзандан гишүүнтэй бид уулзсан. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд дотор маш шударга хүмүүс бий. Харин фракцйн хайрцагнаас айгаад байдаг юм болов уу гэх бодол төрсөн. Тийм учраас бид улс орон даяар бүх намын гишүүдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Одоогоор манай жигүүрийн зохицуулах зөвлөлд 15 хүн байна. Биднийг АН доторхи сөрөг хүчин гэж хэлж байгаа нэг хэсэг байгаа. Гэтэл бид тийм хүмүүс биш. Харин намын гишүүний хувьд энэ намыг зөв замаар явуулах гэсэн олон мянган гишүүний нэг. Өөрөөр хэлбэл, намаа дүрэмтэй болгосноор ирэх сонгуульд оролцох нүүртэй болно гэсэн үг. -Та бүхнийг жигүүр байгуулж, албан тушаал горилж байгаа гэж ярих юм? -Биднийг янз бүрээр ярьж байна. Албан тушаал горилогсод гэх мэтээр хэлж байгаа. Тэгвэл энд нэг зүйлийг хэлмээр байна. Уучлаарай энэ хорвоод дарга гэдэг ажлаас өөр хийх ажил их бий. Эмч, багш, цагдаа гэх мэт. Тийм болохоор үүнийг зүгээр нэг явуургүй, мушгин гуйвуулах үйл ажиллагаа л гэж бодож байна. Энд албан тушаалын зүйл огт яригдахгүй. Харин намын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайжруулах, цус сэлбэлт хийх, дүрмээ мөрдөх тийм л зүйлийг хийхээр жигүүр байгуулсан. -Шинэчлэлийн Засгийн газар олон ажлыг эхлүүлж, хийж байна шүү дээ. Тэр бүхэнд ямар дүн тавив? -Энэ Засгийн газар олон зүйл хийхээр эрмэлзэж байна. Ер нь 10 хүн хамт сууж байгаад шийдвэр гаргах, нэг хүний шийдвэр гарах өөр шүү дээ. Тэгэхээр олон зүйл дээр алдаа байгааг хэлэх гэсэн санаа. Гишүүдийн оролцоо, намын масс, иргэдийн санал санаачлагыг оруулж байж, шийдвэр гаргавал арай оновчтой болно. Нам энэ байдлаараа явах юм бол гурван жилийн дараа хүнд байдалд орно. Харин намаа нээлттэй, алдаагаа засч залруулах ажилд эгэл жирийн гишүүдийн оролцуулах нь чухал. -Та бүхэнд жигүүр байгууллаа хэмээн ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирж байна уу? -Намын дүрэмд, намын гишүүд эвлэлдэн нэгдэж, тодорхой бүлэг, фракц, жигүүр байгуулах эрх нь нээлттэй. Олон мянган жирийн гишүүн байхад бидний дуу хоолой бүдгэрэхгүй. Дарамт болгоныг дурьдаад юу гэхэв. Ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бид үгээ хаана ч гэсэн хэлнэ. АН-ын хүнд хүчир ажлыг хийж байсан хүмүүс жигүүрт байна. Бид дуу хоолойгоо нэгтгэж, үйл ажиллагаа идэвхжүүлнэ.
Яармагийн замыг нээжээ
Яармагийн замыг нээжээ Чингисийн өргөн чөлөө “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байгаа билээ.  Уг ажил 10-р сарын 10-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэлтэй байсан тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаасаа өмнө буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд зорчих хэсгийг нээж, ашиглалтад оруулжээ. Үлдсэн хугацаанд авто замын хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээнүүд, явган зорчигчийн зориулалтын зам болон орны бусад тохижилтын ажлыг гүйцээх юм байна. Мөн Яармагийн гүүрний зүүн хэсэгт 120 метр асфальт өнгө хучилтын ажил хийнэ. Ийнхүү нийслэлийн ачаалал ихтэй замуудын нэг болох Чингисийн өргөн чөлөө буюу Яармаг чиглэлийн зам өмнөхөөсөө хоёр дахин өргөн болж байгаа юм.
Хөдөлмөрийн зах зээлд үнэлгээ хийнэ
Хөдөлмөрийн сайд Я. Санжмятав Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдалд үнэлгээ хийж, учирч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдгээрийг даван гарах санал боловсруулах зорилгоор Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон АНУ-ын РАНД корпорацитай хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт олголоо. Засгийн газар ажилгүйдлийг бууруулж, одоогийн болон ирээдүйн ажиллах хүчний бүтээмжийг сайжруулах, 2016 он гэхэд 150 мянган ажлын байр бий болгох зэрэг ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд Монголын хөдөлмөрийн зах зээлийг судалж үзсэнээр бүтцийн сул талуудыг тодорхойлох, зорилтод судалгаа хийх, судалгааны үр дүнд үндэслэн бодлогын санал зөвлөмж боловсруулах зэрэг ажлыг хийх юм байна.
Чикагод Монгол Улсын Өргөмжит Консулын газар нээгдлээ
АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Өргөмжит Консулын газар нээлтийн ажиллагаа боллоо АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хот дахь Монгол Улсын Өргөмжит Консулын газрын нээлт болж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б. Алтангэрэл, Монгол Улсын Өргөмжит Консул Уиллиам Пинтас, албаны бусад хүмүүс болон тус хотод амьдарч буй Монгол иргэд ёслолын ажиллагаанд оролцсон байна. Энэ үеэр Ерөнхийлөгч шинээр нээгдэж буй Өргөмжит консулын газар өөрийн муждаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад болон цаашдаа зөвхөн консулын төдийгүй хоёр орны соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Иллинойс мужийг хариуцан ажиллах Монгол Улсын Өргөмжит консул Уиллиам Пинтас энэ сарын 28-ны өдөр үүрэгт ажилдаа оржээ. Хоёр орны соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ Монгол Улсын Өргөмжит консул Уиллиам Пинтасын товч намтар Уиллиам Г.Пинтас /William G. Pintas/ нь 1960 онд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн, эхнэр, гурван хүүхдийн хамт Иллинойс мужийн Лэйк Форэст хотод оршин суудаг. Тэрбээр Чаппэллийн /Chappell/ бага сургууль, Гордоны /Gordon/ техникийн дунд сургуулийг төгсч, 1981 онд Флорида мужийн Майамигийн Их сургуулийг бизнесийн чиглэлээр бакалавр, 1984 онд Мичиган мужийн Thomas M Cooley –ний Их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Уиллиам Г.Пинтас нь шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах “Preferred Capital Funding” компаний хамтран эзэмшигч бөгөөд ТУЗ-ийн тэргүүнээр ажилладаг. Тухайн компани нь хуулийн зөвлөгөө өгөх, нэхэмжлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх компаний нэг бөгөөд Чикаго, Кливлэнд, Сэйнт Луйс, Лос Вегас, Солт Лэйк  зэрэг хотод салбартай аж.
Цементийн үнэ өсгөснийг шүүмжилж, хариуцлага нэхлээ
Ерөнхий сайд хариуцлага нэхэв Өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар цементийн үнэ нэмэгдсэн шалтгааныг сонсч, үнийн өсөлтийг хазаарлах боломжийн талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл сонссон. Гэтэл өнөөдөр хүртэл цементийн үнэ буураагүй байгаа тул Ерөнхий сайд үнэ хазаарлах ямар арга хэмжээ авсныг холбогдох албаныхнаас асуулаа. Барилгын материалын үнэ тогтворжуулахаар Цемент импортлогчдын холбооны гишүүн 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэрээт байгууллагууд цементээ тонн тутмыг нь 165 мянган төгрөгт багтаан барих үүрэг хүлээсэн ч сүүлийн 14  хоногт 185 мянгад хүргэж өсгөөд байна. Энэ нь намар эрэлт огцом нэмэгдсэн, 9 дүгээр сарын эхээр юанийн ханш өссөн зэрэг нь цементийн үнэд нөлөөлсөн гэж яам, хувийн хэвшлийнхэн тайлбарлав. Харин Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэн 5 дугаар сараас хойш цементийн үнийг барьж чадсан атлаа барилгын улирал шувтрах үеэр яам, хувийн хэвшлийн аль аль нь хариуцлага алдсаныг шүүмжиллээ. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд 14-хөн хоногийн нөөцтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт, энэ жил барилгын материалын эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэнэ гэдгийг Засгийн газар урьдчилж тооцоолоод төсөв гаргаж, эргэлтээ нэмэгдүүл гэж зээл олгосон. Гэтэл ийм тайлбараар буруу үйлдлээ зөвтгөж болохгүй гэдгийг тэрбээр хатуу анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт 13 мвт хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсон, энэ жилдээ багтаан Увс, Ховд, Хөвсгөл аймгийн дулааны станцууд ажиллаж эхэлнэ гэж Эрчим хүчний яамныхан танилцуулав. Дундговийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай авто замыг 11 дүгээр сарын 1 гэхэд хүлээж авна, Дорнодын зам 55%, Хөвсгөлийнх 60%-тай үргэлжилж байна. Төмөр замын далангийн ажил өнгөрсөн долоо хоногт 9,8 км-ээр урагшилж, ажлын явц 42%-д хүрсэн. 11 дүгээр сарын эхэн хүртэл гүйцэтгэлийг 80 хувьд хүргээд энэ жилийн ажлыг зогсоох аж. Өөрчилж шинэчлэхээр төлөвлөсөн 33 уулзвараас 18-ыг бүрэн дуусгаснаар энэ жилийн бүтээн байгуулалтыг хаана. Нэг уулзварыг 1-1,3 тэрбум төгрөгөөр засварлаж байгаа ч өргөтгөж шинэчилсний үр дүнд хэмнэх мөнгөө тооцож үзэхэд ганц жилийн дотор гаргасан зардлаа нөхөх ба үүнээс гадна эдийн засгийн бус олон ач холбогдол өгнө гэж “Гудамж” төслийнхөн тайлбарласан юм. Засгийн газрын тогтоолоор баталсан 9 төсөлд Хөгжлийн банк “Чингис” бондоос санхүүжилт олгох ёстой. Орон нутгийн авто замын төслүүдэд 590 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 36%, нийслэлийн орон сууцны болон гэр хорооллын дэд бүтцийн төслүүдэд 198 тэрбум төгрөг олгохоос 26%-ийг гаргаад байна. Тавантолгойн ДЦС-ын барилгын ажилд 1,5 тэрбум, шинэ төмөр замын төсөлд 130 тэрбумыг олгосон, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төслүүдэд баталсан 270 тэрбум төгрөгөөс 30 тэрбум төгрөгийн гэрээ байгуулагдаад байна. "Гудамж" төсөл, Байшин үйлдвэрлэх комбинат, Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилт хуваарийн дагуу олгогдож байна. Эдгээр дээр нэмээд төмөрлөгийн үйлдвэр болон МИАТ-ийн дахин санхүүжилтэд зориулан “Чингис” бондоос хөрөнгө гаргах асуудлыг Засгийн газрын тогтоол гарангуут шийдвэрлэх тухайгаа Хөгжлийн банкнаас танилцууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 байршил дээр нэмж 8 байршилд төлөвлөлт хийхээр нийслэлийн удирдлагууд шийдвэрлэжээ. Энэ асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
Түлээ, нүүрсний үнийг тогтворжуулъя
Хорвоогийн дөрвөн өнгө сүлэлдэн оршдог талын Мон­голд сэрүүн цаг айсуй. Өглөө ажилдаа явах бүрт гэр хорооллын цэнхэр утаа хөвөрч, жихүүн өвлийг санагдуулж эхэллээ.  Нийс­лэлийн гэр хороол­лын айл өрхүүд түлээ, нүүрсээ ха­раахан бэлдэж амжаагүй байгаа ч энэ төрлийн бизнес эрхлэгчид аль хэдийнэ ажилдаа ор­чихож. Жаахан л сэрүү орчихвол тэдний бизнес цэцэглэх янзтай. Өмнөх жилийн намар жижиг ууттай түлээ нүүрс 1500-2000 төгрөг, портер нүүрс 180 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол энэ жил даруй 70-80 хувиар нэмэгджээ. Тодруулбал “портер” нүүрс 300 мянга гээд хөд­лөх­­гүй байна. Цайз захад өндөрлөгөөтэй “пор­тер” нүүрс 320 мянган төг­рө­гөөр худалдаалагдаж бай­гаа бол өндөрлөгөөгүй нь 260 мянгаар зарагдаж байх жишээтэй. Иргэд голчлон жижиг шар ууттай нүүрс 3500 төг­рөгөөр авдаг.  Портер нүүрс 300 мянга Өнгөрсөн амралтын өд­­­рүүдэд дулаан байсан уч­­раас нүүрсний үнэ харь­цангуй тогтвортой бай­в. Хүйтний эрч жаахан чан­гарав уу үгүй юу нүүрс­ний үнэ багадаа л 500 төг­рөгөөр нэмэгддэг жишиг тогт­чихож. Энэ байдлаараа бол өвлийн тэсгим хүйтэнд гэр хо­рооллын ядуу буурай өрхүүд галаа ноцоож ча­­дахгүйд хүрэх нь.  Гэр хороололд халаас­наасаа 300 мянган төгрөг шууд гаргаад “портер” нүүрс худалдаад авах айл өрх ховор. Тэд ихэвчлэн шуу­дайгаар нь авч өдөр хо­ногийг өнгөрөөж, хүйт­ний ул­и­ралтай золгодог.  Тиймээс төрийн зүгээс тэдгээр ир­гэдэд чиглэсэн оновчтой бод­логыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.Өнгөрсөн өвөл түлээ, нүүрсний үнийг тогт­воржуулах зорилгоор Зас­гийн газраас хямдралтай нүүрс борлуулж байсан. Өнөө жил ч энэхүү төрийн бизнес үргэлжлэх талаар Ерөнхий сайд мэдээлж байсан. Нэгэнт гэр хорооллын айл өрхүүд дулааны нэгдсэн системд орж чадаагүй учраас түлээ, нүүрсээ өрдөж гэр орноо халаахаас өөр аргагүй. Гэх­дээ тэр түлээ, нүүрсийг нь нийлүүлдэг бизнесмэнүүдэд нь шударга өрсөлдөөнийг бий болгох талаар төрийн байгууллагууд анхаармаар.  Шинэчлэлийн Засгийн газар цалин тэтгэвэрийг нэ­­мэхээс урьтаж бараа бү­тээг­дэхүүний үнийг тогт­вортой байлгах тал дээр илүү анхаарал тавина гэсэн. Тийм­дээ ч өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүний үнэ тогт­воржуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээд бүтэн жилийн хугацаа өнгөрч байгаа.  Махны үнийг тогт­вор­жуу­лах зорилгоор 87 тэр­бум төгрөгийн хөнгө­лөлт­тэй зээлийг “Жаст агро” ком­панид олгож нөөцийн мах бэлтгүүлсэн бол гурилын үнийг тогт­воржуулах хү­­рээнд 61 тэрбум төг­рөгийн зээлийг гурил үйлд­вэр­лэгчдэд өгсөн. Инфялцийг гол өдөө­дөг байсан шатахууны жи­жиг­лэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жилийн дөрвөн хувийн хүүтэй 120 сая ам.долларыг хуваарилж өгсөн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа талаар хэрэгжүүлэгч талууд алга ташин хэлж байгаа.  Тэгвэл нийслэлийн хам­гийн эмзэг бүлгийнхэн амь­дардаг гэр хорооллын ир­гэдийн хамгийн хүнд ачаа, өвлийн улирлын инфляцийн гол шалтгаан түлээ, нүүр­сэнд үнэ тогтворжуулах хө­төлбөрийг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл төр дан­гаараа түлээ нүүрс за­рах биш. Түлээ нүүрсний худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжид жилийн дөрвөн ху­вийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоод, төрийн өмчийн уурхайнуудаас нүүрсээ ний­лүүлдэг болмоор.  Гэр хорооллын өрхүүд жилдээ 650 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэ­сэн судалгааг өнгөрсөн хавар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас танилцуулж байсан. Энэ хэмжээний нүүрсийг төрийн өмчийн “Бага нуур”, “Шивээ-Овоо” зэрэг уурхайгаас нэг тонныг нь 45-50 мянган төгрөгөөр авна. Ингэвэл дунджаар 3.3 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байхаар тооцоо гарч байна.  Энэ хэмжээний мөнгийг Засгийн газрын шаардлага, нөхцөлийг хангасан иргэн аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлээр олгоход түлээ, нүүрсний үнийн асуудал нэг их сөхөгдөхгүй л болов уу. Шатахуун, барилгын материал импортлогчид, гурил үйлдвэрлэгчидтэй харьцуулахад мөнгөн дүн нь өндөг будаа хоёр шиг ялгаатай байгаа. Гэхдээ нийгэмд хүрэх үр өгөөжийн хувьд “байгаа” оносон ажил болох нь тодорхой. Учир нь бага дунд орлоготой айл өрх хямд өртөгөөр нүүрсээ худалдан авна. Хоёрдугаарт төр томоохон аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдээс гадна иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн ажил болно. Цаашлаад инф­ляцийг нэг оронтой тоонд барихад томоохон түлхэц болох нь дамжиггүй. “Нинжа” нар эрсдэлтэй ам руу орж өдөр шөнөгүй олборлолт хийсээр Мөн “Налайх”-ын уур­­­хайд жил бүр л осол гарч иргэд нас бардаг. Мэргэж­лийн хяналтын бай­­гууллагууд нь хэргийн газарт очоод уурхайд үйл ажиллагаа явуу­лах бо­­­ломжгүй гээд лацдаад ирдэг ч ар хударгаар нь “нинжа” нар нь эрсдэлтэй ам руу орж өдөр шөнөгүй олборлолт хийсээр буй.  Хэрэв Налайхын уур­хайд дугаарлаж буй иргэд аж ахуйн нэгжүүдэд хөн­гөлөлттэй зээл олгоод “өөр уурхайгаас нүүрсээ ав” гээд явуулахад эсэргүүцэх хүн олдохгүй л болов уу.
Хүн амын өсөлтөө тооцож төлөвлөгөө боловсруулахыг НҮБ-аас зөвлөлөө
Монгол улсын хувьд жендерийн тэгш бус байдлын индекс буурчээ Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Үндэсний дээд хэмжээний уулзалт өнөөдөр боллоо. Монгол улсын хувьд жендерийн тэгш бус байдлын индекс 2005 оноос 2012 онд буурсан үзүүлэлттэй байна гэж НҮБ-ын Хүн амын, хөгжлийн сангаас хийсэн судалгаагаар гарчээ. НҮБ-ын хүн амын, сангийн нөхөн үржихүйн хөтөлбөр хариуцсан  мэргэжилтний ярьж буйгаар жендерийн тэгш бус байдлыг буруулахын тулд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, эхийн эндэгдлийг бууруулах, хөдөлмөрийн хөлсний ялгааг арилгах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд ахиц гаргах шаардлагатай аж. Мөн өсвөр насны охидын төрөлтийг бууруулах нь залуучуудын амьдралын боломжийг сайжруулна гэдгийг судалгаагаар харууллаа. Монгол улсад ирэх хэдэн жилд дэд бүтэц, орон сууц, байгаль орчин, хөдөлмөрийн зах зээл, боловсролын байгууллагуудад хүн амын өсөлтөөс үүдсэн ачаалал байсаар байх болно гэж үзэж, ихэнх салбарт төлөвлөгөө боловсруулагчид хүн амын өсөлтийг тооцож, тусгаж ажиллахыг НҮБ-аас зөвлөсөн байна.
Нийслэлд нийт 13 газар л такси зогсоно
Таксины зогсоол Автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл явахыг зөвшөөрөлтэй билээ. Харин маргаашнаас стандартын шаардлага хангасан такси мөн нэгдүгээр эгнээгээр зорчино.  Замын цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн, такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллах аж. Түүнчлэн гараа өргөсөн газар бүр такси зогсохгүй зөвхөн зориулалтын зогсоолд зорчигчдоо буулгаж, суулгах гэнэ.  Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 13 зогсоол бүрэн ашиглалтад ороод байгаа юм байна. Тухайлбал, XVI хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, IV хороолол “Дүүхээ” төв, X хорооллын туслах зам “Цахилгаан тээвэр” компанийн эсрэг талд, “Центрпойнт” Голомт төв, ТБД андууд ХААН банкны урд, Капитрон банк 103-ын уулзварьн урд, Үндэсний номын сангийн өмнө ‘Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талд гэх мэт зориулалтын зогсоолууд ашиглалтад ороод байгаа аж. Д/д Байршил 1 XVI хорооллын автобусны зогсоолын ард 2 Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард 3 Судалт төв 4 Барилгачдын талбай 5 Бөмбөгөр худалдааны төв 6 IV хороолол “Дүүхээ” төв 7 X хорооллын туслах зам 8 “Цахилгаан тээвэр” компанийн эсрэг талд 9 “Центрпойнт” Голомт төв 10 ТБД андууд ХААН банкны урд 11 Капитрон банк 103-ын уулзварьн урд 12 Үндэсний номын сангийн өмнө 13 ‘Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талд  Мөн Тээврийн дээд сургууль болон цэргийн эмнэлгийн урд талбайд хоёр зогсоол нэмж барьж байгаа гэнэ.
Лондонд эхлүүлсэн хэлэлцээр Улаанбаатарт үргэлжилнэ
Оюутолгойн далд уурхайд хөрөнгө босгох санхүүжилтийн асуудлаар Лондонд эхлүүлсэн хэлэлцээр өнгөрсөн баасан гаригт өндөрлөжээ. Улсаа төлөөлж  хүлгийн жолоог тийш залсан “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүд наашаа зүглэсэн гэх мэдээлэл байгаа ч Да.Ганболд тэргүүтэй нөлөө бүхий хэд хэдэн эрхэм тэнд үлдсэн байна. “Рио Тинто” компани манай улсаар зээлийн баталгаа гаргуулж, Олон улсын банк, санхүүгийн 20 гаруй байгууллагаас  зээл авах тухай ярьсан хоёр талын хурал Монголд  үргэлжлэхээр болжээ. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар  өөрчлөгддөггүйтэй адил  хэлэлцээрийг Лондонд хийсэн ч, Улаанбаатарт  хийсэн ч ийм  хариу гарах нь эхнээсээ тодорхой байсан юм. Мөн “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдванчиг, Да.Ганболд нарын хэн байхаас эс хамаарч  монголчуудын зүгээс тавих шаардлага нэг, түүнээс хүлээх үр дүн ч Монгол Улсын ирээдүйн тухай нэг л дэнсэнд огтлолцож буй нь энэ юм. Хамгийн гол нь “Рио Тинто” компанийн зүгээс тавьж буй санал, зээлийн нөхцлийн агуулга  гүнзгий, алсдаа үндэсний аюулгүй байдал хөндөгдөж мэдэх  бодлогын  асуудал, асар том эрх ашиг ард нь нуугдаж буй. Тийм учраас нэг удаагийн уулзалтаар, хоёр өдөр яриад  шийдчихнэ  гэвэл учир дутагдалтай. Тиймээс энэ удаагийн хэлэлцээрээс үр дүн гарсангүй. Ерөнхийдөө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дэх 23 зөрчлийн эргэн тойронд яриа өрнөсөн байна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын төвшинд ярьж, нэр бүхий гишүүд хориг тавих нь зүйтэй гэсэн шаардлагыг  хүргүүлээд амжсан учраас  хөрөнгө оруулагчид  сөхөх нь зайлшгүй. Тэр дотор хамгийн их хөндөгдсөн сэдэв нь Оюутолгойн бүлэг орд хэмээн томъёолж буйн дотор нэг хэсгийг нь бусдад тасдаад өгчихсөн талаар хоёр тал ярьжээ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг нь “Энтригоулд”  компанийн мэдэлд байдаг. Хэрэв энэ хамаарлыг даруй цэгцлэхгүй бол манай улсын Оюутолгойгоос  хүртэх 34 хувь байхгүй болж мэдэхээр байна гэсэн санааг “Рио Тинто”-ийн зүгээс цухалзуулж буй сурагтай.   Ажлын хэсэг хараахан ирээгүй учраас дээрх асуудлаар тодорхой мэдээлэл өгөх хүн одоогоор алга. Харин улс төрч, эдийн засагч, уул уурхайн салбарын эрхмүүд байр сууриа хэрхэн илэрхийлснийг тоймлон хүргэж байна. О.Баасанхүү /УИХ-ын гишүүн/: ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ХАРАХ НЬ ЧУХАЛ -Энгийнээр хэлэхэд би газраа өгөөд байшингаа бариулж байгаа бол ердийн гэрээ байгуулж таарна. Тэр гэрээ нь нөхцөлтэй байж таарна. Аль нэг тал нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шууд цуцлах ёстой. Үүнтэй адил  Оюутолгойн асуудлаар  олигтой үр дүнд хүрэхгүй  байгаа нь үнэн. Ингээд Оюутолгойг шүүмжлэхээр гаднын хөрөнгө оруулалтыг холдуулсан мэт буруу ташаа ойлголтууд гарах алхам болчих жишээтэй. Тэртэй, тэргүй хөрөнгө оурулалтын орчин  бэрхшээлтэй  байгаа нөхцөлд тэр талаар хэлэх ч бас хэцүү. Гэхдээ манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон орон. Тэр байгууллагын өмнө хариуцлага хүлээсэн гэсэн үг. Ийм байхад манайх аль нэгэн компанид давуу нөхцлөөр эрх олгох эрхгүй болчихож байгаа юм. Мөн аль нэг компани манайхаас давуу эрх нэхээд  байвал мөн утгагүй. Би асуудлыг ингэж л ойлгож, харж байна. Ц.Сэдванчиг /”Эрдэнэс Оюутолгой”-ийн захирал асан/:  ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БАЙХ УЧИРТАЙ -“Рио Тинто”-гийн нөхөд энэ зээлийг дэлхийд урьд хожид авч байгаагүй том зээл гэж сайрхаж ярьдаг. Тэгвэл яагаад дэлхийд урьд хожид авч байгаагүй зээлийн нөхцлийг манайд санал болгоод байгаа юм бэ гэдэг бодох л асуудал. Б.Лхагважав/Эдийн засагч/: ДАЛД УУРХАЙГАА ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ -“Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ын шинэ бүрэлдэхүүн Лондон яваад ирээгүй байх шиг байна. Тэд ирээд албан ёсны мэдээлэл хийх байх. Миний хувьд “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-д байсан өмнөх гурван гишүүнийг улс төрийн зорилгоор томилогдон ажилласан болов уу гэж хардаг. Одоогийн шинэ бүрэлдэхүүний хувьд хөрөнгө оруулалт талын эдийн засаг, хуулийн чиглэлээр ажиллах хүмүүс томилогдсон гэж боддог. Учир нь одоо  тэнд геологи, уулын инженерийн асуудал байхгүй. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал ярьж байгаа. Тиймээс Лондон явсан нөхдийг хөрөнгө оруулалтын асуудлыг  гэрээний дагуу харилцан ашигтай байхаар яриад ирэх болов уу гэж бодож байна. Нөгөө талаас Оюутолгой, түүний нөөцийг барьцаалж зээл авах тухай ярьж байгаа. Тэд  дээр нь барьсан үйлдвэрээ барьцаалж байна. Доор нь далд уурхайн үйл явц явагдаж байна. Гол асуудал Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлд яригдаж байна. Гэтэл манай Ашигт малтмалын тухай хуульд далд уурхай гэсэн үг, үсэг ч алга. Тиймээс хөрөнгө оруулалтын асуудалтай зэрэгцүүлэн далд уурхайгаа хуульчлах ажлыг явуулах хэрэгтэй . Өөр нэг асуудал бол валютын хомсдол, эдийн засгийн савлагаа зэрэг үйл явц санамсаргүй тохиолдлын зүйлүүд биш. Цаад  талаас хийж байгаа алхмууд, тиймээс бид бууж өгөөд байх бус  гэрээ, хууль журмынхаа хүрээнд эн чацуу үзэлцэх л хэрэгтэй.   Б.Мөнхтуяа /УИХ-ын гишүүн асан/:  ӨРИЙН БАРЬЦАА БОЛОХ БУС ЗЭЭЛДҮҮЛЭГЧ НЬ БОЛЪЁ -Монгол Улс Оюутолгой төслийг явуулахад  “Рино Тинто”-д зээлийн батлан даалт гаргах бус харин  ч өөрөө зээлээ аваад  түүнээсээ “Рио Тинто”-д зээл өгч яагаад болохгүй гэж. Улс өөрөө батлан даалт гаргаад хөрөнгө босго гэвэл жирийн  нэг компанийн захирал би ч энэ асуудлыг  шийдэж, шийдвэрлүүлж чадна. Яагаад заавал “Рио Тинто”-гийн өрийн барьцаанд орох гээд байгаа юм бэ. Х.Владимир /Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн/: ОЮУТОЛГОЙН ТЭЗҮ-ИЙГ ЭРГЭЖ ХАРМААР БАЙНА -Оюутолгойн гэрээнд 23 зөрчил байгааг  нь тодорхой болсон. Энэ зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай. Үндэсний аюулгүй байдал, валютын нөөц, экспорттой холбоотой асуудлыг ярих учиртай. Баяжмал экспортолсон мөнгийг гадаадын банкуудад байршуулна гэсэн заалтыг гэрээнээс хасах ёстой. Нөгөө талаас, валютын нөөц, алтны асуудал байна. Нийт экспортолж буй алтны 80 хувь нь Оюутолгойн баяжмал дотор гарах гээд байна шүү дээ. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой, тайлангаар авч ярих ёстой асуудал. Оюутолгойн гэрээний ТЭЗҮ засвартай байгааг анхаарах учиртай. Далд уурхайн тухай дараа нь оруулна гээд хийчихсэн, одоо далд уурхайн хөрөнгө оруулалтын тухай ярихад энэ асуудлыг давхар хэлэлцэх ёстой.
Хятадын экспорт болон импортын өсөлт таамаглаж байснаас илүү хувиар өслөө
Гадаад зах зээлийн орчин таатай болж эхэллээ   "Мандал" Даатгал нь сар бүр Market Update буюу дотоодын болон олон улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тойм мэдээллийг хүргэдэг билээ. Энэхүү зах зээлийн тойм мэдээллийг “Mandal Asset Management”-ээс сар бүр гаргадаг бөгөөд наймдугаар сарын мэдээгээ уншина уу. ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД Эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас илүү хувиар өсчээ. Ийнхүү өсөхөд хөдөлмөрийн зах зээл сэргэсэн нь хүчтэй нөлөөлсөн байна. Шинжээчид III улиралд эдийн засаг илүү өсөх магадлалтай байгааг тэмдэглэлээ. Холбооны нөөцийн сангийн хурлаас бодлогын хүүг өсгөхгүй гэсэн шийдвэр гарчээ. Бодлогын хүүг ажилгүйдлийн түвшин 6.5% хүрч буурахаас нааш өсгөхгүй төв банкнаас мэдээллээ. Наймдугаар сарын 24-ний байдлаар долоо хоногт 6,000-аар буурч 331,000-д хүрсэн нь таамаглалаас бага түвшин юм. Төсвийн алдагдал буурсан, өндөр татварын хэмжээ буурч байгаа нь компаниудад эрэлтээ өсгөх үндэслэл болж байгаа бөгөөд ажилчдаа халах үйл явцыг бууруулж байгаа юм. Ийнхүү нийт тэтгэмж авагчдийн тоо 14,000-аар буурч 2.99 саяд хүрээд байна. Европын хоёр дахь том эдийн засаг болох Францын ДНБ-ний хэмжээ хоёр улирлын турш агшаад байсан бол өнгөрсөн улиралд 0.5%-ийн өсөлттэй гарснаар шинжээчдийн таамгийг эвдлээ. Ийнхүү өсөхөд хэрэглээний зардал 0.4%-иар, экспорт 2%-иар өссөн нь голчлон нөлөөлжээ. Францын ерөнхийлөгчийн зүгээс төсвийн алдагдал болон ажилгүйдлийг бууруулахад ихээхэн анхаарч ажиллаж байна. 3.2 сая хүн ажлын байр хайж байгаа нь ажилгүйдлийн түвшинг 10.8%-д хүргэж 1999 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм. Тэгвэл Германы эдийн засаг 0.7%-иар өссөн нь мөн л адил шинжээчдийн таамгаас өндөр үзүүлэлт байлаа. Үүний зэрэгцээ Английн эдийн засгийн хоёрдугаар улирлын өсөлт 0.6%-д хүрчээ. Ийнхүү Европын эдийн засгийн улирлын өсөлт 0.3%-д хүрсэн байна. Евро бүсийн боловсруулах үйлдвэрлэлийн PMI нь наймдугаар сард 26 сарынхаа дээд хэмжээнд хүрч 51.3 нэгжид хүрсэн нь “эдийн засаг тэлж” байгааг илэрхийлж байна. "Сэргэлт Германаас эхэлжээ. Ийнхүү удаан хүлээсэн сэргэлт бодит биеллээ олж байгаа мэт харагдаж байна” гэж Маркет судалгааны агентлаг мэдээллээ. Аж үйлдвэрийн компаниудын цэвэр ашиг 6-р сард жилийн 6.3%-ийн өсөлттэй байсан бол 7-р сард 12%-д хүрч өмнөх сараасаа огцом өслөө. Энэ нь эдийн засаг тогтворжиж буйг илтгэж байгаа юм. Төв банкны дэд ерөнхийлөгч Yi Gang “АНУ-ын мөнгөний бодлогын өөрчлөлт бусад хөгжиж буй орнуудтай адил хүчээр Хятадад нөлөөлөхгүй” гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Хятадын экспорт болон импортын өсөлт таамаглаж байснаас илүү хувиар өслөө. Экспортын жилийн өсөлт 5.1%-иар өссөн бол импортын хэмжээ 10.9%-иар өсчээ. Ийнхүү АНУ, Европ, Хятад руу хийж буй экспортын хэмжээ он гарсаар анх удаа өсч байгаа юм. Ганц удаагийн өсөлтөөс эдийн засаг сайжирч байна гэж болохгүй ч АНУ, Европын орнуудын индекс ч мөн өсөлттэй байгаагаас харвал Хятадын хоёрдугаар хагасын эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна инфляцийн түвшин ч таамаглаж байснаас бага буюу 2.7%-тай байгаа нь эдийн засаг өсөх таатай нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Европ болон АНУ-ын эдийн засаг сэргэж, мөн дотоодын эрэлтийг дэмжих хэд хэдэн бодлогын арга хэмжээ авсан нь Хятадын үйлдвэрлэл өсч эхэлнэ гэсэн хүлээлтийг зах зээл бий болгожээ. HSBC-ээс тооцдог Хятадын боловсруулах үйлдвэрлэлийн PMI нь наймдугаар сард огцом өсч сүүлийн дөрвөн сарын хугацаанд анх удаа “эдийн засаг тэлж” байгааг илэрхийллээ. Энэ нь эдийн засаг цаашид тогтворжих хандлагатай байгааг харуулж байна. HSBC-ийн индекс долдугаар сард 47.7 нэгж байсан бол наймдугаар сард 50.1 нэгж болж өссөн бол Статистикийн хорооны индекс 51 болж өсчээ. ДОТООДЫН ЭДИЙН ЗАСАГ Хэрэглээний үнийн улсын индекс 2013 оны 8-р сард өмнөх сарынхаас 1.7%, оны эхнээс 6.7% өмнөх оны мөн үеийнхээс 9.4% өссөн байна. Жилийн инфляци эхний 8-р сарын байдлаар 9.4%-д хүрчээ. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд боловсролын үйлчилгээний үнэ дүнгээрээ 27.3%, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 4.1%-иар өссөн нь голлон нөлөөлжээ. Ам.долларын ханш эхний 8-р сарын турш өсч сарын эцэст албан ханш 1,616.98 хүрсэн нь өнгөрсөн сараас 8%, оны эхнээс 16% өссөн дүн юм. Монголбанкны зүгээс Гадаад валютын албан нөөцийнхөө 23%-иар интервенц хийсэн хэдий ч ханшийн өсөлтийг сааруулж чадаагүй юм. Банкуудын зээлийн үлдэгдэл 9.7 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ийн 60%- ийг эзэлж байна. Банкны системийн зээлийн чанаргүйдэл 8-р сарын байдлаар 4.8% хүрсэн ба энэ нь оны эхнээс 51%, өнгөрсөн оны мөн үеийнхээс 48%-иар өссөн үзүүлэлт юм. Ам.долларын ханшийн өсөлт нь доллараар зээл авсан компаниудын хувьд зардлыг өсгөж, орлогыг бууруулах сөрөг нөлөөлөл үзүүлж зээлийн төлөлт муудахад хүргэсэн гэж үзэж байна. 8-р сарын байдлаар банкны нийт зээлийн 31%-ийг валютын зээл эзэлж байна. Энэ оны 8-р сард Монгол улс дэлхийн 125 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 6,960.1 сая ам.доллар болжээ. Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 8 сард 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 234 сая ам.доллар буюу 13%- иар буурчээ. Энэ нь экспорт 6%-иар буурсан хэдий ч импорт түүнээс илүү буюу 9%-иар буурсантай холбоотой байна. Экспортын бууралтад ашигт малтмалын экспорт 9% буурсан нь нөлөөлсөн ба чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 44%-иар буурсан нь голлох нөлөө үзүүлжээ. Мөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 8 дугаар сарын эцэст 8,410.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 321.4 тэрбум төгрөг буюу 4.0%, өмнөх оны мөн үеийнхээс 1,413.0 тэрбум төгрөг буюу 20.2%-иар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841,192 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12%-иар нэмэгджээ. Харин өрхийн зарлага нийт орлогын 91%-ийг эзэлж байна. Өрхийн орлогын 50 орчим хувийг бүрдүүлдэг өрхийн гишүүдийн цалин хөлсний дундаж 14%-иар харин хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 60 гаруй хувиар нэмэгджээ. ХИЙГДСЭН ХЭЛЦЭЛ (M&A) Хятадын компани Turquoise Hill-н Inova Resources-д 160 сая ам.доллараар хувь эзэмшил олж авахаар тохиролцов. Turquoise Hill Resources Ltd. нь молибден зэсийн компани болох Inova Resources компаний 56%-ийн хувьцааг Хятадын коксжих нүүрс, химийн бэлдмэлийн Shanxi Donghui групп компаний ах дүү эздэд зарахаар тохиролцсон байна. Санал болгож буй үнэ нь 160 сая ам.доллар байна. POSCO Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ажил эхлүүлэхээр төлөвлөж байна. Өмнөд Солонгос улсын тэргүүлэх ган үйлдвэрлэгч POSCO компани нь Монгол улсад шинэ төрлийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ажилд оролцохоор болсоноо мэдэгдлээ. Энэ бизнесийн хүрээнд POSCO болон MCS групп нар хамтран нүүрснээс шингэн түлш гаргаж авах ажлыг эхлүүлэх бөгөөд одоогоор зөвшөөрлөө авах процесс явагдаж байна. Шарын Гол ХК нь бизнесээ өргөжүүлэхээр Нако Түлш ХК-ийг худалдан авахаар болов. Монгол улсын 3 том дулааны нүүрс үйлдвэрлэгчдийн нэг болох Шарын Гол ХК нь хагас коксжих нүүрс үйлдвэрлэгч Нако Түлш ХК-ийг 100% худалдан авах саналаа гаргасан байна. Тус санал нь 2013 оны 9-р сарын 13 хүртэл хүчинтэй байна.Саналын дагуу Шарын Гол ХК нь нэгж хувьцаа бүрт 209 төгрөг төлөх бөгөөд энэ гүйлгээгээр Нако Түлш ХК-ийн үнэ нь 660 мянган ам.долларын цэвэр өр төлбөрийг оруулаад 2.3 сая ам.доллар болох юм. MGG Мандал Даатгалыг зарахаар болов. Mongolia Growth Group (MGG) нь өөрийн эзэмшлийн “Мандал Женерал Даатгал” ХХК-ийг зарахаар болсоноо мэдэгдлээ. MGG–н удирдлага үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилт олох үндсэн зорилгодоо илүү ач холбогдол өгч ажиллахад нэмэр болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Япон Улсын ОРИКС Корпорацийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ батлагдав. МУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Япон Улсын ОРИКС Корпорацийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулсанаар ТСНэгдэл нь стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болов. Тус хөрөнгө оруулалтын гэрээгээр Орикс Корпораци нь ТСН-ийн нийт хувьцааны 16 хувийг эзэмших болно. Орикс Корпорацийн энэхүү хөрөнгө оруулалт нь компанийн өмчлөлтэй холбоотой томоохон бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд одоогийн зарим хувьцаа эзэмшигчид хувьцаагаа шинэ хөрөнгө оруулагчдад худалдаж, зарим шууд бус хувьцаа эзэмшигчид шууд хувьцаа эзэмшигч болж байна.
Шинзо Абэ манай Ерөнхийлөгчийг гэртээ урив
Шинзо Абэ, Элбэгдорж нар Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Токио хотын Шибуя дүүрэг дэх гэртээ урьж уулзав.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод буцах замдаа Токиогоор дайрч өнгөрсөн юм. Ерөнхий сайд Ш.Абэ саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүлээн авч айлчлуулан Монгол, Японы хамтын ажиллагааны 2013-2017 оны хөтөлбөрт гарын үсэг зурсан, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд Япон Улсад айлчлахдаа томъёолж тунхагласан Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд хоёр орны Ерөнхий сайд нар хагас жилийн хугацаанд харилцан айлчилж, цаашдын хамтын ажиллагаанд чухал хөтөлбөр байгуулсанд баяр хүргээд, түүнийг хэрэгжүүлэх талаар эрчтэй хамтран ажиллая гэв. Япон Улсын Ерөнхий сайд гадаад улсын төрийн тэргүүнийг өөрийн гэртээ урьж уулзаж байгаа нь анхны тохиолдол ажээ.
Гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг нягтлахыг сануулж байна
Гадаад паспорт Хилийн чанадад зорчиж буй манай иргэд гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг зургаан сараас багагүй байлгах ёстойг нягталж шалгаагүйн улмаас хүндрэл учирч, паспортоо сунгуулахын тулд нислэгээ хойшлуулах, цаг хугацаа алдах зэрэг асуудалтай тулгарч байна. Ялангуяа, Хонконгийн олон улсын нисэх буудлаар дамжин гуравдагч орнууд руу буюу Тайланд, Индонез, Сингапур, Малайз зэрэг Зүүн өмнөд Азийн орныг зорьж буй иргэдийн дунд паспортын хүчинтэй хугацаа хангалтгүй зөрчил удаа дараа гарсаар байгааг Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас мэдээлэв. Иймд, хилийн чанадад зорчих гэж буй иргэд паспортынхаа хүчинтэй хугацааг нягталж шалгах, хүчинтэй хугацаа нь зургаан сар хүрэхгүй байвал сунгуулах, онгоцны тийз борлуулагч компаниуд тийз бичихдээ зорчигчдод энэ талаар анхааруулж байхыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас сануулж байна.
Оюутны виза карт хүчингүй боллоо
Оюутны виза карт хүчингүй боллоо Нийслэлд нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог оюутнууд өнөөдрөөс эхлэн шинэ смарт картаар үйлчлүүлж эхэлж байна. Харин хуучин виза карт нь хүчингүй болж байгаа юм. МОХ Төрийн банктай хамтран нэвтрүүлж буй смарт картаар нийтийн тээврээр үнэгүй зорчихоос гадна банкны гүйлгээ хийх, худалдаа хийх боломжтой аж. Энэхүү шинэ смарт карт дээр наах нийтийн тээврийн наалт нь нэг оюутанд зориулсан, нэг серийн дугаартай байх бөгөөд тус дугаарт оюутны овог, нэр суралцаж буй сургууль, курс бүртгэгдэх тул дам худалдах, хуурамчаар хуулбарлах зөрчил гарахгүй юм байна.  Карт нь 10 сарын хугацаатай хэрэглэгдэх бөгөөд цаашид эрүүл мэндийн төвүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болох гэнэ.
Намрын чуулганыг морь цагт нээнэ
УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 16-27-нд болж өнгөрсөн. Харин УИХ-ын 2013 оны намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Чуулганы нээлт 11.40 цагт болох юм байна. УИХ-ын чуулган Нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл; Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл; Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд; Хилийн боомтын тухай хуулийн төсөл; Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн/; “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Газрын тосны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/; Бусад.
Жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих” сар болголоо
Жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа Хүн амын насжилтын асууд­лаарх үндэсний стра­тегийн хэрэгжилтийг эрчим­жүү­лэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын 356 дугаар тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа.  Үүнтэй холбогдуулан өчигдөр  ЭМЯ-нд  “Настнуудын хэлж байгаа ирээдүйг бид хүсч байна” сэдэвт хэвлэлийн хурал болж, сарын аяны хүрээнд эрүүл насжилт, настны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөсөн ажлуудаа сэтгүүлчдэд танилцуулсан юм.  Уг хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Говинд, Герон­тологийн үндэсний тө­вийн ерөнхий захирал Р.Оюун­ханд болон Еврофарм ХХК-ийн захирал Р.Цогттуяа нар оролцсон.  1990 оны арван­хоёрдугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийд­вэрээр Олон улсын ах­мадын өдрийг тэмдэглэн өн­гө­рүүл­дэг уламжлал тогтоод 23 жил өнгөрчээ. Энэ жил НҮБ-аас Олон Улсын Ахмадын Өдрийг “Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” уриан дор тэмдэглэхийг гишүүн ор­нууд­даа уриалсан байна.  Монгол Улс ч энэ уриалгыг хүлээн авч, Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХАХНХЯ болон Герон­тологийн үндэсний төвүүд хамтран  өнөөдөр  09.00 цагт ЭМЯ-нд хэлэлцүүлэг зо­хион байгуулахаар болжээ. Мөн “Ахмадын эрүүл мэндийг дэм­жих сар”-ын ажлын хүрээнд хүн амыг эрүүл насжихад бэлтгэх эрүүл мэндийн мэдээлэл сур­тал­чил­гааг өргөжүүлэх, ахмад нас­танд үзүүлэх тусламж үйл­чил­гээ­ний нэр төрлийг нэмэг­дүүлж, ахмад настны сэт­гэ­цийн эрүүл мэндийг дэм­жих, харааны сулрал, ясны сий­рэг­жилт­тэй тэмцэх зэрэг тусламж үйлчилгээний чанар, хүртээм­жийг нэмэгдүүлэх, өвчний ул­маас бусдын асрамжинд байгаа наст­нуудад эмнэлгийн тусламж үйл­чил­гээг гэрт нь хүргэх, эрүүл насжилтыг дэмжсэн үйл ажил­лагааг бүх насныханд зо­риу­лан явуулах зэрэг арга хэм­жээг эрүүл мэндийн бүх бай­гуул­лагуудаа оролцуулан зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.
Такси нэгдүгээр эгнээгээр явж эхэллээ
Такси нэгдүгээр эгнээгээр явж эхэллээ Өнөөдрөөс стандартын шаардлага хангасан такси 1-р эгнээгээр явж эхэллээ. ЗЦГ-ын  хяналтын камерт бүртгэгдсэн такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси 1-р эгнээргээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллах юм байна.  Такси нэгдүгээр эгнээгээр зорчихдоо зогсоолын бус газар зогсож зорчигч буулгаж, суулгахгүй ба зөвхөн  зориулалтын зогсоолд зогсож үйлчлэх юм.  Шаардлагатай үед нэгдүгээр эгнээнээс баруун гар тал руу эргэн тээврийн хэрэгслийг зогсохыг хориглоогүй туслах зам, хороолол дунд буулгаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох гэнэ. Д/д Байршил 1 XVI хорооллын автобусны зогсоолын ард 2 Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард 3 Судалт төв 4 Барилгачдын талбай 5 Бөмбөгөр худалдааны төв 6 IV хороолол “Дүүхээ” төв 7 X хорооллын туслах зам 8 “Цахилгаан тээвэр” компанийн эсрэг талд 9 “Центрпойнт” Голомт төв 10 ТБД андууд ХААН банкны урд 11 Капитрон банк 103-ын уулзварьн урд 12 Үндэсний номын сангийн өмнө 13 ‘Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талд  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 16-р хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, 4-р хороолол “Дүүхээ” төв, 10-р хороолол туслах зам, “Цахилгаан тээвэр” компаний эсрэг талд, Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитронбанк /103-ын уулзварын урд/, Төв номын сангийн өмнө, Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын гээд нийт 13 зогсоол бүрэн ашиглалтанд орсон байна. Харин Төмөр замын дээд сургууль болон Цэргийн эмнэлгийн урд талбайд хоёр зогсоол нэмж барих бөгөөд 2014 онд нийт 27 таксийн зогсоолтой болохоор төлөвлөжээ.
Монгол хүн НҮБ-д ажиллах боломжтой боллоо
Гадаад харилцааны сайд Л.Болд Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож, Нью-Йоркт ажиллах үеэрээ Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонгтой уулзлаа. НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт Монгол иргэдийг гэрээгээр ажиллуулна. Энэ үеэр НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт мэргэжилтэн ажиллуулах AE/JPO/APO хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулах Санамж бичигт гарын үсэг зурав. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах, НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт гарч буй ажлын байрны талаар цаг алдалгүй мэдээлэл авах, ажлын байрны сонгон шалгаруулалтын туршлагаас суралцах, цаашилбал НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт Монгол иргэдийг гэрээгээр ажиллуулах  зэрэг боломж нээгдэж байгаа юм.  НҮБ-аас JPO хөтөлбөрийг Австрали, Австри, Бельги, Канад, Дани, Финланд, Франц, ХБНГУ, Унгар, Итали, Япон, Израил, БНСУ, Лихтейнштейн, Люксембург, Голланд, Шинэ Зеланд, Норвеги, Польш, Саудын Араб, Өмнөд Африк, Швед, Швейцар, Турк, Англи, АНУ зэрэг 30 орчим улстай хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд тэдгээрийн эгнээнд ийнхүү Монгол улс нэгдлээ.
Л.Эрдэнэчимэг: Цэцэрлэгийн хүртээмжгүйгээс хүүхэд гэртэйгээ шатсан эмгэнэл давтагдсаар байна
Төрийн ордонд “Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлаас хойшхи 20 жилд” сэдэвт үндэсний дээд хэмжээний уулзалт өчигдөр болов. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс дараах асуудлуудыг тодруулсан юм.  -Өнөөдөр /өчигдөр/ хүн амын хөгжлийн асуудлын та­лаарх бага хурлаас хойшхи 20 жилийн хугацаанд хийсэн үр дүнг хэлэлцэж байна. Яагаад заавал 20 жилийн хугацаа заасан юм бол?  -Анх 1994 онд Каир хотноо хуралдсан “Хүн ам ба хөгжил” олон улсын бага хурлаар өмнө нь яригдаж байгаагүй сэдвүүдийг хөндсөн. Хамгийн гол нь хүний эрх, эрх чөлөө гэдэг сэдвийг чухалчилсан гэсэн үг. Тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийн, нө­хөн үржихүйн, бэлгийн эрх чөлөө зэргийг хөндөж, асуудал болгон дэвшүүлснээрээ их онцлог болсон.  Харин 2014 оноос хойш дэлхий нийтээрээ хүн амын хөгжлийн шинэ чиг хандлагуудыг гаргаж ирж байгаа юм. Тиймээс өмнөх хурлын үр дүнг хэлэлцэх нь зайлшгүй болж ирсэн.  -Манай улсын хувьд хэр дэвшилттэй явж ирсэн бэ. Үр дүн нь ямархуу байгаа бол?  -Монгол Улс маань өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямар байж вэ гээд дүгнэж үзлээ. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой амжилтад хүрсэн харагдаж байна. Энэ нь эхийн болон нялхсын эндэгдэл буурснаас мэдэгдэж байгаа юм. Эдгээр нь тун багахан арга хэмжээнээс л хэрэгжиж үр дүнгээ өгч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрөх эмэгтэйчүүд сумдад бус заавал аймгийн төвд очдог болсон нь дээрх эндэгдлийг буурахад чухал нөлөө үзүүлсэн гэж миний хувьд үзэж байгаа. Ерөнхийд нь тоо баримтаас харахад буурсан гэж харагддаг.  -Тэгвэл амьдрал дээр өөр байгаа гэсэн үг үү. Түүнчлэн сумдын эмэгтэйчүүд аймгийн төв явахаас төвөгшөөх, цаг алдах зэрэг асуудал гардаг гэсэн?  -Хөдөөгийн эмэгтэйчүүдтэй уулзахад янз бүрийн асуудал, зовлонгийн талаар сэтгэлээсээ ярилцдаг. Тэдгээрийн нэг нь төрөх насны эмэгтэйчүүд жирэмслэх, төрөх хугацаагаа хойшлуулж байна.  Өөрөөр хэлбэл манайх шиг улсад сумаас аймгийн төв явахад хэдий хэрийн зардал чирэгдэл гарах вэ, гэрийн эзэгтэй эзгүй бол тухайн айлын амьдрал ахуй яах бол гэх мэтийн асуудал хөндөгдөж эхэлдэг юм билээ. Амьдрал дээр ирж буй ачаа нь хүндэрч байгаа болохоор арга буюу хойш тавьдаг хэмээн тайлбарлаж байсан. -Эмэгтэйчүүдийн эрх болон жендерийн тэгш байдлын талаар 20 жилийн өмнө анх удаа олон нийтэд дэлгэж байсан. Манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд нэлээд нээлттэй арга хэмжээнүүдийг авч байна. Бусад оронтой харьцуулахад ямар түвшинд байгаа бол?  -Эмэгтэйчүүдийн эрх, жендерийн та­лаар ярихаар олон хүн их том амжилтад хүрсэн гэдэг. Би өөрөө УИХ-ын гишүүн, парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын хувьд энэ тухайд хү­лээн зөвшөөрдөггүй. Шийдвэр гаргах түв­шинд буюу УИХ-д гуравхан эмэгтэй гишүүн байсан нь энэ удаа 11 болсныг л дэвшилттэй алхам гэж нэрлээд байгаа юм.  Гэтэл олон улсын түвшинд хувилаад үзэхэд лалын ша­шинтай, эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг орнуудад 18-20 хувьтай байх жишээтэй. Гэтэл манай улсад 14 хувьтай л байгаа шүү дээ.  -Мэдээж хүн амын хөг­жил гэхээр гэр бүлийн асуу­дал ч давхар яригдана. Каи­рын хур­лаас гэр бүлийн хүчир­хийл­лийн талаар нэлээд нухац­тайгаар авч хэлэлцсэн байдаг?  -Хамгийн ихээр сэтгэл зо­воож буй асуудал бол хүчир­хийлэл байдаг. Он гарсаар эхний есөн сарын байдлаар 470 эмэгтэй хүчингийн хэргийн хохирогч болчихсон байна. Тэдгээрийн 79 нь 0-14 насны хүүхэд байх жишээтэй. Өнөөдөр үүнийг харьцуулаад харахад өмнөх оныхоос нэмэгдчихсэн байгаа юм. Айл бүр охин хүүхэдтэй. Тэднийхээ ирээдүйн төлөө са­наа зовох нь аргагүй.  Гэтэл гэр бүл, охид, эмэгтэй­чүүдийн эсрэг хүчир­хийлэлгүй, тэг хэмжээнд байх ёстой гэсэн зорилт тавьчихсан байхад хүн амынхаа тоотой харьцуулахад энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь бид юу ч хийхгүй байна л гэсэн үг.  Энэ мэт дутагдалтай талууд ажиглагдаж байна. Ирэх оноос хойшхи зорилтуудад нөхөн үржихүйн болон жендер, хүчир­хийллийн асуудлыг тэргүүнд тавих юм. Бид нэгэнт тодорхой хэмжээгэээр амжилттай ажил­лаад ирж чадсан юм чинь үлдсэн хугацаанд алдаагаа засч, залруулах ёстой гэж бодож байна.  -Нэгэнт тантай уулзсаных “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэх эсэхийг тодруулмаар бай­на. Хи­чээл эхэлснээс хойш цэцэр­лэгүүд ачааллаа дий­лэхгүй хүүхдүүдийг нэрийн хяз­гаар­­лалтад оруулах гэх мэт “ши­нэ” журмаар ажиллаж бай­на. Түүнч­лэн гэртээ цоож­той байсан бага насны хүү­хэд шат­сан харамсалтай, айм­шиг­тай хэрэг ч гарлаа?  -Цэцэрлэгийн хүртээмж­гүй­гээс хүүхдүүдээ гэрт нь эзгүй орхисноос болж зам тээврийн осолд орох зэрэг асуудлууд өчнөөн тулгарч байна. Бид хүн амын хөгжлийн асуудал ярьж л байгаа бол сургууль, цэцэрлэгийн тухай ярьж, шийдвэрлэх учиртай.  Намрын чуулганаар амжиж бат­лана гэдэгт итгэж байгаа. Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авчихсан, эрэгтэй гишүүд маань ч хүүхдийн асуудал хүнд байгааг мэдэрсэн учраас дэмжинэ гэж бодож байгаа. Батлаад, хэрэг­жүүлээд эхлэхэд ирэх намраас цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдээд л ирнэ.  Цэцэрлэггүйн улмаас гэртээ цоожлогдсон таван настай хүү­хэд шатсан нь аймшигтай, эм­гэнэлт хэрэг. Бид энэ асуудлыг авч үзээд, гэр бүлийг нь судалж үзсэн.  Хүүхдээ цэцэрлэгт оруулъя гэтэл 350 мянган төгрөг нэхсэн юм билээ. Ээж нь 300 мянган төгрөгний зээл аваад, цэцэрлэгт нь бүртгүүлэхээр явахдаа хүүхдээ ганц өдөр цоожлоход л ийм харамсалтай явдал то­хиолдсон байсан. Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж муугаас иймэрхүү эмгэнэлтэй, гашуун түүхүүд дахин давтагдахгүй гэх баталгаа алга.
Манай Улс Сьерра Леон Улстай дипломат харилцаатай боллоо
Монгол Улс Сьерра Леон Улстай дипломат харилцаатай боллоо НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай дипломат харилцаа тогтоолоо. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын Гадаад хэргийн олон улсын хамтын ажиллагааны сайд Самура М.В.Камара нар гарын үсэг зурав. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо. Ийнхүү Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.
Компанийн удирдлага ял сонссон ч барилгын ажил үргэлжилнэ
Тэнгис кинотеатрын өмнө барьж буй барилга Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, “Тэнгис” кинотеатрын өмнө барьж буй барилгын тулгуур төмөр унаж, оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд гарсан. Уг хэрэгт холбогдуулан барилгын ажлыг гүйцэтгэж буй “Мудун спед” компанийн захирал Т.Батбилэг, хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер М.Цогтгэрэл нарт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас хянаад, яллах дүгнэлт үйлдсэн юм. Шил шилээ даран гарсан барилгын ноцтой ослуудаас олны анхаарал татсан энэ хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх энэ сарын 27-нд хянан хэлэлцэж, дээрх хоёр шүүгдэгчийг барилга барихдаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчин, зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Б.Ч-гийн амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон байна. Улмаар компанийн захирал Т.Батбилэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.8 сая төгрөгөөр торгохоор болжээ. Харин М.Цогтгэрэлд хоёр жил хорих ял оноож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэн харгалзахаар боллоо. Харин оюутан залуугийн аминд хүрсэн энэ компанийн барилгын ажил үргэлжилж эхэлсэн бөгөөд өчигдөр гэхэд хамгийн дээд давхарт нь хүмүүс ажиллаж байв. Барилгачид “Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсан” гэж тайлбарласан бол БХБЯ- ны эх сурвалж “Өнгөрсөн зургадугаар сард барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан. Нэгэнт бариад эхэлсэн барилгыг нураалтай биш. Гэм буруутай хүмүүст нь хуулийн хариуцлага хүлээлгээд барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон” гэв. Уг нь анхны зураг төслөөр 16 давхар байх ёстой байсан бөгөөд өдгөө 22 давхар болгохоор төлөвлөжээ. “16 давхраас дээш барилгын зөвшөөрлийг БХБЯ-ныхан олгодог учраас манай мэдлээс гарсан” гэдгийг НМХГ-ын эх сурвалж хэллээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар юу ярив
Засгийн газрын хуралдаан Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Ирэх оны нэгдсэн төсөв болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсвийн төслийг холбогдох хууль тогтоомжийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуваарь ёсоор Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн бямба гарагт болдог ч өнөөдөр дээрх асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус хуралдаан зарласан байна.
Таныг яагаад олон хүн Twitter-т дагахгүй байна вэ?
Таныг яагаад олон хүн Twitter-т дагахгүй байна вэ? Жиргээчдийн сүлжээнд нэгдсэн хүмүүс аль болох олон хүн дагуулахыг хүсдэг. Гэхдээ энэ нь тийм ч амархан биш. Ихэнхдээ хүмүүс Twitter-ын “Profile summary” хуудсыг богинохон хугацаанд үзээд “Follow” товчыг дарах үгүйгээ шийддэг байна. Энэ богинохон хугацаанд л бусдад таатай сэтгэгдэл төрүүлж чадах хэрэгтэй ажээ. Ингэхийн тулд яах хэрэгтэйг нийгмийн сүлжээний мэргэжилтэн танд зөвлөж байна. 1.     Сүржин нэр хоч зүүхгүй байх Өөртөө “Social media guru”, “expert” гэх мэт сүржин нэр өгөхгүй байсан нь дээр. Нийгмийн сүлжээ, технологи тасралтгүй хѳгжиж, суралцах шинэ зүйлс байнга бий болж байдаг тул ийм profile үүсгэх нь бусдыг үргээх аюултай. Үүнийхээ оронд илүү бүтээлч, загварлаг илэрхийлэл нь хүмүүст таалагдана. 2.     Өндөг шиг харагдаад хэрэггүй Өндөг шиг харагдах нь яавч сайхан санаа биш. Хүмүүс голдуу уг profile-ын цаана байгаа хувь хүнийг нь сонирхдог. Тиймээс таны profile-ын зураг нь “өндөг”, эсвэл хэн нэгэн алдартан, өөр этгээд, элдэв дүрс байх нь маш их эрсдэлтэй. Цэвэрхэн гарсан GIF форматтай зургаа оруулах нь хамгийн зѳв. Учир нь олон төрлийн компьютер, гар утас зэрэг төхөөрөмжийн дэлгэцэнд аль болох алдаагүй жигд дүрслэгдэх магадлал өндөр.  Дүрслэгдэх талбайн хэмжээ жижиг хэмжээтэйг бодолцож мөр толгой багтсан цээж зургаа оруулбал хамгийн тохиромжтой. 3.     Харилцан дагадаг төрлийн хүн байх хэрэггүй Bio дээрээ дагасан болгоныг эргэж дагана гэсэн амлалт тавих нь хүмүүсийг төдийлөн татахгүй. Twitter бол ямар нэгэн ач тусыг нь санаж, хүмүүсийг сохроор дагадаг хэрэгсэл биш. Харин хувь хүний зөвхөн өөрөө л бүтээж чадах онцлог контентын урсгал бий болгож, түүгээрээ хүмүүсийг татах тухай асуудал билээ. Чамайг дагасан хүмүүсийг заавал дагах албагүй. Энэ нь тийм ёс зүйгүй үйлдэл биш. Хэрвээ ийм шалтгаанаар олон дагагчтай боллоо гэхэд таны үүсгэх контентын урсгал сонирхсон хүмүүстээ хүрэхгүй, үнэ цэнээ алдах болно. 4.     Дагагч, дагуулагчийн харьцаа зохистой биш байх Та маш олон хүнийг дагаж, таныг маш цөөхөн хүн дагасан байвал ихээхэн сэжиг төрүүлнэ. Өөрөөр хэлбэл таныг СПАМ явуулдаг этгээд гэж ойлгоод дагахаас зайлсхийнэ. 5.     Bio-гоо гуравдагч этгээдээр бичүүлэхгүй байх Магадгүй таны намтрыг гуравдагч этгээдийн байр сууринаас харж бичих нь илүү мэргэжлийн, албан ёсны мэт харагдах байх. Жишээ нь: “Нөхөр Дорж нь бол нийгмийн сүлжээний том төлөөлөгч мөн” гэдэг ч юм уу. Гэхдээ Twitter бол хувь хүнийг илэрхийлдэг хэрэгсэл тул өөрийн зүгээс бичих нь зөв. Эс бөгөөс таныг хэт ихэрхүү, хямсгар харагдуулж, хүмүүсийг өөрөөсөө үргээх болно. Энгийн, даруу, хөгжилтэй bio байх нь хүмүүст таалагдана. 6.     Хэт олон жиргээ хүмүүсийг айлгана Twitter 2006 оны дундаас ажиллаж эхэлсэн үйлчилгээ. Та хэрвээ Twitter-ын анхдагч байгаад өдөрт дунджаар 3 удаа жиргэсэн гэж тооцвол энэ тоо таны хувьд 8000 орчим байна. Үүнээс хэтэрвэл таны статистик дунджаас дээгүүрт тооцогдоно. Харин энэ тооноос хамаагүй илүү байвал хүмүүс таныг дагах эсэхдээ эргэлзэж магадгүй юм. 7.     Өөрийгөө магтагч, алдар нэр горилогч байх нь муу талтай “Profile summary” дээр сүүлийн хоёр жиргээг харуулдаг. Бидний судалгаагаар өөрийгөө дөвийлгөгч, алдар нэрний хойноос улайрагчдад жиргээчид таагүй ханддаг нь батлагдсан. Хэрвээ таны сүүлийн хоёр жиргээ нь таньд ирүүлсэн магтаал, тал зассан үгс зэргийг Retweet хийсэн байвал хүмүүс дагах эсэхээ дахин бодож үзэх магадлал өндөр. 8.     Автомат жиргээнүүд Та цагийн хуваариар урьдчилсан хөтөлбөрийн дагуу автоматаар жиргэдэг бол, өөрөөр хэлбэл ямар нэг робот таны өмнөөс жиргэдэг бол үр дүн сайнгүй байх болно. Хүмүүс бодит цагт, таны жинхэнэ дуу хоолойг сонсохыг хүсдэг. Үүнээс гадна Twitter бол зөвхөн нэг урсгалтай хэрэгсэл биш, таны оролцоо, бусдын жиргээнд үзүүлэх хариу үйлдэл чухал билээ. 9.     Арилжаа наймаа хийдэг бол Та ямар нэг бараа зардаг, маркетинг хийдэг, энэ тухайгаа bio дээрээ бичсэн бол мөн олон хүнийг татахгүй байх магадлалтай. 10.     DM spam хийдэг бол Хэн нэгэн таныг дагамагц хариуд нь хувийн сурталчилгааны автомат DM ирдэг бол шинэхэн дагагчаа буцааж алдах магадлалтай. Дөнгөж дагаад байгаа хүндээ дагасанд нь талархахын хажуугаар ямар нэгэн линк дээр дарахыг шахах нь бүдүүлэг явдал. Ийм улиг болсон сурталчилгааны аргаас татгалзахгүй бол дагагчдаа алдах магадлал өндөр болно.
Оюутолгойн хэлэлцээр Улаанбаатарт үргэлжлэхээр болжээ
Оюутолгойн ТУЗ-ийн ХБХ, 2013 “Эрдэнэс Оюу Толгой" компаниас Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. ОТ-н Монголын талын ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн сарын 23-27-ны хооронд Лондон хотноо ОТ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцоод ирсэн юм. ТУЗ-ийн гишүүн Уул уурхайн яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу ярихдаа “Монголын талаас ОТ төсөлтэй холбоотой 22, хөрөнгө оруулагчийн талаас найм гээд нийт 30 асуудлын талаар санал солилцож 15-д нь тодорхой шийдэлд хүрч чадлаа. Шийдвэрт хүрсэн 15 асуудалд ОТ-н бүлэг ордод хамаарах боловч гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийг ОТ компанид шилжүүлж улмаар манай тал лизенцийн талбайгаас 34 хувь эзэмших зарчмын шийдэлд  хүрлээ” гэсэн юм. Дээрх шийдвэрийг гаргаснаар Монголын талын ашиг 1,4 тэрбум ам.доллараар нэмэгдэх эерэг талтай аж. Мөн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн шалтгааныг шалгах хоёр талын аидитын дүгнэлтийг энэ сарын 7-ноос эхлэх ажлын хэсгийн хуралдаанаар тулгаж эхлэхээр болсон байна. Харин далд уурхайн асуудлаар хууль эрх зүйн болоод бусад тулгамдсан зүйлийг мөн л ажлын хэсгээр хэлэлцэхээр болсон байна. ТУЗ-ийн хурлаас хоёр талын ажлын хэсгийг гурван чиглэлд байгуулж ажиллахаар болжээ. Үүнд: Зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголыг эрх бүхий байгууллагад танилцуулах, бүртгүүлэх Төслийн нэмэлт санхүүжилтийг нарийвчлан судлах зэргээр ажиллах юм байна. “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал, ОТ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн  “Лондонд болсон уулзалт амжилттай болсон гэж үзэж байна. Хуримтлагдаад байсан асуудлуудын тэн хагаст зарчмын тохиролцоонд хүрч чадлаа” гэлээ. Монголын талын ТУЗ-ийн гишүүд Лондонд байх хугацаандаа ОТ-н бусад хувьцаа нийлүүлэгч, жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлтэй уулзсан байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын байр суурийн талаар хувьцаа эзэмшигчид ташаа ойлголттой байдаг нь ажиглагдсан учир мэдээллийг бодит болгох тал дээр ажиллажээ. ТУЗ-өөс ажлын хэсгүүд хуралдаж эхэлсний дараагаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой гэлээ.
Н.Номтойбаяр сайн дураараа шалгуулахаар болжээ
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэмт хэрэгт холбогдсон  талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Цагдаагийн газраас түүнд эрүүгийн хэрэг үйлдсэн хэмээн хэрэг үүсгээд байгаа гэсэн бол үүнийг гишүүн өөрөө үгүйсгээд байгаа. Энэ ч үүднээс тэрбээр албан ёсны байр сууриа илэрхийлэхээр болсон. Харин түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар яригдаж байгаа тухай мэдээлэл бий. Гэсэн ч УИХ дахь Ёсзүйн хорооны дарга М.Батчимэг “Номтойбаяр гишүүний талаар ямар нэгэн гомдол ирээгүй. Түүний асуудлыг авч хэлэлцэх эрх байхгүй” гэсэн зүйлийг хэлсэн. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүн өөрийн хүсэлтээр Ёсзүйн дэд хороонд шалгуулах хүсэлтээ гаргажээ. Н.Номтойбаяр гишүүн Ёсзүйн дэд хороонд шалгуулах хүсэлт гаргажээ
Иргэн Ц.Мөнхбатын маргааныг хэлэлцэнэ
Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Мөнхбатын өргөдлийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар үүсгэсэн маргааныг аравдугаар сарын 09-нд Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр болжээ.   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй...” гэснийг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан учир хурлын товыг тогтоосон байна.
УИХ-ын намрын чуулганы нээлтэд 48 гишүүн иржээ
УИХ-ын чуулган УИХ-ын намрын чуулган 11.50 цагт гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд УИХ-ын 76 гишүүнээс 48 нь хүрэлцэн иржээ.  УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын намрын чуулганаар 2014 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2013 оны төсвийн орлогыг хэт өндөр тавьж баталснаас орлого, зарлагын тэнцвэр алдагдаж энэ удаагийн чуулганаар 2013 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч байна.    Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдлөг болгож 2014 оны төсвийг улс орны нийгэм, эдийн засгийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай нягт уялдуулан нухацтай хэлэлцэж батлах нь та бидний эрхэм зорилт болж байна гэлээ. Үүнээс гадна намрын чуулганаар хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн “Хөрөнгө оруулалтын тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хууль болон бусад эрдэс баялаг, уул уурхайн холбогдолтой хуулийг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж гаргах нь.
А.Шоовдорыг батлан даалтад гаргахгүй гэжээ
“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн удирдлагуудын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа бөгөөд захирал А.Шоовдорыг цагдан хорих хугацааг дахин сунгахаар болжээ. Харин хамт шалгагдаж буй дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг гадуур шалгаж байгаа юм. Хэдийгээр А.Шоовдорын өмгөөлөгч түүнийг батлан даалтад гаргах хүсэлтээ прокурорын байгууллагад гаргасан ч хүлээж авахаас татгалзсан байна.  А.Шоодор тэргүүтэй хүмүүс төрийн өмчийн хөрөнгийг өөрийн үүсгэн байгуулсан компанидаа шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос эхлэн шалгагдаж байгаа билээ.  АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат “А.Шоовдор нарын хүмүүс урьдаас үгсэн тохиролцож, аж ахуйн нэгж байгууллагад үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээс ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг байсан гэх хэрэгт шалгагдаж байгаа.  Мөн танил талаасаа худалдан авалт хийдэг байсан байж болзошгүй. Сүүлийн үед төрийн байгууллагын удирдлагуудын хувьдаа компани байгуулан, ашиг сонирхлын зөрчлийн улмаас өөрийн компанидаа мөнгө угаах, аливаа тендер, худалдан авалтад давуу эрх олгох хэрэг багагүй гарч байгаа. А.Шоовдор нарын хэрэг бол үүний нэг жишээ” хэмээн хэргийн талаар ярьсан юм.
Авлига авсан цагдаа нарыг шүүнэ
Баянгол дүүргийн шүүх Хилээр хууль бусаар самар гаргахыг завдсан Хятадуудаас их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа цагдаа нарын хэргийг өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд хянан хэлэлцсэн хэдий ч дуусгаагүй. Энэхүү авлигын хэрэг нь эзэн холбогдогч олонтой тул хэргийг шүүх хуралдаан өнөөдөр дахин үргэлжлэх юм.  Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагч 2012 оны хоёрдугаар сард хууль бусаар самар ачиж явсан Хятадуудын талаархи мэдээллийг иргэд дээрх цагдаа нарт мэдээлсэн ч самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Ингээд эл хэргийг нуун дарагдуулна хэмээн 40 сая төгрөгийг хахуульд авч их хэмжээний самрыг хилээр гаргасан хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа билээ.
Урт цагааны барилгыг нураана
Урт цагаан 1954 онд ашиглалтад оржээ Энэ жил СТӨ-г нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж засварласан. Харин Урт цагааны барилгыг нурааж шинээр барилга барихаар болжээ. Нийслэлийн өмчит обьектод дээрх хоёр том байгууламж багтдаг.  Түүх сөхвөл Урт цагаан 1954 онд, Соёлын төв өргөө 1989 онд ашиглалтад орж байсан байна.  Үүнээс гадна Нийслэлийн Өмчийн харилцааны газар бүртгэлтэй 630 орчим обьект байдаг. Эдгээр байгууллагуудад судалгаа хийсний үндсэн дээр 86 байгууллагын түрээсийг нэмэхээр болжээ..  Үүнд СТӨ, Спортын төв ордон, Усан бассейн, Хүүхдийн ордон зэрэг газрууд багтаж байгаа аж. Мөн энэ ондоо багтаж 28 барилга, байгууламжийг хувьчлах жагсаалтыг НИТХ-аар оруулахаар ажиллаж байгаа юм байна.
АНУ-д төрийн ажил зогсч, 800 000 төрийн албан хаагч ажилгүй боллоо
АНУ-ын Конгресс АНУ-ын Конгресс Төсвийн тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцээд Сенат руу буцаах шийдвэр гаргажээ. Энэ нь гурав дахь удаагийнх учир одоо тэндэнд төсвөө батлахад ганцхан цагийн л хугацаа үлдээд байв.  Хэрвээ ингэж чадахгүй бол аравдугаар сарын 1-нээс /АНУ-ын цаг  Монголоос 12 цагаар хоцордог/ эхлэн төрийн байгууллагын ажил зогсох байсан. Гэвч харамсалтай нь асуудал шийдэгдсэнгүй төрийн ажил зогсчээ.  Төсвөө баталж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь Конгрессийн доод танхимын олонхийг бүрдүүлдэг Бүгд найрамдахчууд эрүүл мэндийн салбарын төсөвт өөрчлөлт оруулахыг Ардчилсан нам болон Б.Обамагаас шаардаж байгаатай холбоотой юм.  Ингэснээр сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа төрийн ажил зогсч төрийн 800 000 ажилтан албан хаагч ажилгүй болжээ.
Монголын асуудал “Рио тинто”
Рио тинто Дэлхийн уул уурхайд шинэ хуудас эхлүүлээд байгаа Оюутолгойд Монголыг төлөөлөх ТУЗ-ийн гишүүд солигдоод удаагүй байна. ТУЗ-ийн өмнөх гишүүдээс ялгаатай нь эдийн засгийн талаар шаггүй мэдлэгтэй хэмээн олон нийт тэднийг онцолж байгаа. Иймдээ ч шинэхэн гишүүд гадаад захирлуудтай ширээний ард суухдаа судалгаа, шинжилгээнд үндэслэсэн шийдвэрүүдийг үзэглэхэд тустай гэж зарим нь дүгнэж байна. Энэ зуур өмнийн говийн энэ том ордын далд уурхайн бүтээн байгуулалтын дараагийн шатны санхүүжилтийг гацаанаас гаргахаар Монголын талын төлөөлөгчид Лондонд “Рио тинто”-той хэлэлцэхээр мордоод эхнээсээ нутагтаа хөл тавиад байгаа. Энэ тухай гадаадын хэвлэлүүдэд хэрхэн тоймлон нийтэлснийг хүргэж байна. Хилийн чанад дахь хэвлэлүүдэд энэ яриа, хэлэлцээний талаар өөр өөрсдийн өнцгөөс тайлбарласан мэдээлэл хэвлэгдсэн байна. Дэлхийд захиалга, хүртээмжээрээ эхний аравт жагсдаг томоохон хэвлэлийн нэг болох Хятадын “Peopledaily” цахим хэвлэл ч “Рио тинто” болоод Засгийн газрын хоорондын яриа хэлэлцээнд ихээхэн анхаарал хандуулжээ. Тэд энэ тухай хэрхэн мэдээлснийг дор хөрвүүлэв.   Peopledaily: Далд уурхай оюутолгойн 80 хувьтай тэнцэнэ Монголд Оюутолгойн талаарх маргаан цаг авах зуур гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 41 хувиар буурсан юм. Тэгвэл “Рио”-чууд хөрөнгө оруулалтын замдаа түр “тоормоз” аваад байгаа энэ үед далд уурхайн бүтээн байгуулалт Оюутолгойн үнэ цэнийн 80 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг нь уруудаж, валютын хомсдолд тийчилж буй Монголын Засгийн газар энэ цаг үед “Рио тинто”-г далд уурхайн ажил болоод хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хийхийг шамдуулсаар буй. Өнгөрсөн өвлөөс хойш “Рио тинто” групп далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн саналыг Монголын Засгийн газраар батлуулахаар хичээж байгаа юм. Гэсэн хэдий ч Засгийн газар хариу өгөөгүй бөгөөд байр суурь нь ч тодорхойгүй хэвээр байна. “Рио тинто”-гийн мэдээлснээр Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, АНУ-ын экспорт импорт банк зэрэг дэлхийн тэргүүлэгч банкуудаас энэхүү төслийг санхүүжүүлэхээр дөрвөн тэрбум ам.доллар босгохоор болоод байгаа юм. Australian mining: Оюутолгойг австралийн татвар төлөгчид санхүүжүүлнэ Оюутолгойн дараагийн санхүүжилтийн эргэн тойронд мэдээлэл хуримтлуулаад буй дараагийн хэвлэл бол 1908 оноос хойш Австралийн уул уурхайн салбарын толь болоод байгаа “Australian mininig.com” юм. Тэд энэ тухай хэрхэн мэдээлснийг хүргэе. Оюутолгой төслийн шинэ ерөнхийлөгчийг “Рио тинто”-гоос томилоод удаагүй байна. Шинэ ерөнхийлөгч Крэйг Киннель “Рио тинто”-гийн зэсийн салбарыг олон жил удирдсан туршлагатайг “West Australian” сонин мэдээлж буй. Далд уурхайн 4.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн асуудал гацаанд ороод байх зуур ийнхүү шинэ томилгоо биеллээ олсон юм. Ингэснээр шинэ ерөнхийлөгч нь “Рио тинто”-г Монголын Засгийн газартай холбох гүүр нь болно. Гэвч өнгөрсөн хугацаанд “Рио тинто” Монголын Засгийн газрын тэмцлийн үр дагаварт 1700 хүн уурхайгаас халагдсан билээ. Гэвч шинжээчдийн дүгнэж буйгаар Монголын Засгийн газар, “Рио тинто”-гийн хоорондох далд болоод ил уурхайн менежментийн зардал, бүтээн байгуулалтын зардлын талаарх асуудлыг шийдэх хэлэлцээ ихээхэн цаг хугацаа авахаар байна. Анхандаа энэ тухай Монголын талаас парламентын шийдвэрийг хүлээх ёстойг учирласан бол сүүлдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг ингэх шаардлагагүйг онцолсон билээ. Ямартаа ч Оюутолгой төслийн санхүүжилт Австралийн экспорт кредитийн агентлагаас үргэлжлэн санхүүжих бололтой. Тус агентлагаас мэдээлснээр тэд Австралийн татвар төлөгчдийн мөнгөөр төслийн зарим хэсгийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх юм. Морган Стэнли: Оюутолгойн нэгж хувьцаа 1.46 австрали доллар Хөрөнгө оруулагчдыг цаг үеийн мэдээллээр хангах зорилготой Австралийн “”eurekareport.com.au“ цахим хуудаст “Морган Стэнли” банкнаас Оюутолгойд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэснийг нийтэлснийг дор хөрвүүлэв. “Морган Стэнли” банкны мэдээлж буйгаар “Рио тинто”-гийн эхлүүлсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт чамгүй хугацаа авах нь. Тус банкны шинжээч Брэндан Фитцпатрик “Оюутолгойн далд уурхайн ажил хойшилсон нь “Рио тинто”-гийн зэсийн тээвэрлэлтэд нөлөөлөхгүй байх” гэжээ. “Бид 2013-2014 онд учирч болох эрсдэлийг хамгийн доод хэмжээнд нь хязгаарлаж чадсан” хэмээн тэрээр бас ярьсан байна. “Морган Стэнли”-гийн үзэж буйгаар Оюутолгой уурхайгаас 2015-2020 онд 33-37 сая тонн 0.9 хувийн зэсийн хүдэр олборлох боломжтой юм. Далд уурхай нь нийт зэсийн олборлолтыг 2015 он гэхэд хоёр хувиар өсгөх бол 2020 онд бүр 50 хувьд хүргэж нэмэгдүүлэх тооцоог тэд гаргажээ. Фитцпатрик Оюутолгойн одоогийн цэвэр үнэлгээг 103 тэрбум ам.доллар гэж үнэлсэн юм. Тэрээр Оюутолгойн бүх үнэт цаасыг 1.9 тэрбум ам.доллар буюу нэгж хувьцааг 1.46 австрали доллар хэмээн үнэлж байна. Энэ онд “Рио тинто”-гийн хувьцааны ханш 14 хувиар унаад байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа
УИХ дахь АН-ын бүлэг хуралдав УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналуудад Ардчилсан намын бүлэг ямар  байр суурь илэрхийлэх  тухай хэлэлцэж шийдвэрлэжээ.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байсан ч  тус хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг  зарим зүйлийг нягталж үзэх шаардлагатай  гэсэн учраас намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд тус хуулийг хэлэлцэхээр болсон. Тус хуулийн төсөлтэй холбоотой  зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналуудад  тус намын бүлэг байр сууриа нэгтгэхийн зэрэгцээ УИХ дахь бусад нам эвслийн бүлгүүдтэй нэгдмэл ойлголцолд хүрэх нь зүйтэй  гэж үзжээ. Тухайлбал мега төслүүдийг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Засгийн газрын гэрээний үндсэн дээр зохицуулахтай холбоотойгоор хөндлөнгийн санал орж ирснийг хэлэлцсэн.  Уг хуулийн төсөлд “500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгж өөрөө хүссэн  тохиолдолд Засгийн газартай гэрээ байгуулж болно” гэсэн заалтыг дэмжиж оруулах нь зүйтэй. Үүнээс гадна хөрөнгө  оруулалтын үйл ажиллагаанд “шалгалт” оруулах тухай заалтыг “хяналт” болгох нь зөв  гэж гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Дараагийн хэлэлцсэн асуудал нь  2024 он хүртэл  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төсөл. Хэлэлцэх эсэхийг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж,  нэлээд хэдэн сар өнгөрсөн байсан баримт бичгийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд ямар  асуудлуудыг анхаарч ажиллах талаар ажлын хэсэг болон Уул уурхайн сайдын мэдээллийг сонсож, 2024 он хүртэл  баримтлах бодлого учраас нухацтай хэлэлцэж нэн түрүүнд ҮАБЗ-ийн хурлаар оруулж санал авах хэрэгтэй гэв.
Засгийн газрын тэргүүн өмнөд хөршийг зорино
БНХАУ-ын нийслэл Бээжин Ерөнхий сайд энэ сард Хятад улсад албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй  холбогдуулан айлчлалын үеэр хөндөж хэлэлцэхээр төлөвлөж буй зарим асуудлын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолунтай өнөөдөр санал солилцлоо. Засгийн газрын тэргүүний айлчлалын хүрээнд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаанд түлхэц өгөх чухал яриа хэлэлцээнүүд хийгдэж, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргана гэдэгт Хятадын тал итгэлтэй байгааг, өндөр ач холбогдол өгнө гэдгийг Элчин сайд онцоллоо. БНХАУ-аас Монголд суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өмнөд хөршид хийх айлчлалын бэлтгэл хангахаар Монголын талаас ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Мөн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх нар Хятад улсад айлчилсан, удахгүй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр айлчилж, холбогдох яриа хэлцлүүдийг хийх юм байна.
Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай
Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай С.Бүтэмж гуай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаас 10 сарын 01-ний өдрийг Олон улсын  Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон  зарласан. Үүнээс хойш манай улс Монголын Ахмадын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Нийслэлийн Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 45 жилийн ой давхар тохиож байгаа юм. Нийслэлд 90 гаруй мянган өндөр настан амьдарч байгаагаас өнөөдрийн байдлаар 62 146 нь нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг байна. 80-аас дээш настай 7 144,  95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27 өндөр настан амьдарч байгаа. Харин хамгийн өндөр настай нь 108 настай Самбуугийн Бүтэмж хэмээх азай буурал Чингэлтэй дүүргийн 19-р хороонд энх, тунх амьдарч байна. Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул бөгөөд насаараа саальчин хийсэн байна. Нийслэлд 100-аас дээш настай 27 өндөр настан байна Энэ өдрийг тохиолдуулан “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Хүндэтгэлийн ажиллагаанд  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай,нийслэлийн 9 дүүргийн ахмадын төлөөлөл 1200 гаруй ахмад буурлууд болон бусад албан хүмүүс оролцсон юм. “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо Нийслэлийн Засаг дарга ахмадууддаа хандаж “Юуны өмнө Монголын ахмадын өдрийн баярын мэндийг нийт нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс азай буурлууддаа хүргэж байна. Монгол Улсын хөгжил дэвшил, урагшлах үйл ажиллагааны эхлэлийг бидэнд тавьж өгч, тусгаар тогтносон энэ сайхан улсыг буухиалан өвлүүлсэн ачтай хүмүүс бол та бүхэн юм. Тиймээс ахмад буурлууд та бүхнийг эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцлөөр хангахын тулд нийслэлийн удирдлагын шинэ баг хичээнгүйлэн ажиллаж байгааг энэ өдөр дуулгахад таатай байна. Та бүхнийгээ эрүүл, аюулгүй амьдрах эрхээ эдэлж, үр хүүхэд, ач зээдээ сэтгэл зовнихгүйгээр амьдрах таатай хотыг ойрын зургаан жилд бий болно. Ахмадуудын хамгийн тулгамдаж буй асуудлын нэг нь орон сууцны асуудал. Бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмадуудаа оруулах эхний ээлжийн 300 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн нийслэлийн Ахмадын хорооноос “Ахмадын орон сууцны цогцолбор” байгуулах тухай санал дэвшүүлсэн. Үүний дагуу зөвхөн орон сууц гэлтгүй эмнэлэг, чийрэгжүүлэх танхим зэрэг цогцоор нь шийдсэн цогцолборыг 3-4 газар байгуулахаар Улаанбаатар хотын 2020, 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт тусгаад байна. Та бүхнийгээ Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй амьдрах эрхээ эдэлж, үр хүүхэд, ач зээдээ сэтгэл зовнихгүйгээр амьдрах таатай хотыг ойрын 6 жилд бид бий болгох болно. Та бүхний итгэл найдварыг алдахгүй ажиллана. Азай буурлууддаа аз жаргал, сайн сайхныг чин сэтгээлээсээ хүсье” гэлээ. Ингээд “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээ баярын тоглолтоор үргэлжилсэн юм.
Хийтэй бизнес
Мэдээллийн уламжлалт хэрэгсэл болох сонин, сэтгүүл, радио, зурагт дээр 1990-ээд оноос интернэт, 2000 оноос гар утас нэмэгдэж, хэвлэл мэдээлэл эдийн засгийн томоохон салбар болж байна. Хэвлэлийн Хүрээлэнгийн тайлангаар (2011 оны эцсийн байдлаар) Монголд 126 сонин, үүнээс өдөр тутмын 16, долоо хоног тутмын 30 сонин гарч байна. Мөн долоо хоногийн 52, улирал тутмын 40 сэтгүүл хэвлэгддэг. Улаанбаатар хотын 12-оос дээш насны оршин суугчдын 14 хувь нь өдөр бүр сонин уншдагийн дийлэнх нь ажил эрхэлдэг, 30-аас дээш насны, дээд боловсролтой иргэд ажээ. Монгол Улсын 187 ТВ суваг байгаагийн 61 нь нийслэлд байна. Олон арван цахим хуудас, хүн амын тооноосоо давсан гар утсаар дамжсан мэдээллийн асар их урсгал манайд өрнөж байна. Энэ салбарын 400 орчим компанид 6500 орчим хүн ажилладаг, харин урлаг, уран сайхны салбар гэж бидний ангилдаг цэнгээний салбарыг нэмбэл 15000 гаруй хүн болох аж. Гаж онцлог Нийгмийг ил тод байлгахыг хамгийн их шаарддаг хэвлэл мэдээлэл өөрөө Монголд хамгийн хаалттай, нуугдмал салбар болж. Хэвлэл мэдээллийн компаниудын жинхэнэ эзэд хэн болох, эдийн засгийн үзүүлэлт нь ямар байгаа тухай мэдээлэл олох боломжгүй ажээ. Салбар, мэргэжлийн холбоод ч нэгдсэн мэдээлэл, тойм гаргадаггүй тул энэ салбарт хэдэн хүн ажилладаг, дундаж цалин нь хэд, хөдөлмөрийн бүтээмж ямар түвшинд байгааг харьцуулах аргагүй, зөвхөн тандан таамаглах л үлддэг. Харин хэвлэл мэдээллийн салбар дотроо арай хурдтай хөгжиж, өрсөлдөөн харьцангуй ширүүн өрнөж буй телевизийн салбарын тухай арай тодорхой ярих боломж бүрджээ. Учир нь бүх сувгийн бүх нэвтрүүлэг ба үзэгчийн судалгааг олон улсын аргачлалаар гаргадаг болсон байна. Нүүрээ будаагүй байхдаа Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын хагас нь амьдарч, насанд хүрсэн иргэдийн 75 хувь нь чөлөөт цагаа зурагт үзэж өнгөрүүлдэг гэсэн судалгааны дүнгээс харахад ТВ нийгэмд ямар чухал нөлөөтэй нь харагдаж байна. “Максима” судалгааны төв тодорхой аргачлалаар түүвэрлэсэн айлуудад тусгай электрон төхөөрөмж суурилуулан, хотын бүх телевизийн, бүх хөтөлбөрт 24 цагийн ажиглалт хийж, гарсан нэвтрүүлэг, сурталчилгааны хугацаа, давтамжийг нэг талаас, нөгөө талаас хэн ямар нэвтр үүлэг, сурталчилгаа үзэж байгаа загвар тооцоог өндөр нарийвчлалтай гаргадаг болжээ. Энэ судалгааг дэлхийн олонх оронд хийдэг хоёрхон аварга байгууллагын нэг болох Англид төвтэй “Кантар Медиа” компанитай хамтарсан эл судалгаанаас сонирхолтой ажиглалт хийж болно. Судалгаа хийж эхэлснээс хойших үр дүнгээс ажиглахад Монголын хамгийн олон үзэгчтэй ТВ-ийн рейтинг 5.0 хувьд л хүрч байж. Мөн Улаанбаатар хотод цацагдаж буй ТВ сувгуудын 60 хувь нь тав хүрэхгүй хувийн рейтингтэй байна. Өөрөөр хэлбэл 5000 хүрэхгүй үзэгчтэй гэсэн үг. Монголын бүх суваг нийлээд хамгийн ихдээ үзэгчдийнхээ 30 хувийг л татдаг аж. Энэ 30 хувийн тэн хагасыг нь 60 суваг дотроос “Топ 10” нь л бүрдүүлж байна. Энэ 10-т МҮОНТ, ТВ5, “Монгол” ТВ, “Боловсрол”, UBS, MN25, TV9, SBN багтдаг бөгөөд “Шинэ дэлхий”, “Эх орон”, NTV, “Movie box, “Dream box” сувгууд хүчтэй өрсөлдөж байна. Харин телевизүүдээр явуулж байгаа нийт сурталчилгааны талыг 20 том компани нийлүүлж, үлдсэн талыг нь 1170 компани, байгууллага нийлүүлдэг аж. Зар сурталчилгаа нийлүүлсэн үнийн дүнгээр ТОП 20-д "MCS" холдинг, “Юнител”, “Номин” холдинг, “Монос”, “Наран” групп, “Мобиком”, “Скайтел”, “Таван богд” групп, АПУ, BSB, “Витафит”, "Саммит" ХХК, “Бодь” групп, Хас банк, “Некст”, “Макс”, “Женко” групп, ХААН банк, MSM, “Түшиг”, “Жем интернэшнл”, “Жи-Мобайл” оржээ. Хотын бүх сувгуудаар 2013 онд цацагдсан сурталчилгааны төлбөрийг сувгуудын зарласан үнэ, цацсан секундээр тооцон гаргахад 94 тэрбум төгрөг гарахаар байгаа нь өнгөрсөн оныхоос 10 орчим хувь өсөлттэй байна. Анхаарал татаж буй өөр нэг тоо бол 2010 онд 2500 компани 4535 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилсан бол энэ тоо 2012 онд 1193 компани, 2546 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ болж буурсан бөгөөд энэ онд ч багасах хандлагатай байна. Зар сурталчилгаа нийлүүлдэг байгууллага, бүтээгдэхүүний тоо цөөрөөд байхад цацалтын хэмжээ өсөх хандлагатай байгаа нь ямар учиртай юм бэ? Жил бүр ганц нэгээр тогтохгүй сувгууд шинээр бий болж байна. Тэд ямар нэг аргаар рекламын орлого олох ёстой бөгөөд тэдний реклам татах нэг арга нь томоохон компаниудын рекламыг “үнэгүй” цацах байдаг. Үзэгчийн тоогоор орлого нь хэмжигддэг ТВ сувгуудаас зар сурталчилгаа нийлүүлэгч үзэгч л худалдаж авах ёстойгоос биш цаг худалдаж авах ёсгүй. Гэтэл тэд үзэгчийг тоолж, мөнгөө баталгаагүй эфирийн цаг худалдаж авахад зарцуулж байна. Ядуу агуулгатай, ялгаагүй сувгууд Монголын ТВ сувгуудын үзэгчид тохиолдлын чанартай Оюутолгойн хэлэлцүүлэг, Ерөнхийлөгч оролцсон “Зуун эрхэм”, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн, “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киног эс тооцвол Солонгосын олон ангит киноноос 3-10 дахин бага болохыг судалгаа харуулав. Монголын телевизийн сувгууд агуулгадаа хувьсгалт өөрчлөлт хийж, үзэгчдээ мэдрэн хоорондоо ялгарч, өөрийн гэсэн үзэгчидтэй болбол сурталчилгаа нийлүүлэгч компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Телевизүүд үнээ багасгах замаар өрсөлдөж байгаа нь бүтээгдэхүүний маркетингийн ялгааг үгүй хийж, Эрээний барааны сурталчилгаа дэлхийн алдартай брэндийн сурталчилгаатай холилдоход хүрч буй учир зурагтад сурталчилгаа өгөхөөс том нийлүүлэгчид татгалзах боллоо. Хөтөлбөрийн бодлогоо бизнесийн бодлоготойгоо уялдуулж, аль болох олон үзэгч татах арга эрэлхийлдэг гаднын ТВ-үүдийн Маркетингийн албанаас манай ТВ-үүдийн Маркетингийн албаны үүрэг тэс өөр байна. 2013 оны VIII сарын дунджаар авч үзвэл оройн буюу оргил цагаар Монгол сувгуудыг хотын 261 мянган үзэгч, гадаад сувгуудыг 91 мянган үзэгч үзжээ. Энэ бол судалгаа хийгдэж эхэлснээс хойш тасралтгүй ажиглагдсан үзэгдэл бөгөөд Монголын ТВ-үүд зах зээлийнхээ 30-40 хувийг гаднын сувгуудад алдаж байгааг харуулж байна. Тэгээд ч гадаад хэл дээр ТВ үзэж байгаа үзэгчид ямар түвшний үзэгч байх боломжтойг бодолцох л ёстой. Хамгийн олон үзэгчтэй хөтөлбөр нь Солонгосын олон ангит кино юм бол үзэгч татаж чаддаг Монгол хөтөлбөр гэж байна уу? Эргэцүүлэл Хэвлэл мэдээллийн зах зээлийн хэмжээ, өсөлт бага байгаа нь эдийн засгийн бүх салбарт, түүний дотор хэвлэл мэдээллийн салбарт өөрт нь шударга өрсөлдөх боломж хомс байгаад оршино. Өрсөлдөх чадвар дорой, боломж муу салбарт л үнээ хямдруулж өрсөлддөг бөгөөд аажмаар бүх тоглогч алдагдалд ордог. Манай сурталчилгааны зах зээл 60 биш, зургаан суваг л олон улсын түвшний үйл ажиллагаа явуулахад хүрэхээр байхад энэ олон сувгууд алдагдалтай ажиллаад, болоод байгааг яаж ойлгох вэ? Энэ бол Монгол Улсад хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн үзэл бодлыг төөрөлд үүлэх, тархи угаах зориулалтаар ашиглах сонирхол бат бөх оршиж байгааг илэрхийлж буй хэрэг. Монголын хэвлэл мэдээллийн салбарт “хаалтын гэрээ” буюу тодорхой асуудал, хувь хүний талаар ямар ч үед, юуг ч гаргахгүй гэсэн өндөр үнэтэй тохиролцоо явдаг тухай ярилцах боллоо. Тодорхой мэдээлэл бүх том сайтаас цагийн дараа алга болчих жишээтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд нь яг хэн болох, улс төрийн нам хүчинтэй холбоотой эсэхийг нийтэд зарлах шаардлагатай байна. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэд үйлчилдэг гэдэг утгаараа санхүүгийн үзүүлэлт нь ил тод байх учиртай. Төр засгийн сурталчилгааны санхүүжилтийн тайланг ил болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг тодорхой шалгуураар сонгон төлб өртэй сурталчилгаа хийлгэх, ер нь нийтийн үйлчлэгчид, ялангуяа сайд болон УИХ-ын гиш үүд өөрсдийн зурагтай мэндчилгээ, нэвтр үүлгийг татварын мөнгөөр захиалж хийлгэхийг хязгаарлах цаг болжээ. Медиа салбарт шударга өрсөлдөөн явуулах нөхцөл бүрдвэл сурталчилгааны зуучлагч, медиа сурталчилгааны бөөний тоглогч зэрэг шинэ бизнес бий болж, сурталчилгаа нийлүүлэгчид зорилтот хэрэглэгчтэйгээ харилцаж чаддаг болно. Энэ салбар хийгээр дүүрчихжээ. Төр засгийн зохицуулалтаас гадна зах зээлийн өөрийн зохицуулалтын үр дүнд хий нь гарч, бүх тоглогчид байр байрандаа очсоны дараа сая шударга өрсөлдөөн өрнөнө. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тооны өсөлт биш, зөвхөн шударга өрсөлдөөн л чадвартай боловсон хүчнийг төр үүлж, хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсөнд чанарын өөрчлөлт гарах болно. Хэвлэл мэдээллийн салбар Монголын нийгмийн “нөлөөт” биш, тунгалаг толь нь байх учиртай.
Н. Номтойбаяр: Тэр өдөр хэн нэгэн хутга мэсэнд өртсөн зүйл байхгүй, хохирогч байхгүй
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр холбогдоод байгаа хэргийнхээ талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодруулбал,  есдүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших МУИС-ийн хоёрдугаар байрны дэргэдэх “Le Triskell” хэмээх франц ресторанд болсон хүйтэн мэсээр нэгийгээ гэмтээсэн гэх үйл явдлын талаар эрхэм гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд товчхон мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,  нэр төрөө сэргээлгэхээр өөрийгөө Ёс зүйн дэд хороонд шалгуулахаар өгөөд байгаа аж.  Мөн тухайн өдөр юу болсон талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа  “Тэр өдөр хэн нэгэн хутга мэсэнд өртөөгүй гэдгийг хэлье. Бас хохирогч байхгүй. Харин ч Г.Нямдорж /Мунзуй гэх хочит/ надад халдахыг завдсан учраас өнөөдөр би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст иргэн хүнийхээ хувиар гомдол гаргалаа.  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс өнөөдөр 13.00 цагт надад албан бичиг ирүүлсэн. Болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөөч гэсэн байна. Түүний дагуу би мэдүүлэг өгнө.  Та бүхэн тухайн өдөр яг юу болсон талаар сонирхож байгаа бол  Цагдаагийн байгууллагаас мэдээлэл аваарай. Ямартай ч тэнд хүн гэмтсэн, би өөрөө бэртсэн асуудал ерөөсөө байхгүй.  УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын бүрэн эрх гэж бий, түүгээрээ би саад тотгор тавихгүй, ил тод нээлттэй байж, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ” гэсэн хариулт өглөө.
Нийтийн тээврийн зогсоолуудад шалгалт хийхээр болжээ
Зогсоолын нэгдсэн үзлэгт төвийн зургаан дүүрэг, зуслангийн эцсийн болон дундын зогсоолууд хамрагдана Шалгалтаар  мэргэжлийн байгууллагууд хамтран нийтийн тээврийн үйлчилгээний автобусны дундын болон эцсийн зогсоолын байршлыг тогтоож, баталгаажуулах аж. Зогсоолын нэгдсэн үзлэгт төвийн  зургаан дүүрэг, зуслангийн эцсийн болон дундын зогсоолууд хамрагдах юм байна.  Иргэдийн шаардлагыг хангасан, соёлтой үйлчилгээг бий болгох, нийтийн эзэмшлийн зогсоол, талбайг зориулалтаар нь ашиглах, кадастрын зураглалд оруулан баталгаажуулах, бүртгэлд бүрэн хамруулах, өөрчлөх, шилжүүлэх шинээр байгуулах, байршлыг оновчтой тогтоох зорилгоор Нийтийн Тээврийн газар, нийслэлийн Замын Цагдаагийн газар, нийслэлийн Автозамын газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар хамтран үзлэг, шалгалт хийх болжээ.
Манай тамирчид 18 алтан медальтай ирлээ
Оюун ухааны академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн Хонконгд болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсон бөгөөд 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж багаараа хоёрдугаар байрт орсон баяртай мэдээ бидэнд ирлээ. Олон улсын энэ тэмцээнд 11 орны 110 тамирчин ой тогтоолтын 10 төрөлд бага, дунд, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлджээ.  Энэ тухай Оюун ухааны академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар "Манай ой тогтоолтын тамирчдын амжилт ирэх сард Лондонд болох Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход бэлэн болсон гэдгийг харууллаа" гэсэн юм.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулжээ
Монгол банкны ерөнхийлөгч Х.Золжаргал “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулжээ Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд үндэслэн шаардлагатай зорилтуудыг дэвшүүлдэг. Энэ дагуу эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдлыг Бодит сектор, Гадаад сектор, Улсын төсвийн болон Мөнгө, санхүүгийн гэсэн үндсэн дөрвөн сектор тус бүрээр авч үзжээ.
Энэ сарын 15 гэхэд бүх оюутан смарт карттай болно
Оюутнууд өнөөдрөөс нийтийн тээврээр зорчихдоо шар виза картаар бус смарт карт хэрэглэж эхлэхээр болсон. Энэ талаар МОХ-ны Нийтийн тээврийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодрууллаа.  Шинээр тараагдаж байгаа смарт карт өмнөхийгөө  бодвол олон талын ашигтай гэсэн. Энэ талаар тодруулаач? -Энэхүү смарт картаар оюутнууд ямар нэгэн нэмэлт бичиг баримтгүйгээр, цаг, чиглэл харгалзахгүй ажлын тав хоног нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Мөн уг карт нь 100 мянган төгрөг хүртэлх нөхөн олговор буюу эрсдлийн даатгалтай байгаа. Мэдээллийн дөрвөн сайтад үнэ төлбөргүй орох “Жи-Мобайл”-ын 15 мянган төгрөгийн дата эрх  дагалдаж байна. Түүнчлэн хөнгөлөлттэй үйлчлүүлж болох байгууллагуудтай бид уул­залт, ярилцлага хийж байна. Тий­мээс цаашдаа смарт картаар хөнгө­лөлт­тэй үйлчлүүлэх олон байгууллага­тай болох байх гэж бодож байгаа.  Смарт картаар банкны гүйлгээ, худалдан авалт зэргийг хийх боломжтой гэж байсан? -МОХ Төрийн банктай хамт­ран нэвтрүүлж буй энэхүү смарт картаар зөвхөн нийтийн тээв­рээр үнэгүй зорчоод зогсохгүй банкны гүйлгээ хийх, худалдаа хийх зэрэг өргөн боломжтой гэдгээрээ өмнөх картаас давуу байгаа. Тухайн оюутан Төрийн банкны аль нэг салбар дээр очоод картынхаа пин кодыг аваад шууд ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих картаараа оюутны 70 мянгаа авах, холын аймгаас эцэг, эхээсээ шилжүүлсэн мөнгөө авах зэргээр шууд ашиглах боломжтой.  113 мянган оюутан өнөө­дөр бүгд картаа авч чадсан болов уу? -Хоёрдугаар курсээс дээш оюутнуудын смарт картын захиалгыг хавар авсан. Эдгээр оюутнууд буюу 60 орчим мянган оюутан смарт картаа өнөөдөр /өчигдөр/ авсан. Нэгдүгээр курсийн оюутнууд смарт картаа аваагүй байгаа. 14 хоногийн дараа гэхэд бэлэн болчихно. Төгсөгчид аль сургуульд орох нь тодорхойгүй учраас нэгдүгээр курсын захиалгыг намар авч хэвлэхээс өөр аргагүй. Тиймээс одоо үлдсэн 40 орчим мянган смарт картыг 14 хоногийн дараа бэлэн болно. Өөрөөр хэлбэл, энэ сарын 15 гэхэд 113 мянган оюутан картаа бүрэн авч дуусна гэж төлөвлөөд байна. Зарим нэг оюутны картууд зөрчилтэй гээд хэвлэгдээгүй байна гэсэн. Тэдгээр зөрчил­тэй смарт картуудыг энэ сарын 15 гэхэд хэвлээд өгчих юм уу? -Хэвлэлтэд орох явцад ямар нэгэн байдлаар зураг нь үрэгдсэн, анкет нь гаргацгүй бичсэн зэрэг шалтгаанаар зөрчилтэй гээд хэвлэгдээгүй картуудыг энэ сарын 15-наас хойш хэвлэлтэд оруулна. Тухайлбал, гаргацгүй бичсэн анкетыг дахин бөглүүлэх, үрэгдсэн зургийг дахин авах зэргээр бэлтгэл ажлыг хийгээд хэвлүүлнэ гэсэн үг.  Өнгөрсөн хавар виза кар­тын захиалгаас хоцорсон оюут­нуудыг нэгдүгээр курсийн оюут­нуудын дараа бүртгэнэ гэж байсан. Хэзээнээс бүртгэх вэ? -Жил бүрийн намар виза картын асуудлаас болж хичээлийн жилийн эхний 1-2 сар оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж чаддаггүй. Тиймээс МОХ-ноос энэ хичээлийн жилд ашиглагдах виза картын захиалгыг өнгөрсөн хавар авсан. Харин нэгдүгээр курсийн буюу хавар виза картын захиалгаас хоцорсон оюутнуудыг хамтад нь сая бүртгэж авсан.  Шинээр тараагдаж байгаа смарт карт хуучин виза карт шиг хуурамчаар хийх зэрэг сөрөг асуудлуудыг дагуулах болов уу? -Смарт картыг хуурамчаар хийх ямар ч боломжгүй. Өмнө нь стикерийг нь оюутны холбоо, зөвлөлүүдээр дамжуулан өгөх зэргээр гадуур хамаагүй тараадаг байсан. Тиймээс хуурамч виза карт гарах магадлал бүрддэг байсан. Харин шинэ смарт картын стикерийг бид өөрсдөө нэгбүрчлэн нааж өгч байна. Тиймээс смарт картыг дагасан сөрөг үр дагаварууд гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
Байнгын хороод дахь гишүүдийн хуваарилалтыг хуульд нийцүүлэхийг шаардана гэв
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ.  МАН-ын бүлгийн хувьд ээлжит бус чуулганаас намрын чуулганд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн таван хуулийн төслөөс Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд тусгах саналуудын талаар байр сууриа нэгтгэсэн байна. Харин үлдсэн хуулийн төслүүдийг Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар "Урт нэртэй" хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг өргөтгөх, лицензийн асуудал яригдаж байгаа газруудтай намуудын бүлгийн гишүүд очиж танилцах, энэ асуудлаар нэгдсэн ойлголттой болсны дараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр ойлголцсон гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.  УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр хэлэлцэгдэж буй хуулиудын төслийн талаар МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлт, мэдэгдэлдээ эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсний бурууг бусдаас хайхаас илүүтэй намууд санал бодлоо уралдуулж хүндрэлийг даван туулах зөв гарц олох шаардлагатайг эрх баригчдад сануулсан. Мөн ийм байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардсан билээ. Гэвч өнөөг хүртэл эрх баригчид мэдэгдэлд хариу өгөхгүй байгаа учраас дахиад албан бичгээр шаардахаа МАН-ын бүлгийн дарга мэдэгдлээ.
Бүгд Найрамдах Суринам Улстай дипломат харилцаа тогтоолоо
Монгол Улс Бүгд Найрамдах Суринам Улстай дипломат харилцаа тогтоолоо Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон юм.  Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Бүгд Найрамдах Суринам Улсын Гадаад хэргийн сайд Винстон Г.Лакин нар гарын үсэг зурлаа.  Бүгд Найрамдах Суринам Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна. Mонгол Улс Латин Америкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байгаа бөгөөд үүний нэгэн илэрхийлэл бол Бразил Улсад ЭСЯ-аа нээхээр шийдвэрлэсэн юм.
Сонгодог урлагийн их өргөө үзэгч таныг хүлээж байна
Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 51 дэх тоглолтын улирлынхаа нээлтийг хийхээр шамдан ажиллаж байна. Энэ жил театрын тоглолтын улирлыг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар нээх аж. Театр гадна, дотор засвар хийж өнгөлөг, тодхон болж үзэгч олноо угтаж байна. Зуны турш хийлгэсэн засварын ажлаа үзэгч олноороо дүгнүүлж ирэх улирлын хөтөлбөрөө танилцуулах гээд хэн хүнгүй сэтгэл догдлон байсан. Энэ сарын 5, 6-нд “Чингис хаан” дууриар тоглолтын улирлаа нээгээд, 12-нд “Хунт нуур”, 13-нд “Үйлийн гурван толгой” бүтээлүүдээр балетын улирлаа эхлүүлэхээр зэхжээ. Харин 11-нд ОХУ-ын Эрхүү мужийн симфони оркестрын концерт, 19, 20-нд “Оросын балетын одод” тоглолт, 26-нд дахиад “Чингис хаан” дуурьтай бол 27-нд “Жизель” балет тоглоно. Мөн театрынхан энэ сард зүүн бүст аялан тоглолт хийх бөгөөд 9, 10-нд Хэнтий, 12, 13-нд Дорнод, 14,15-нд Сүхбаатар аймагт “Учиртай гурван толгой” дуурь, хүүхэд залууст зориулсан концерт, нэгдсэн концерт гэсэн хөтөлбөрөөр орон нутгийн үзэгчдэд үйлчлэх юм байна.
"Петровис"-оос бусад нь ерөнхий сайдыг үл тоов
Сүүлийн хоёр долоо хоног зарим ШТС-ууд АИ-92 болон дизелээс бусад шатахууныг "Тог тасарсан”, “Засвартай”, “Дууссан” гэсэн шалтгаанаар зарахгүй байв. Тухайлбал “Содмонгол”, “Жаст ойл” зэрэг компани. “МТ ойл” ч гэсэн АИ-92 бензинээ элдэв шалтгаар зарахгүй байсан юм. Энэ тухай манай сонин анхлан хөндөж “Шатахуунаар бойкот хийж байна уу” нэртэй нийтлэл гаргасан билээ. Гэтэл есдүгээр сарын 30-ны өглөөнөөс монголчууд 50 төгрөгөөр үнээ нэмсэн шатахууныг худалдаж авах болсноо мэдлээ. Үүнтэй зэрэгцээд өнөөх ШТС-уудын шатахуунаа зарахгүй байсан элдэв шалтгаанууд шувтарсан нь эдгээр компаниуд үнэ нэмэгдэхийг хүлээж байсныг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, байхгүй мэт жүжиг тавьж байгаад үнээ нэмэв. Засгийн газраас шатахуун импортлогч компаниудад үнээ нэмэхгүй гэсэн нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгосноос хойш эхлээд 20 төгрөгөөр нэмсэн бол одоо 50 төгрөгөөр өсгөж орхив. Тэд үнэ нэмсэн шалтгаанаа ч тайлбарласангүйгээр барахгүй үнэ нэмэх хүсэлтийг тодорхой албан байгууллагуудад гаргалгүйгээр ийнхүү аашилсан нь Монгол Улсын хууль тогтоомжийг огтхон ч хайхардаггүйн баталгаа болох шиг боллоо. Тэр тусмаа ард иргэд гэгч хамгийн их хохирч буй тэр том массыг “хоол горьдсон гөлөг мэт” үзэв. Уул уурхайн сайд Д.Ганхуяг долоохон хоногийн өмнө “Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 37 хоногийн нөөцтэй байгаа. Шатахуун импортлогч компаниудад А-80 бензин 30, АИ-92 бензин 41, дизель түлш 30, ТС-1 42 хоногийн нөөц байна. Улсын нөөцөө нэмж тооцвол хангалттай газрын тосны бүтээгдэхүүн бий гэсэн үг” хэмээн мэдэгдсэн. Энэ мэдэгдэл хийж байх яг тэр үед компаниуд шатахуунаа “дууссан”, “засвартай” гэсэн шалтгаанаар зарахгүй байсан юм. Тийм ч болохоор нэр бүхий үнээ нэмсэн, үндэслэлгүйгээр жижиглэнгийн худалдаагаа тасалдуулсан компаниудыг шалгана гэдгээ Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн мэдэгдсэн байна билээ. Эдгээр компаниуд дунд үнээ нэмээгүй нь “Петровис”. Тус компанийн хувьд өнгөрсөн жилийн өдийд яг ийм шалтгаанаар үнээ нэмж түүнийхээ хариуд “навс” шатсан. Шударга өрсөлдөн хэрэглэгчийн төлөө газраас “Петровис” болон өөр хэд хэдэн компанийг үндэслэлгүйгээр, нөөц хангалттай байгаа үед шатахууны хомсдол үүсгэсэн гэсэн шалтгаанаар 4,9 тэрбум төгрөгөөр торгосон билээ. Харин өнөөдрийн хувьд дээрх нэр бүхий компаниудыг шалгаж, буруутай нь тогтоогдвол мөн адил хуулийн арга хэмжээ авах сураг байна. Хуулийг гууль болгосон “данхар” компаниуд уг нь энэ зэргийн учраа мэдэх учиртай сан.
73 настай Excel зураач Тацуо Хориучи
73 настай Тацуо Хориучи Тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн буюу 13 жилийн өмнө Тацуо Хориучи гуай ямар нэгэн шинэ зүйл сурахаар шийдсэн байна. Тэрээр одоо 73 настай. Тэгээд компьютер дээр зураг зурж сурахаар шийджээ. Компьютер худалдаж аваад, зургийн програм худалдаж авах гэтэл их үнэтэй байсан байна. Тиймээс бэлэн байсан Microsoft Excel програмын график боломжийг ашиглан уран бүтээлээ туурвих санаа тѳржээ. Сонирхолтой нь тэрээр амьдралынхаа туршид Excel огт ашиглаж байгаагүй гэнэ.  Харин хүмүүсийн хийсэн график бүхий баримт бичгүүдийг харж байжээ. Үүнээсээ өмнө тэр Microsoft Paint, Word зэрэг програмуудыг туршиж үзсэн боловч Excel илүү таалагджээ. Түүний уран бүтээлүүд анх 2006 онд "Excel Autoshape Art Contest" уралдаанд оролцсоноор нийтэд танигдаж эхэлсэн байна. Тэр уралдаанд бүтээлүүд нь бусдаас хол тасархай түрүүлж нэгдүгээр байр эзэлсэн гэнэ. Түүгээр ч барахгүй орон нутгийн "Gunma Museum of Art" музей бүтээлүүдийг нь хүдалдаж авсан ажээ. Эдгээр бүтээлүүд Excel дээр хийсэн гэхэд итгэмгүй. Та зарим Excel файлыг нь татаж үзэх ч боломжтой юм. Тацуо Хориучийн бүтээлүүдээс Интоор цэцэглэх цагаар Жого шилтгээнд (2006 он) (татах линк http://www.moug.net/img/campaign/2006/a1.zip) Excel дээр хийсэн Кегоны хүрхрээ (2007 он) (татах линк  http://www.moug.net/img/campaign/2007/a3.zip)
1000 оюутны байр удахгүй ашиглалтад орно
1000 оюутны дотуур байр УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нарын санаачилгаар Арслантай гүүрний урд байрлах оюутны хотхонд “1000 оюутны байр” шинээр бариулсан билээ. Хоёр корпус бүхий уг байрыг 2011 оны тавдугаар сараас эхлэн барьж, өнгөрсөн оны наймдугаар сард ашиглалтад өгөх ёстой байсан. Анх төсөвлөсөн хөрөнгөнөөс нь нэг тэрбум төгрөг дутаж байсан гэх уг байр хэзээ ашиглалтад орж, оюутнуудаа хүлээж авахыг Монголын оюутны холбооны дэд захирал Д.Батчулуунаас тодрууллаа.  -“1000 оюутны байр” хэзээ ашиглалтад орох вэ? -Барилгын ажил дууссан. Сургууль бүрт уг байранд авах оюутны тоог өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл сургуулиуд дээр нь бүртгэл хийгээд эхэлчихсэн. Энэ сарын 10 гэхэд оюутнуудаа хүлээж авна гэсэн төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэгч компани энэ сарын 5-нд байраа хүлээлгэж өгөх юм. -Дотор тохижилтын хөрөнгө шийдэгдээгүй гэж байсан. Юу болсон бэ? -Дотор тохижилтыг сургуулиуд өөрсдөө хийнэ. Бид сургуулиудын төлөөлөлтэй уулзахад ор, ширээ, сандал бэлэн болсон гэсэн хариу өгсөн. Улсын комисс байраа хүлээж аваад оюутнуудаа оруулна. -Энэ байрыг анх барихдаа шилдэг оюутнуудыг оруулна гэж байсан. Ямар шалгуураар оюутнуудыг оруулах вэ? -Хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудыг оруулна гэсэн шаарддагыг МОХ-ноос тавьсан. Яг ямар хүүхдээ оруулахыг тухайн сургууль өөрсдөө шийднэ. Түүнээс биш дүнгийн голч хараад өндөр оноотой оюутнуудыг оруулна гэсэн зүйл байхгүй. -Нэг сургуулиас хэдэн оюутан орох бол? -Нийт 50 сургуулийн 1000 оюутан орно. Сургуулиудын оюутны тоо харилцан адилгүй байгаа. Дунджаар нэг сургуулиас 8 оюутан авна. -Хэдэн төгрөгийн төлбөртэй вэ? -Төлбөрийг яамнаас батлана. МОХ-ноос 500 мянган төгрөгийн төлбөртэй байлгая гэсэн санал өгсөн. Эцсийн шийдвэрийг яам гаргана. Бидний санал болгосон үнэ хотын төвийн шинэ байр гэсэн утгаараа дундаж төлбөр гэж үзэж байгаа.
iPhone-ы тусламжтай гэртээ шар айраг исгэдэг болно
iPhone-оо Brewbot машинтай Bluetooth-ээр холбоно Гэрийн нөхцөлд шар айраг исгэх нь нэлээд ярвигтай, туршлага, тэвчээр шаардсан ажил. Тэгвэл нэгэн компани хялбар аргаар гэртээ шар айраг хийх машиныг зохион бүтээж байгаа юм байна. Brewbot машиныг ашиглан хэн ч шар айраг үйлдвэрлэж болно. Ингэхдээ та iPhone-оо Brewbot машинтайгаа Bluetooth-ээр холбоод тусгай апп-ын тусламжтай жор, орцын хэмжээгээ тааруулаад, исгэх процессыг бүрэн удирдана. Усны хэмжээгээ тааруулах, халуун хүйтнийг нь хэмжиж тохируулах гээд бүгдийг хийж болох аж. Зохион бүтээгчид нь Британий нэгэн баг бөгөөд одоо Kickstarter сайт дээр хөрөнгө оруулалт босгож байгаа гэнэ. Хэрвээ та Brewbot-ын анхны хэрэглэгч болохыг хүсвэл Kickstarter дээрх төсөлд нь 2400 ам.доллар хандивлах хэрэгтэй болох юм.
Венесуэл америкийн гурван Дипломатчийг хөөж явуулав
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Венесуэлийн эрх баригчид “тааламжгүй этгээд” хэмээн зарлав. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро орон нутгийн телевизээр мэдэгдсэн хэмээн AFP агентлаг өчигдөр уламжиллаа. Н.Мадурогийн хэлснээр бол, есдүгээр сарын эхээр сөрөг хүчнийхэн Венесуэлийн эрчим хүчний сүлжээний ажиллагаанд саад учруулахыг оролдсон бөгөөд Америкийн дипломатчид энэ үйлдэлд нь хамтран оролдсон гэнэ. Н.Мадуро "Тэд 48 цагийн дотор манай улсаас гарах ёстой" гээд “Yankees go home!” (Америкчууд гэр лүүгээ зайл!) гэжээ. Хөөгдөж буй дипломатчид АНУ-ын ЭСЯ-нд ямар алба хашиж байсныг Ерөнхийлөгч тодорхой хэлээгүй байна. Есдүгээр сарын эхээр Н.Мадуро мэдэгдэл хийж, Венесуэлийн эрчим хүчний системд хохирол учруулах гэсэн хэмээн АНУ-ыг буруутгасан билээ. Эрчим хүчний сүлжээнд гарсан ослын улмаас Венесуэлийн нутгийн 70 хувь, тэр дундаа нийслэл Каракас хот гэрэл цахилгаангүй болсноос хэд хоногийн дараа тэрбээр ийн мэдэгдсэн бөгөөд эрчим хүч, хүнсний хангамж, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулах замаар Венесуэлийн төрийн эрхийг гартаа авах төлөвлөгөөг Цагаан ордон нууцаар хэлэлцсэнийг олж мэдсэн гэхчлэн ярьсан билээ. Мөн тэрбээр өөрийнх нь амь насанд халдахаар хуйвалдсан хэмээн АНУ-ыг нэг бус удаа буруутгасан юм.
Самрын эзэн хятадуудаас хахууль авсан цагдаа нарт таван жил хорих ял оноов
Баянгол дүүргийн шүүх БНХАУ руу хууль бусаар их хэмжээний самар гаргахыг завдсан хятадуудаас 40 сая төгрөгийн авлига авч суллаж явуулах гэж байсан цагдаагийн ажилтан У.Раднаабазар тэргүүтэй таван хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуучнаар НХЭГ-ын ажилтан У.Раднаабазар, Б.Батбаяр, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нар албан үүргээ гүйцэтгэж яваад самар хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн атлаа хахууль авч, нуухыг завдсан нь тэднийг өргөст торны цаана суулгахад хүрээд буй юм. Харин уг хэргийн гол холбогдогч хятадууд хил давж зугтчихаад байгаа билээ.  Баянгол дүүргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, НПГ-ын хяналтын прокурор П.Халиун болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хурлаас хэргийн зуучлагч Ж.Оюунчимэг болон гол хүмүүс болох У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр таван жил нэг сарын хорих ялаар шийтгэжээ. Харин  Б.Төгсбаяр, Д.Энхбаатар, Т.Ууганбаатар нарт гурван жил таван сар хорих ял оноосон юм. Мөн шүүгдэгч тус бүрээс нь 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж нэмэгдэл ял оноожээ.
"С.Зоригийн хэргийг илрүүлээгүйн алдааг улс төрчид хүлээн зөвшөөрөх ёстой"
Улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор улс төр судлаач Л.Эрдэнэтуулыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. -С.Зориг бусдын гарт амь насаа алдсан энэ өдрийг  жил болгон хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж өнгөрүүлдэг.   Түүний дотнын анд, хамтран зүтгэгч байсан хүний  хувьд энэ өдөр танд  юу бодогддог вэ? -Ухаарлын, харамслын, гашуудлын  өдөр тохиож  байна. Харамсалтай. Яагаад гэвэл, уг балмад хэрэг илрэлгүй 15 жил өнгөрлөө. Энэ хугацаанд  юу хийв.  Хэргийг илрүүлэхийн төлөө төр, засаг, хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажилласан  бэ,  хэргийг илрүүлэхгүй удсанаар нийгмийн ёс суртахуун, гэмт хэргийн гаралтад ямар сөрөг нөлөө үзүүлэв. Энэ талаас ихээхэн хар сүүдэртэй хэрэг гэж үздэг. Зөвхөн  сайд Зориг, улс төрийн зүтгэлтэн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг ч биш, иргэн Зоригийн амь насыг хөнөөгөөд 15 жилийн хугацаанд алуурчид нь олдохгүй, зохих шийтгэлээ хүлээхгүй байгаа нь өнөөдөр Монголын иргэн хэнд ч ямар ч зүйл тохиолдож болно гэсэн маш том дохио юм. Иймд асуудлыг өргөн утгаар  авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр ард түмний амьдрал ядуурч, үнэ өсч байна, дээрээс нь ёс суртахууны төвшин буурч хүмүүжлийн доголдол, ялзрал шийдвэр гаргадаг улс төрийн хүрээллээсээ эхлээд дунд сургуулийн хүүхдүүдэд халдсан. Гэмт хэргийн тоо, гаралт улам залуужиж, зэрлэгшсэн. Монголын түүхэнд хэзээ ч гарч байгаагүй, бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь зэрлэгээр хөнөөх, хүнийг мөчилж, тамлан зовоож алах зэрэг  хэргүүд гарч байна. Хуулийн нэр томъёог махчилж хэлэх юм бол, гэмт хэрэг улам чанаржаад  улс орны хөгжлөөс илүү гэмт хэргээр  дэлхийн стандартад хүрэх гэж байна. Бидний огт мэдэхгүй, гадаадын киноноос үзсэн гэмт хэргүүд Монголд гарч эхэлсэн. Гэтэл улс орны хөгжил хоцрогдоод  байдаг. Ийм байхад захын хүн  “Зоригийн амь насыг хөнөөсөн  хэргийг илрүүлээгүй  байж ядарсан Дулмаа, Дорж нарт цагдаагийнхан туслах нь хаашаа юм” гэж   бодно. Энэ нь өөрөө гэмт хэрэг үйлдэх, үйлдэх санаатай байгаа хүмүүст маш том хүчин зүйл болоод байна. Тиймээс үүнд  сэтгэл дундуур байдаг. С.Зоригийн амь насаа алдсан хэргийг  анхнаас нь улстөржүүлэхдээ гол бус нийгэмд дохио өгөх утгаар нь авч үзэх ёстой  байсан. Би энэ тухай олон удаа ярьсан. Харамсалтай нь тухайн үед намайг буруутгаж, тэрийг ч хардлаа, энийг ч хардлаа, улстөржүүлсэн гэж нэр хоч өгсөн. Гэтэл эцэстээ  надтай адил байр суурьтай байсан хүмүүсийн зөв байсан нь илэрч гарч ирж байгаа. Нийгмийг цочроосон тэр том хэрэгт   ач холбогдол  өгсөн бол өнөөдөр бидний амьдрал харьцангуй гэрэл гэгээтэй, нийгэм ч хонгилын үзүүрт гэрэлтэй байх байсан болов уу. Өнөөдөр 1998 оны аравдугаар сарын 2-ныг дурсахаас  илүү тэр хэргийн илрэхгүй байгаа сөрөг үр дагаврыг маш том эмгэнэл гэж харж байна. -Монголын улс төрийн түүхээс харахад аравдугаар сар болгон  ямар нэгэн онцлох асуудалтайгаар өрнөж ирсэн байдаг. Одоо ч тийм байна. Тэгэхээр 1998 оны  энэ өдөр  тухайн үеийн  улс төрийн гал тогоонд ил далд  чухам юу болж байсан юм бэ? -Зориг маань харамсалтайгаар амь насаа алдсанаас хойш даруй 15 жил өнгөрлөө. Би түүнийг манай босс гэж дууддаг байсан юм, түүгээрээ нэрлэж  ярья даа. Түүнийг  байхгүй болсон  энэ хугацаанд яг тэр 1998 оны нөхцөл байдал байтугай, С.Зориг гэж хэн байсныг  мэдэхгүй бүхэл бүтэн үе гарч ирж эрийн цээнд хүрлээ. Одоогийн 18-20 настай хүүхдүүд 1990-ээд оны түүхийг мэдэхгүй. Миний 21 настай хүү  ч  мэдэхгүй. Боссыг нас барахад манай хүү зургаан настай байсан учраас үйл явдлыг яаж санах вэ. Уг нь бол өөрийг нь өхөөрдөж, тоглож, тоглоом чихэр өгч явсан хүмүүсийн нэг. Гэтэл миний хүү түүний тухай мэдэхгүй, ээжийн дарга байсан гэдэг утгаар миний ярианаас л мэднэ. Гэтэл ангийнхан, найз нөхөд, үеийнхэн нь тэр хүний Монголын түүхэнд ямар гавьяа байгуулсныг бүр ч мэдэхгүй.  С.Зориг анх 1989 онд тухайн үеийн социалист нийгэм, социалист тогтолцоо нурж байхад нийгэм судлаач, улс төр судлаачийн хувьд анхаарч, судалж байлаа. Тэр үеийн улс төр судлаачид шинжлэх ухаан, коммунист онолоор төгсдөг байсан юм. Бид ижил мэргэжилтэй, багш хүмүүс. Тиймээс тэр үед ямар нэгэн хүчирхийлэлгүй, ардчилсан тогтолцоо руу тайван замаар шилжихэд үнэхээр гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол С.Зориг.  Өнөөдөр тэр алга. Ардчиллын баатар гэж ардчиллыг өмчлөх, лидер удирдагч, гэж өөрийгөө цоллогчид  гарч ирээд байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тухайн үеийн түүхийг сайн мэдэхгүй, түүхийн  гэрч болоогүй залууст хандаж хэлэхэд, яагаад Монгол Улс өөрчлөгдөх ёстой вэ. Яагаад дэлхийн нийтийн жишгээр ардчиллыг хийх ёстой вэ гэсэн үзэл суртлын гол суурийг тавьсан хэдэн хүн байдаг. Ахмадуудаас одоо амьд сэрүүн нь П.Нэргүй доктор, Г.Бошигт гуай  байна. Залуусаас хамгийн бэлтгэлтэй, зоригтой байсан нь  тэр үед С.Зориг байсан. Энд би Э.Бат-Үүлийн, Ц.Элбэгдоржийн ардчилалд оруулсан  хувь нэмрийг  үгүйсгэхгүй. Аливаад тухайн хүний суурь мэдлэг, тархины суурь гэж бий, барилгаар бол суурьтай нь адил зүйл их чухал энэ үүднээс С.Зориг асар том үүрэг гүйцэтгэсэн. 1998 онд Ардчилсан холбоо эвсэл одоогоор бол АН засгийн эрхэнд байсан. Энэ эвслийн  анхны Ерөнхий сайд нь М.Энхсайхан,  1998 оны дөрөвдүгээр сард түүний Засгийн газар огцорсон, АН дотроосоо огцруулсан. Ингээд Ц.Элбэгдорж тэргүүтэй Засгийн газар  гарсан. Дэд бүтцийн яамыг нь С.Зориг ахалж байлаа. Гэтэл 1998 оны долдугаар сард Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч  шинэ Ерөнхий сайд томилогдож чадахгүй байсан учраас үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Үүрэг гүйцэтгэгч засагтайгаар явж  байтал аравдугаар сарын 2-ны үйл явдал болсон. -Яагаад шинэ Ерөнхий сайд томилогдож чадахгүй байсан юм бэ? -Тухайн үед Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй заавал зөвшилцөж Ерөнхий сайдаа томилдог,   төрийн тэргүүн Н.Багабанди байсан. Ардчилсан холбоо эвслээс  хэд хэдэн хүнийг дэвшүүлсэн, Да.Ганболдыг долоон удаа дэвшүүлэхэд  долоон удаа буцаасан. Э.Бат-Үүл, Р.Амаржаргалыг дэвшүүлсэн. Тэр болгоныг хүлээж аваагүй. Тэр үед С.Зориг нам дотроо өөрийн гэсэн өвөрмөц байр суурьтай, дотооддоо АН-ын бодлогыг шүүмжилдэг, тэр үеийн МАХН-ынхантай сайн түншийн харилцаатай байсан. Ийм шинэ улс төрийн үзэл баримтлалыг төрүүлэх гэж байсан эгзэгтэй цаг мөч байлаа, тэр үе. Нийгмийн шаардлага, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байсан. Нэр дэвшигчээ албан ёсоор баталгаажуулах Ардчилсан холбоо эвслийн хурал аравдугаар сарын 1-нд болох байснаа хойшилтол  маргааш нь С.Зориг бусдын гарт амь насаа алдсан. Энэ байдлаас үзэхэд ганц би ч  биш, хэний ч толгойд хүссэн хүсээгүй орж ирэх хардлага улс төрийн нөхцөл байдлаас боллоо гэх нь  ойлгомжтой. Хожим хэргийг илрүүлэхэд хоёр зүйл ажиглагдсан. Тэр явдлын дараа над руу нэлээд чихэж үзсэн, АН-ынхан өөрсдөө тэр шүү дээ. Гэхдээ би баталгаатай хэлж чадна. Хамгийн түрүүнд С.Зориг алагдлаа гэсэн мэдээг сонсоод ардчиллынхны толгойд орж ирсэн эхний бодол юу байсныг. Бүдүүлэг хэллэгээр, үнэнээр нь хэлэхэд “Манайхан өөрсдөө дотроосоо нухчихлаа даа” гэж бүгд бодсон. -Тэр талаар ямар  нотолгоо  байна? -Хамгийн том нотолгоо нь Э.Бат-Үүл тэр үйл явдлаас нэг хоногийн дараа   “Би хариуцлагатайгаар энэ аллагад МАХН хамаагүй гэж мэдэгдэж байна” гээд  телевизээр хэлчихсэн шүү дээ. Тэр үнэн. Нөгөө нам буюу өрсөлдөгч МАХН-ынхныг хэн ч хардаагүй. Хамгийн түрүүнд  бүх хүнд төрсөн  бодол миний хэлсэн “Манайхан дотроосоо нухчихлаа даа” гэдэг.  15 жилийн дараа харж байхад тухайн үеийн “Цэнхэр лагерь” буюу манай ардчиллынхан  сэтгэлзүйн гурван үе шатыг өнгөрөөсөн. Эхнийх нь цочрол байсан. Энэ  үед бүгд дотроосоо бие биеэ хардсан. Илрэл нь Э.Бат-Үүлийн мэдэгдэл.  Хоёрдугаар үе шат нь идэвхтэй хардалтын үе шат буюу өрсөлдөгч фракциуд МҮДН-ынхан уу, Элбэгээгийн фракц уу, Социал демократууд уу гэхчлэн бие биеэ хардсан. Үүний илрэл нь одоо Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Билэгт гашуудлын цуглаан дээр “Энэ аллагын ард М.Энхсайхан, До.Ганболд, тухайн үеийн  “Элсний 13”  байгаа”  гэж  чангаар хашгирч зарласан. Энэ оргил цэг байсан, бүгд болсон  явдал. Ингэж бие биеэ баахан хардсаны эцэст нэлээд сүүлд  шокоос гарсан. 2000 онд Ардчилсан холбоо эвсэл навсайтал ялагдлаа. Гуравдугаар шатанд юу болов гэвэл, шокноос гарсан хүмүүс нэг зүйлийг бодож эхэлсэн. Ялангуяа 2000 оны сонгуулиар МАХН дийлэнх олонхи болж, ганц Ж.Наранцацрал АН-ын өмнөөс суудал авчирсан. Тэр ялагдлын дараа АН-ынхан  бид одоо ялагдаж байгаа юм чинь, үнэхээр С.Зоригоо өөрсдөө дотроосоо алсан бол түүхийн хөрснөөс арчигдах юм байна гэсэн улс төрийн айдас үүссэн. Түүнээс үүдэн  хэрэг битгий илрээсэй гэх юм уу, эсвэл хэрэг илрүүлэлтийн явцыг өөр чигт хандуулах улс төрийн сонирхол бүрдсэн. Энэ нь өнгөрсөн   15 жилийн түүхэнд хамгийн том гай боллоо. Үнэхээр улс төрийн аллага байж, аль нэг бүлэглэл, фракц нь гараад ирэх юм бол нийтдээ, намдаа ч гэдэг юм уу сүүдэр тусна гэсэн энэ айдас хэргийг илрүүлэлгүй удааж 15 жил боллоо. Аймшигт хэргийг бодитоор харахад хамгийн том хүчин зүйл болж байгаа саад бол энэ. -Хэргийг мөрдөн шалгах явцад олон хүн мэдүүлэг өгсөн ч, сүүлд нь хэлсэн ярьснаасаа буцсан гэдэг хэр бодитой вэ? -Хэрэг гарсан эхний хоёр жилд улс төрч хүн амиа алдсан учраас олон хүн мэдүүлэг өгсөн. Би ч албан ёсны мэдүүлэг өгч явсан. Гэтэл мэдүүлгээсээ буцсан, “Би тийм юм яриагүй”  гэж мэлзсэн хүн олон гарсан. Энэ юуны илрэл вэ гэвэл, хэргийг илрүүлэх сонирхлыг бүх шатанд бууруулсан. Дээд төвшинд, УИХ болон засаглалын бусад төвшинд тэр хэргийг илрүүлэх сонирхолгүй байхад цагдаа, хуулийнхан юу гэж ажиллах вэ дээ. АН-ынхан өөрсдөө мэдэж байгаа атлаа арьсаа хамгаалж илэрчих юм бол хэцүүдэх нь гээд ухарсан. Тэр үеийн МАХН-ынхан ч хэрэг илрүүлэх ажилд олигтой хандаагүй. Хэргийг битгий илрээсэй гэж, илрүүлэхгүй байхад хувийн тоглолтоо  маш их хийсэн хүн бол Ц.Нямдорж. Цагдаа, тагнуулын байгууллага тус тусдаа   ажлын хэсэг гаргасан. Дээрээс нь бид буюу С.Зоригийн фракцийнхны шахалтаар УИХ-д ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг байгуулахын эсрэг байсан хүн нь  мөн л Ц.Нямдорж. “Эрүүгийн хэрэгт  парламентад ажлын хэсэг байгуулдаггүй” гэж олон юм ярьж эсэргүүцсэн. Гэтэл тэр хэрэгт парламентын хяналтын зөвлөл байгуулах шийдвэр зөв байсан юм шүү. Тиймээс би Ц.Нямдоржийг гайхдаг бас харддаг. Гэхдээ 2000-2004 оны хувьд хэрэг илрүүлэх ажил харьцангуй тогтвортой байсан. Тэр үед парламентын хяналтын зөвлөлийг  тухайн үеийн УИХ дахь Ардчилсан холбоо эвслийн гишүүн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн 1985 онд Дарханд гэртээ амарч байхдаа бусдын гарт учир битүүлгээр амиа алдсан Төмөр-Очир агсны хүү  Т.Эрдэнэбилэг ахалж байсан юм. Гэтэл С.Зоригийн амиа алдсан хэрэгт  Дарханд  Төмөр-очир агсны амиа алдсан хэрэг дээр ажиллаж байсан, сүүлд Германаас баригдаж ирээд амиа алдсан Энхбатын тухай олон зүйлийг ярих болсон Л.Санжаасүрэн хурандаа ажиллаж байсан. Төмөр-Очир агсны хэрэг  илрээгүй, С.Зоригийн хэрэг ч илэрсэнгүй. Эхний буюу Төмөр-Очир агсны амийг егүүтгэсэн тэр хэрэг илрэхгүй байснаар ямар үр дагавартай вэ гэвэл одоо болтол тухайн үеийн НАХЯ, тагнуулын газар, социалист систем, ОХУ хардалтын хар толботой үлдсэн. Энэ ардчиллынхны хэлдэг, илрүүлнэ гэж  ярьдаг  нэг брэнд  нь байсан. Илрүүлж чадна гэж үзэж, бишгүй хөөцөлдсөн. С.Зориг маань  Төмөр-Очир гуайн амиа  алдсан  хэргийн учиг тайлагдах ёстой гэсэн байр суурьт хатуу зогсдог хүмүүсийн нэг байсан.  Талийгаачийг амьд сэрүүн байхад 1992 оноос хойш Т.Эрдэнэбилэг бид хэд хамтдаа  аавынх нь амиа алдсан тэр хэргийн зангилааг тайлах гэж зүтгэж, олон ч хүнтэй уулзсан. Тэр дотор Л.Санжаасүрэн хурандаа байсан юм. Бид  Дарханд очиж, тэр хэрэгт оросууд үнэхээр холбоотой юу, НАХЯ холбоотой юу гээд албан болон албан бусаар уулзалт, ярилцлагууд хийж байлаа. -2000-2004 онд хэрэг илрүүлэх ажил тогтвортой явагдсан гэлээ. Тодруулахгүй юу? -Засгийн эрхийг  МАХН барьж, Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан. Харьцангуй тогтвортой ажилласан гэж буй нь ямар учиртай вэ гэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр хоёр чухал алхмыг хийсэн. Цагдаа, тагнуул дээрх тусдаа  ажлын хэсгүүдийг нэгтгэсэн. Хоёрдугаарт, өөр ямар ч Засгийн газар, ямар ч УИХ, аль ч  нам зоригтой хийчихэж чадаагүй мөнгөн шагналыг тэр амласан. 2000 оны 500 сая төгрөг гэдэг их мөнгө. С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой мэдээлэлд тэр хэмжээний мөнгө амлана гэдэг шинэ мэдээлэл орж ирэх, хэрэг илрүүлэлтийг идэвхжүүлэхэд нааштай алхам болсон. Харамсалтай нь үүнийг буруугаар ойлгосон хүн цөөнгүй гарсан. Тухайн үед  ажлын хэсэг надад албан ёсоор хамтран ажиллах санал тавьсныг би хүлээж авсан юм. Өнөөдөр  тэр үед надтай хамтран ажиллаж байсан хүмүүсээс одоо нэг ч хүн цагдаа, тагнуулын байгууллагад алга. Тиймээс  би харьцангуй их мэдээлэлтэй, гэхдээ улсын нууцад хамаарах баримтуудыг дэлгэхгүй нь ойлгомжтой. -Тэгвэл 2004 оноос хойш  хэрэг илрүүлэлт ямар байдалтай явж ирэв? -Эвслийн, эв нэгдлийн гээд олон засаг  байгуулагдаж, хэрэг илрүүлэлтэд төдий л ач холбогдол өгөлгүй явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийн үйл ажиллагаа бас саарсан, хүмүүс нь солигдсон. Одоо байдал бүр дордсон. Тусгайлсан, иргэн С.Зоригийн амь насаа алдсан хэргийг илрүүлэх ажлын хэсэг гэсэн нэгж ямар ч байгууллагад байхгүй, алга болгосон. Уг нь 2012 оны сонгуулиар АН эрх барьж, улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Билэгт болсон. АН ялах болгонд тэр хэргийн илрүүлэлтэд саад тотгор болох ямар нэгэн байдал үүсдэг. Би хэн нэгнийг шууд буруутгахгүй. Гэхдээ хэзээ ч би АН-ынхнаас, ялангуяа 1990-ээд онд ардчилалд хамт явж ирсэн нөхдөөс шаардаж  байсан, шаардах ч болно. Хэргийг илрүүлэхийн тулд шийдэмгий, зоримог ямар алхмыг хийсэн юм бэ, ядаж Н.Энхбаярын дайны зүйл хийж чадсан уу, АН-ынхан. Тэр Ерөнхий сайд байхдаа  500 саяыг амлаж чадсан, түүний мөрөөр хэргийн тухай нэлээд шинэ мэдээлэл илэрсэн, олон сэжиг таамаг мухарлагдсан. Казиногийн хэрэг гэгч таамаг С.Зоригийн хэрэгт ямар ч холбогдолгүй болохыг Н.Энхбаярын үед тогтоосон.  Тэгвэл өнөөдөр тэгж мухарласан зүйл байна уу, Элбэг ээ, Дорлиг оо гэж намын журмын нөхдөөсөө  асуумаар байна. Д.Дорлигжав тийм ч муу хүн биш л дээ, хүнийхээ хувьд. Бид нэг шугаманд, “Цэнхэр лагерь”-т хамт явж байсан,  хутга бариад нэгийгээ алчих тийм аймаар хүмүүс биш. Гэхдээ тэр Ерөнхий прокурор болоод өнгөрсөн жилийн аравдугаар сарын 2-ны өдөр шиг санагдана, С.Оюун ахыгаа дурсч хөшөөнд нь цэцэг өргөж байхад хэлсэн үгэндээ “Энэ хэрэгт тусдаа ажлын хэсэг шаардлагагүй” гэсэн. Гэтэл үгүй юм, тэр хэрэг  маш том үр дагавартай, илрэхгүй байх тусам сөрөг үр дагавартай. Монголын цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж чадаж байгаагаа тэр хэргийн илрүүлэлтээр харуулах ёстой. Өнгөрсөн алдааг Мөрөн байна уу, Алтанхуяг ч байна уу хэн нэгэн рүү түлхэж болох ч Монголын улс төрчид өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой. Зоримог алхам хийж чадаагүйгээ, хэрэг илрүүлэх нь Монголын ямар ч Засгийн газар, УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нэгээхэн ажил байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй шүү дээ. Доорх хүмүүс нь ажиллахгүй саад хийж байхад хагас дутуу ч гэсэн хүлээн зөвшөөрөөд өөрийн чадах хэмжээнд ажилласан хүн бол түрүүнд миний дурьдсанчлан  Н.Энхбаяр л байгаа юм. -Тухайн үед Францаас баривчилж авчирч байсан  Д.Энхбат агсан  тэр хэргийн мэдээлэлтэй нэгэн байсан уу, эсвэл хэлмэгдсэн нэгэн үү? -500 саяын урамшуулал амлангуут ажлын хэсгүүд идэвхжсэн. Тэр үед сөрөг тагнуулын албанд байсан Б.Хурц мэдээлэгч нарынхаа шугамаар авсан мэдээллийн дагуу Францад байсан Д.Энхбат агсныг  С.Зоригийн  амь насаа алдсан хэрэгт мэдээлэл сайтай гэж үзсэн байдаг.Ингээд тухайн үеийн тагнуулын даргад рапорт бичиж, Францад   байгаа Д.Энхбатыг авчрах талаар дурьдсанаар хүн хулгайлсан гэх дуулиант  хэрэг гарсан. Д.Энхбатын өмгөөлөгчөөр  тагнуулын Б.Баатар генералын асуудлаар ажлаасаа халагдсан бэлтгэл хурандаа Л.Санжаасүрэн гарч ирж, асуудал улстөржсөнөөр гэрч болох ёстой хүнийг хохирогч болгож С.Зориг амь насаа алдсан хэргээс холдуулж замхруулсан. Тэр үед  Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр бүр сүүлд тэр талаар мэдсэн байдаг. -Одоо асуултаа жаахан өөрчилье. Би  ярилцлагынхаа эхэнд “Энэ өдөр  танд юу бодогддог вэ”  гэж асуусан. Одоо харин аравдугаар сарын 2-ныг  хэрхэн өнгөрүүлдэг вэ гэж асуумаар байна. Учир нь та цэцэг өргөхөөс илүү өөр асуудлыг сөхөх учиртай гэж үзэж байх шиг?  -Талийгаач орос школтой хүн байсан юм. Би орос маягаар 100 татаж, түүнийг дурсдаг байлаа, жил болгоны энэ өдөр. Энэ жил тэгж өнгөрүүлмээргүй байна. Цэцэг өргөж,  өнгөрүүлдэгийг ч шүүмжилмээр байна. Энэ өдөр надад Л.Санжаасүрэн хурандаа, Б.Хурц нараас  асуух асуулт байна.  Нэгдүгээрт, Д.Энхбат гэдэг хүн мэдээлэл сайтай гэдгийг хэн хэлсэн бэ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажилтан Б.Хурцын мэдээлэгч нь хэн байв. Хүнийг дэмий хардаж, гүтгэхийн оронд түүнийгээ хэлчих хэрэгтэй. Хоёрдугаарт, “Д.Энхбатыг Францаас олон улсын хууль зөрчиж, нууц байдлаар хулгайлж авчир” гэсэн шийдвэрийг хэн гаргасан бэ, тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр уу, хурандаа Д.Батсайхан уу. Өнөө хүртэл би энэ асуултын хариуг гайхаж боддог. Үүнийг тодорхой болгож байж энэ их улстөржилт, чөтгөрийн тойрог болчихсон асуудлуудын  хариу гарна.
Цементийн үндэсний аюулгүй байдал
Цементийн үндэсний аюулгүй байдал Өнгөрсөн даваа га­рагийн Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн багагүй бухимдуулж, улай­­­­­тал нь уурлуулсан. Гэх­­­дээ асуудлын гол нь Р.Эрдэнэбүрэн даргадаа биш, сүүлийн үед үүсээд бай­­гаа цементийн хомсдол, долоохон хоногт үнэ нь тэнгэрт хадаж, нэг тонн нь 145 мянгаас 220 мянга хүрсэн туйлын базаахгүй үзэгдэл байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой.  Дэл­хийн зах зээл дээ­рээс Чингис хааныхаа н­э­рээр 1.5 тэрбум ам.доллар зээлж авч ирээд бүтээн бай­гуу­лалтын багагүй ажил өрнүүлээд байгаа ши­нэч­лэлийн Засгийн газарт маргаашийн Оюу тол­гойн олох ашгаас илүүтэй өнөөд­рийн барилга, замын ажил­даа хэрэглэх цемент гэдэг ёстой л стратегийн ач хол­богдолтой бүтээгдэхүүн бол­чихоод байгаа.  Тиймдээ ч одоохондоо урд хөршөөс ха­раат байгаа цементийг энэ жи­лийн бүтээн бай­гуу­лал­тын аж­лын үеэр тасал­дуу­лах­гүй гэхдээ Засгийн газар өнгөр­сөн хавар зохи­цуулалт хийж, цемент импортлогч 57 компанид 127 тэрбум төгрөгийн хөн­гө­лөлттэй зээл олгосон билээ. Засгийн газраас сан­хүүгийн болон бусад хөн­г­өлөлт, дэмжлэг хүлээсэн цемент импортлогч ком­паниуд энэ жилийн хувьд нэг тонныг нь 165 мянган төгрөгөөс дээш гаргахгүй гэж гэрээ хэлцэл байгуулан ажлаа эхэлсэн. Тэд ч хэлсэн амандаа хүрч зургаан са­рын турш гэрээнийхээ үнээр цемент нийлүүлсэн.  Харин хэдхэн хоногийн өмнөөс “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгч болж энэ жилийн зам, барилгын ажил зогсохоос ганцхан са­рын өмнө цементийн үнэ огцом өсч, өчигдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний дор нэг тонн це­мент 230 мянган төгрөг болчихоод байна. Долоохон хоногт нэг тонных нь үнэ 60-80 мянган төгрөгөөр өсөөд байгаа це­ментийн үнийг дагаад одоо баригдаж байгаа орон сууц, тавьж байгаа засмал замын өртөг ч нэмэгдэж болзошгүй.  Бид саяхныг болтол “Бензин, шатахууны үнэ нэмэгдснээс болж өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсчихлөө” гэж ярьдаг байсан бол тун удахгүй “Юанийн ханш чангарснаас болоод цементийн үнэ өсч түүнийг дагаад орон сууц худалдаж авах мөрөөдөл маань замхран алга боллоо” хэмээн ярилцаж магадгүй болоод явчихлаа.  Бид цементийнхээ хэрэгцээг өөрсдөө хангах бололцоотой  Албан бус мэдээгээр Мон­гол Улсын цементийн жи­лийн хэрэглээ 1.5 сая тонн. Засгийн газраас төлөв­лөсөн дэд бүтцийн томоохон төслүүдийн үр дүнд це­ментийн эрэлт хэрэгцээ ог­цом нэмэгдэж, ойрын үед 2.0 сая тоннд хүрэх тооцоо гарсан.  Түүнчлэн барилгын үйлдвэрлэл нэмэгдэж бай­гаатай холбоотойгоор сүү­лийн 10 жилийн хугацаанд цементийн хэрэглээ 10 дахин өсөөд байгаа. Цементийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд дунджаар гу­рав дахин өссөн мэдээ ч бай­на. Хэрвээ манай улсын це­ментийн жилийн хэрэглээ 1.5 сая тонн гэж үзвэл манай дотоодын үйлдвэрлэгчид хэчнээнийг нийлүүлдгийг сонирхоцгооё.  Эрэлийн цементийн үйлд­вэр жилдээ 150 мянган тонн, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр жилд 300 мянга гаруй тонн, Налайхын це­ментийн үйлдвэр 100 мянган тонныг зах зээлд нийлүүлдэг гэсэн тооцоо байдаг аж. Тэ­гэхээр бид 550 мянган тонн цементийг дотоодоосоо хангачих боломжтой гэсэн үг. Үлдсэн 1 сая тонныг урд хөршөөс импортоор оруулж ирдэг гэсэн үг юм. Энэ бол нарийн тоо биш, үүнээс ч илүү хэмжээний цементийг урдаас оруулж ирдэг байж болох.  Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа нэмж хуурай аргын технологиор жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэж ирэх жилээс зах зээлд нийлүүлэхээр ажил­лаж байгаа. Мөн “МАК” ХХК хуурай аргын технололгиор жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх це­­ментийн төслийг хэрэг­жүүлж эхэлсэн бөгөөд 2014 оны эхний улиралд бү­тээг­дэхүүнээ зах зээлд ний­лүүлэх төлөвлөгөөтэй ажил­лаж байгаа юм билээ.  Мөн Дорноговь аймгийн Өргөн суманд Монполимет компани жилдээ 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Сэнж Сант” Цементийн төслийг хэ­рэгжүүлэхээр ажиллаж бай­гаагаас гадна нэлээд олон аж ахуйн нэгж цемент үйлд­вэрлэхээр ажиллаж байгаа дуулдсан.  Эндээс харахад бид хэд­­хэн сарын дараа це­мен­тийн­хээ хэрэглээг үндэс­нийхээ үйлдвэрлэгчдээр 100 хувь хангачих бүрэн бо­­­ломж байгаа бөгөөд экс­портлох ч ирээдүй байна. Тэ­­гэ­хээр цементийн хэ­рэглээ нэмэгдэж жилдээ хоёр сая тонн гарсан ч бид инээж байгаад дотоодоосоо цементээ ний­лүүлж бо­лохоор байна. Ийм таатай бо­ломж бай­саар байтал хууль эрх зүй, элдэв татварын да­рам­таар үндэснийхээ үйлд­вэрлэгчдийн ажилд чөдөр тушаа болчихоод байгаа нь нууц биш болжээ. Цемент стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болох нь  Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажил­лагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хө­рөнгө оруулалтыг зохи­цуу­лах тухай хуульд 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуул­ганаар нэмэлт өөрчлөлт оруулсан.  Энэ хуулийн 4.7 ду­гаар зүйлд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн орол­цоотой хөрөнгө оруу­лагчийн эзэмших хувь хэм­жээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэжээ. Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт эрдэс баялаг, банк санхүү, хэв­лэл мэдээлэл, харилцаа хол­бооны салбарыг тодорхой заачихсан. Эрдэс баялаг гэдэгт шохой, гөлтгөнө гээд це­ментийн үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд ордог. Гэтэл цементийн үйлдвэр­лэлийг дээрх хуульд тус­гайлан оруулж заагаагүй нь өнөөдөр биднийг хаашаа ч бултах аргагүй болгож, Монгол Улсын үндэсний эрх ашигт ихээхэн хор учруулахад ойртоод байна. Тодруулбал хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, төрийн эзэмшлийн це­мен­тийн үйлдвэр Улаан­баатар хотоос 55-хан км-ийн зайд, Төв аймгийн Сэргэлэн су­мын нутагт ид баригдаж өдөр, шөнөгүй ажил нь оволзож байна. Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий, Хя­тадын төрийн эзэмшлийн цементийн үйлдвэрийн ба­рилга дээр 45 хоногийн жуулч­ны визээр орж ирсэн 120 гаруй хятад өдөр хо­ногтой уралдан ажиллаж байгааг манай эрх баригчид мэдэж байгаа.  Эндээс харахад урд хөршийн­хөн манай хуу­лийн цоорхойг ашиглан це­­­­ментийн үйлдвэрээ Мон­голд барьж, стратегийн ач хол­богдолтой энэ бүтээг­дэхүүний зах зээлийг хя­нал­­тандаа авч, монофоль эрх­тэйгээр зарж, борлуулах гэсэн далд санаагаа хэрэг­жүүлэх өдөр нь ойртож бай­на гэхэд хатуудахгүй. БНХАУ-ын төрийн мэдлийн 100 хувийн хөрөнгө оруу­лалттай компани Улаан­баатарын бөөрөнд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг хэзээ мөдгүй ашиглалтад оруулахаар өдөр, шөнөгүй ажиллаж байгаа нь сая­хан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Хө­рөнгө оруулалтын тухай хууль удахгүй батлагдах болсонтой ч холбоотой. Эндээс эргэцүүлэн бо­доход Монгол Улс богино хугацаанд үсрэнгүй хөгжье гэвэл зам, барилгын сал­­барын гол түүхий эд бол­сон це­ментийг страте­гийн ач хол­­богдолтой бүтээг­дэхүүнээр зарлаж, түүнд шаар­дагдах хууль, эрх зүйн орчныг яаралтай боловс­руулан гар­гах шаардлагатай болоод байна.
Жастин Тимберлейк: Мөнгө хэзээ ч амар хялбар аргаар олдож байгаагүй
Va-Bank киноны зураг авалтын үеэр Америкийн нэрт дуучин Жастин Тимберлейк  “Va-банк” хэмээх кинонд Ричи Ферстийн дүр бүтээжээ.  Түүний бүтээсэн дүр нь Уолл-стритэд карьер хөөгөөд бүтэлгүйтмэгцээ Пристонд аспирантурт суралцахаар шийддэг. Сургалтын төлбөр ч үгүй Ричи онлайн казино тоглож, мөнгө олохоор шийднэ.  Гэвч сайтын эзний булхайгаас болж бүх мөнгөө алдаж, казиногийн эзэн, мөрийтэй тоглоомын домог Иван Блоктой танилцахаар Коста-Рикаг зорьдог. Гэтэл тэр хүн бүтэлгүй эрийг гэнэт өөрийн нөмөр нөөлгөнд авдаг ажээ.  Ингээд Жастин Тимберлейктэй киноных нь талаар хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.  -Таны бүтээсэн Ричи хэмээх баатрын түүх “Бодит ертөнцөд тавтай морил” гэх үгээр эхэлдэг. Тэрбээр аспирантурт сурахын тулд их хэмжээний мөнгө олох шаардлагатай байна гэдэг. Харин таны хувьд бодит ертөнцөд орж ирэх үе тохиодог уу? -Тийм үе байлгүй яах вэ. Телевиз, хөгжим, кино, хувийн амьдрал гээд л. Амьдралын анхны хичээ­лийг аав, ээж минь заасан. Тэдэнтэй би үргэлж ойр дотно байсаар ирсэн. Намайг жаахан байхаас л ээж минь “Ямар ч хүн өмднийхөө гуяыг нэг нэгээр нь ээлжилж өмсдөг. Бүгд л адилхан” гэдэг байж билээ. Үүнийг хэрхэн орчуулахыг мэдэхгүй байна. Гэхдээ аль ч хэлнээ утга нэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ үгийг хүүхэд бай­хаасаа амьдралынхаа мөрд­лөг болгож ирсэн.  -Кинон дээр гардаг “Бага чулуугаар их чулууг доргионо” хэмээх үгтэй та санал нийлдэг үү? -Та хэр эрсдэл гаргаж байна, юунд хүрэх гэж байгаа вэ гэдгээс бүх зүйл шалт­гаална. Заримдаа энэ үг үнэн санагддаг. Айдас, өөртөө итгэлгүй байдал авчирсан хүндхэн даалгаврыг өөртөө өгөх үе байдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Үүнд л жүжигчний мэр­гэжлийн мөн чанар ор­шино.  -Таны бүтээсэн баатарт аз дайрах нь их байдаг. Харин танд? -Би покерыг ч барагтайхан тоглодог шүү. -Тэгвэл дүрдээ хэрхэн бэлт­гэсэн бэ?  -Би өмнө нь онлайн мө­рий­тэй тоглоомын талаар огт мэд­лэггүй байсан. Харин зураг авалтад оролцохын тулд их зүйлд суралцаж, ихийг мэдэж авсан. Жи­шээл­бэл онлайн кази­но­гийн хо­рио­той ертөнц, тий­шээ хэр хэм­жээ­ний мөнгө урс­даг, хэд нь гардаг, хаашаа яв­­даг талаар мэдсэн.  -Мэдэж авсан бүхнээ бодит амьдралд ашиглахыг хүсэхгүй байна уу. Онлайн тоглоом тоглох ч юм уу? -Мөрийтэй тоглоом уу. Үгүй ээ, үгүй. (Инээв) -Ядаж мөнгө олохын тулд биш, зугаацахын тулд бол­но шүү дээ? -Үгүй ээ. Надад чөлөө зав гардаггүй. Хааяа завтай үедээ гольф тоглохыг илүүд үздэг. Эсвэл цэвэр агаарт явган алхах ч юм уу, сноубордоор гулгадаг. Би маш их идэвхтэй хүн. Тий­мээс компьютерийн ард сууж, мөрий тавина гэдэг на­дад тохиромжгүй зүйл.  -Мөнгийг маш амархан аргаар олсон үе бий юу?  -Үгүй гэж хэлнэ. Би хар багаасаа л ажилласан. 22 жилийн турш ажиллаж байна. Хийж буй ажил маань ч надад таалагддаг. Ин­гэж хэлэх боломж олд­сондоо би баяртай байна. Ер нь бүх дуучин, жүжигчин миний хэлснийг хэлэх байх гэж боддог. Гэхдээ онцгой таашаал авч ирсэн бүх төсөл үнэхээр хүнд аргаар бүтсэн байдаг.  -5-10 жилийн дараа хэн нэгэн танаас энэ киноны зу­раг авалтын талаар асуу­вал юу хамгийн тү­рүүнд санаанд орох бол?  -Өдөр бүр орж байсан бороо. (Инээв). Тоглосон юм аа. Энэ кинонд тоглоход маш хөгжилтэй байсан. Ухаан, анхаарал шаардсан ки­но хэрнээ зураг авалт нь хөгжил­тэй байх тохиолдол бий. Энэ кино яг л тэр шал­гуурт нийцсэн.  -Таны бодлоор энэ киноны гол утга санаа нь юу юм бол?  -Киноны найруулагч Брэд Фурманы Америкийн ши­нэ мөрөөдөл гэж нэрлэж байгаа зүйл юм. Америк мөрөө­дөл гэхээр өмнө нь баян, алдартай нэртэй бо­лох л байсан. Харин одоо хү­­мүүс аль болох хурдан бая­жиж, алдар нэртэй боло­хыг эрмэлздэг болжээ. Бүх зүйл бэлэн зэлэн болох тусам бид түүнийг аль болох хурдан авахыг хүсдэг шүү дээ.  Нэг товчлуур дараад л хүссэн бүхнээ гүйцээхийг мөрөөддөг гэсэн үг. Өнөөдөр хүмүүс “Кадиллак”-тай болохыг бус, өөрсдийн гэ­сэн машинтай болохыг хүсч байна. Залуу үеийнхэн өөрс­­дийн сан­хүүгийн эзэнт гүрнээ байгуулахыг эр­мэл­­зэж байна. Үүний үр дүнд шударга, үнэнч бай­дал, давуу талаа болон ёс сур­тахууны үнэт зүйлсээ мэдрэх нь алдагдана. Энэ бол тун эмгэнэлтэй хэрэг.
Улаанбаатарын иргэдийн 50 гаруй хувь нь 15-44 насныхан
Улаанбаатарын иргэдийн 50 гаруй хувь нь залуучууд Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1 226 991 иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь 4 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэлийн хүн ам 15 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэлийн нийт хүн амын  580981 нь эмэгтэй, 646010 нь эрэгтэй. Харин насны бүлгээр ангилбал 15 хүртэлх настай хүүхэд  320354, 15-44 насны  651613,  45-59 насны 178753, 60-100 насны 76232, 100 ба түүнээс дээш насны 27  иргэн байна. Улаанбаатарт 15-44 насны иргэн 50 гаруй хувийг эзэлж байна Өнгөрөгч онд 5699 хос шинээр гэр бүл болж,  821 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Шинээр 33324 хүүхэд мэндэлсэн байна. Улаанбаатар хотод 317131 өрх амьдарч байгаагаас 23826 нь өрх толгойлсон эмэгтэй  байгаа аж.
Тэвчиж болох зардлуудыг тана гэв
Орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийв Засгийн газрын тэргүүн өнөөдөр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цахим хуралд Дорнод, Дорноговиос бусад аймгийн бүх сумын удирдлагууд хамрагдлаа. Ирэх оны төсөв зохиохдоо салбарын сэтгэлгээгээр биш багийн сэтгэлээр хандаж, тэвчиж болох зардлуудыг танахыг  аймаг, сумдын удирдлагуудад даалгажээ.  “Өнөөдөр Монгол Улсын төсвийг Засгийн газар биш, УИХ ч биш, төрийн тамга барьсан “төсөвчин” гэгдэх хэдхэн хүн зохиож байна. Тэд зарим ажлын зардлыг хэт хөөсрүүлэн нэмж, анх баталсан зардлыг хэд дахин өсгөж байна. Энэ нь ажил уяж, хэдэн он дамжиж удаашрах шалтгаан болж байна” гээд дээрх байдлыг УИХ–аар төсөв хэлэлцэх үед нээлттэй ярьж, ил тод болгохоо хэллээ. Мөн аймаг, сумдын ажлын хариуцлага дээшилснийг сайшаахын зэрэгцээ илүү бүтээлч, хариуцлагатай ажиллахад дөхөм болох арга барил, туршлагаасаа хуваалцан Шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа зарим нэг ажлаас санаа авч хэрэгжүүлэхийг захив.
Залуучуудын ДАШТ-д өрсөлдөх бүрэлдэхүүн тодорлоо
Олон улсын жүдо бөхийн холбооны залуучуудын ДАШТ энэ сарын 23-27-нд Словенийн нийслэл Люблянад болно Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-27-нд Словенийн нийслэл Любляна хотод болно. 18 дахь удаагийн тэмцээн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жин болон багийн тэмцээн зохион байгуулагдана.  Манай улсаас Словенийн татамид эрэгтэй найм, эмэгтэй зургаан жүдоч оролцохоор болжээ. Тамирчин Жин Харъяалагдах байгууллага Б.Батбаяр  55 кг Женко клуб М.Ганболд  60 кг БТСДуС Э.Түмэннасан  66 кг Жүдо академи Н.Хадбаатар 73 кг  Орхон клуб Г.Алтанбагана  81 кг Женко клуб Л.Отгонбаатар  90 кг Аврагч клуб Э.Амартүвшин   -100 кг Хангарьд клуб Ө.Дүүрэнбаяр   +100кг Хангарьд клуб Эмэгтэйчүүд Г.Наранцэцэг 44 кг Тэмүүжин клуб Б.Хорлоодой 48 кг Өвөрхангай Г.Саранзаяа 52 кг Женко клуб А.Батзул 57 кг Женко клуб Б.Мөнгөнчимэг 63 кг Женко клуб С.Адилцэцэг 70 кг Женко клуб Дээрх тамирчид дасгалжуулагч ОУХМ Д.Батсайхан, Ш.Цэвэлмаа, спортын мастер Г.Эрдэнэбат, нарын удирдлага дор хүч үзнэ.  Монголын цагаан өмсгөлтнүүдээс залуучуудын ДАШТ-ээс ОУХМ Д.Төмөрхүлэг хошой мөнгө (2008 он Бангкок, 2009 он, Парис), Ц.Наранжаргал мөнгө (2011, Кептаун), Б.Тэмүүлэн хүрэл (2008 он, Бангкок) медаль хүртэж байсан билээ.
"Багануурын нүүрсийг гал алдахааргүй нөөцөлсөн"
Улаанбаатарт өнөөдөр нэг тонн нүүрс 280-300 орчим мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Тэгвэл зах зээлийн энэ ханшийг бууруулах боломжийг “Нүүрс” хөтөлбөр олгох нь. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас иргэдэд Багануурын уурхайн нүүрс нэг тн нь 80 мянган төгрөгөөр очиж эхэлснээс зах зээлд дэх нүүрсний үнэ 100-120 мянган төгрөгөөр хямдарсан. Тэгэхдээ 4 вагон нүүрстэй, 10 цэгээр борлуулалт хийж эхэлж байсан. Харин энэ жилийн хувьд 10 вагон нүүрсийг 55 цэгээр борлуулах юм байна. Өвлийн ид ачааллын үед энэ тоо нэмэгдэх гэнэ. Энэхүү "Нүүрс" хөтөлбөрийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд өнөөдөр очиж танилцсан юм. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Нүүрс борлуулах цэгээр дамжин иргэдэд очих 40 кг-аар савласан шуудай нүүрс 3200 төгрөг, өөрөөр хэлбэл, нэг тн нүүрс 80 мянга орчим төгрөгийн үнэтэй байх болно. Багануурын уурхай, Төмөр зам, Эрчим хүчний яам, цэрэгт алба хааж байгаа албан хаагчид, жолооч, борлуулагч гэхчлэн олон хүний оролцоотойгоор иргэдэд нүүрс очно. Зах зээлийн энэ ханшийг бууруулах боломжийг “Нүүрс” хөтөлбөр олгох нь. Төрөөс мөнгө төгрөгийн дэмжлэг үзүүлээгүй, зөв зохион байгуулалтын дүнд иргэдэд хямд нүүрс хоёр дахь жилдээ хүрч байна. Өнгөрсөн жил ийм зохион байгуулалттайгаар иргэдэд 95 мянган тн нүүрс хүргэсэн бол энэ өвөл 200 мянга гаруй тн нүүрс түгээнэ. Багануурын уурхай нөөцөө сайн бэлтгэсэн, 700 гаруй тн-ын нөөцтэй. Гал алдахааргүй нөөцөлсөн гэлээ. Мөн энэ өвлөөс 40 кг-аар савласан шуудай нүүрсийг иргэдэд гэрийнх нь хаягаар хүргэж өгч байхаар төлөвлөж байгаа аж.
Израильчууд араб хүнийг анх удаа өргөмжлөв
Израилийн “Яд Вашем” музей-архив Израилийн “Яд Вашем” музей-архив Дэлхийн хоёрдугаар дайны үед хэд хэдэн еврей хүнийг нацистуудаас аварсан Егинетийн эмч Мохаммед Хельмийг “Ард түмний энхийн элч” хэмээн зарлав. AFP агентлагийн мэдээлснээр, М.Хельми нь еврейчүүдийн зүгээс энэ хүндлэлийг хүртсэн анхны араб хүн болж байгаа аж.  Дэлхийн II дайны үед Берлинд сууж байсан М.Хельми өөрийн гэр бүлийн найз 21 настай еврей бүсгүй Аннэ Боросыг гэртээ нууцаар байлгаж байсан бөгөөд ингэсний хүчинд сайхь бүсгүй 1942 онд еврейчүүдийг нүүлгэн шилжүүлэхэд сугарч үлдэн улмаар Холокост буюу их хядлагад өртөлгүй амь аврагдсан гэнэ. Бүсгүйг нууж байсан нь нацистуудад мэдэгдвэл египет эр амиа алдах нь гарцаагүй байсан гэдгийг “The Times of Israel” сонин тэмдэглэсэн байна. М.Хельми мөн уг бүсгүйн эх, хойд эцэг, эмээд эмнэлгийн болон бусад туслалцааг үзүүлж байжээ. Эмээг нь тэрбээр өөрийн танил Фрида Штурманн хэмээх герман эмэгтэйнд байлгаж байсан бөгөөд Ф.Штурманн нь мөн М.Хельмийн хамтаар “Ард түмний энхийн элч” цол хүртсэн байна. Ф.Штурманн 1962 онд, харин М.Хельми нь 1982 онд нас баржээ. “Ард түмний энхийн элч” цолыг араб үндэстнүүдээс анх Халед Абдельвахаб хэмээх тунис хүн хүртэхээр байсан юм. “Яд Вашем” түүний нэрийг 2007 онд дэвшүүлсэн боловч одоо болтол батлагдаагүй байна. “Яд Вашем” байгууллага амь насаараа дэнчин тавьж фашист, нацистуудаас еврейчүүдийг хамгаалж байсан еврей бус үндэстнүүдэд энэ цолыг олгож, төрөл төрөгсдөд нь дурсгалын медаль гардуулан, Иерусалим дахь дурсгалын цогцолборт нэрийг нь сийлдэг бөгөөд 1963 оноос хойш 44 орны 24 мянган иргэн “Ард түмний энхийн элч" болжээ.
Охины аминд хүрсэн хоёр сувилагчийг ажлаас нь халжээ
Хэдхэн хоногийн өм­нө Т.Маралжингоо гэх бяцхан охин эмч нарын ха­риуцлагагүйгээс болж амиа алдсан хэрэг гарсан билээ. Улмаар охины ээж Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хан­дан охиных нь аминд хүрсэн эмч, сувилагч нарт хариуц­лага тооцож өгөхийг хүссэн юм. Үүний дагуу Сүхбаатар дүүр­­гийн нэгдсэн эмнэл­гийн сувилагч Л.Оюун­гэрэл, Н.Сувд-­Эрдэнэ нарыг ажил­­даа хариуцлагагүй ханд­­­­­сан, үйлчлүүлэгчийн үгийг үл хүндэтгэсэн гэх шалт­гаанаар ажлаас нь халжээ. Энэ талаар тус дүүргийн Нэгд­сэн эмнэлгийн дарга М.Чимгээ мэдээлэл хийв. Тэр­бээр “Бие сэтгэлээрээ тэд­нээс уучлалт гуйж байна. Өргөсөн тангарагаа умартан унтах нойрондоо анхаарал хандуулсан хоёр сувилагчийг ажлаас нь халлаа. Бас хариуцлага тооцно. Мөн шө­нө хоносон эмч маш их гэмшиж, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч бай­гаа. Өвч­төний биеийн байд­лыг зөв оношлоогүйгээс ийм хэрэг гарлаа” гэв.
Хогны уутыг айл өрхүүд үнэгүй, аж ахуйн нэгжүүд 95 төгрөгөөр худалдаж авна
Хогны уутанд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулжээ Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Хог хаягдлын шинэ менежмент” хөтөлбөрийг энэ зун хэрэгжүүлсэн. Эхний ээлжинд туршилтын журмаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн айлуудыг хамруулсан бол өнөөдрөөс нийслэлийн 317 мянган өрхийг хамруулж, хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, айлууд сар бүр хогийн 15 ширхэг уутыг СӨХ болоод хороодын хэсгийн ажилтанаар дамжуулан авах юм байна.  Хогны уут нь эко хэрэглээг дэмжих үүднээс ногоон өнгөтэй байх бөгөөд 80x45 харьцаатай, 15 кг хог даах чадвартай аж. Энэхүү уутыг өрхүүдэд үнэгүй тараах бол аж ахуйн нэгжүүд 95 төгрөгөөр худалдан авч хэрэглэх юм.  Иргэдэд анхааруулахад, энэхүү тусгай хогны уутнаас бусад уутанд хийсэн хогийг хог ачилтын машинууд ачихгүй тул уутыг өөр зориулалтаар ашиглахгүйгээр ахуйн хогоо хийхийг Нийслэлийн захирагчийн ажлын албаны ТХХУ-ын хэлтсийн дарга Т.Батбаяр хэлсэн.  “Хог хаягдлын шинэ менежмент” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн төсвөөс гурван тэрбум 160 сая төгрөг гаргаж, хогны уут үйлдвэрлэх ажлыг “Монгол хэвлэл”, “ОБ пластик” компаниуд хариуцан ажиллаж байгаа гэнэ. Иргэдийн зүгээс ашигласан хогны хуванцар уут нь эргээд байгальд хор хөнөөл учруулна гэсэн болгоомжлол байгаа. Тэгвэл хөтөлбөр хэрэгжүүлэгчид энэ тал дээр санаа зовохгүй байж болно гэлээ. Ашигласан уутыг дахин боловсруулж, хогийн сав, сандал, хашаа хийх юм байна. Тиймээс хотын иргэн та үүргээ ухамсарлан хогоо зориулалтын уутанд хийх л үлдлээ.
Зүүн дөрвөн замын уулварыг гурав хоногийн хугацаатай хаажээ
Зүүн дөрвөн замын уулзварыг засаж байна Нийслэлд зам засварын ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замын уулзварын замын хөдөлгөөнийг өчигдөр оройноос хаажээ. Харин энэ сарын 4-ний 22.00 цагт нээх юм байна. Замын 6500 м2 талбайд асфальтбетон хучилт шинээр хийхээр болсон тул ийн хөдөлгөөнийг нь хаажээ. Одоо уг уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хөдөлгөөнийг нэвтрүүлж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг чуулганы хуралдаанд оруулахаар боллоо
Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар таницуулав Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар анхны хэлэлцүүлгийг нь дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хөрөнгө оруулалтын сангийн тухай, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар таницуулав. Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай томъёоллуудыг нэрбүрчлэн тусгасны зэрэгцээ анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг бүрэн тусгаж хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг нэгтгэж оруулсны зэрэгцээ төслийн зарим заалтыг тохирох хэсэгт нь оруулж, нэр томъёоны хувьд жигдэлсэн тухайгаа танилцуулав. Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёололтой холбогдуулан гишүүн Ц.Баярсайхан төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь хуулийн төслийн 1.1 дэх заалттай адил утгатай байгаа тул 3 дугаар зүйлийг заавал хоёр хэсэг болгож салгах шаардлага байгаа эсэхийг хэллээ. Харин гишүүн Ц.Нямдорж энэ нь техникийн чанартай зүйл юм, төслийн 1 дүгээр зүйлээс гол санааг нь авч 3.1 дэх хэсэгт оруулбал бичилтийн хувьд зөв болох юм байна гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед нээлттэй үлдээсэн төслийн 3 дугаар зүйлийг 3.1, 3.2 гэсэн хоёр хэсэгт салгаж өөрчлөн найруулсан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Түүнчлэн төслийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийг өөрчлөн найруулсан нь дэмжигдлээ. Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан төслийн 3.4 дэх заалтын талаар гишүүн Ц.Нямдорж одоохондоо манай улсад хувийн тэтгэврийн сан гэсэн бие даасан сангийн тогтолцоо байхгүй, тиймээс энэ заалтыг анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Харин гишүүн Л.Энх-Амгалан хувийн компаниудад тэтгэврийн ийм сан бий, энэ бол хэрэгтэй заалт, цаашдаа энэ тогтолцоо уруу орох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин гишүүн Ц.Баярсайхан хувийн тэтгэврийн сантай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагууд байгаа байх, гэхдээ энэ асуудлыг хуулийн төсөлд урьдчилан тусгаад хэрэггүй учраас төслийн энэ заалтыг хасъя гэсэн горимын санал гаргалаа. Ингээд Ц.Баярсайхан гишүүний горимын саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн тул төслийн 3.4 дэх хэсгийг хасах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар энэ хэсгийг төслөөс хасахаар болсноор хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийн хамт өргөн баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъёоллуудаар санал хураалт явуулав. Ажлын хэсгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 18, дагалдах хуулийн төслүүдийн талаар 8, найруулгын чанартай 8 санал гаргажээ. Мөн байнгын хорооны зарим гишүүн бичгээр саналаа ирүүлсэн байна. Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгох, газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх гэх зэргээр хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг ажлын хэсэг гаргасан нь дэмжигдлээ. Мөн 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар тусгасны зэрэгцээ орон нутагт хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс Улаанбаатарын, төвийн, хангайн, зүүн, баруун бүс гэсэн бүсүүдэд хуваан оруулсан хөрөнгийн хэмжээтэй уялдуулж хөрөнгө оруулалтаа хийж дуусгах болон тогтворжуулах хугацааг уян тогтоож, энэ үндсэн дээр хөрөнгө оруулагчдад тогтворжуулах гэрчилгээ олгохоор төсөлд тусгасныг байнгын хорооны гишүүд дэмжив. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн санал авалгүй унасан зарим заалтыг ажлын хэсэг төсөлд дахин тусгуулахаар оруулж ирснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалгаж шийдвэрлэснээр Хөрөнгө оруулалтын тухай, уг хуулийг дагалдан өргөн баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Харин байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар нам, эвслийн бүлгүүд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасны дагуу уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр боллоо.
Онгоцны сүйрэлд өртөх магадлал 14 сая хүн тутамд НЭГ тохиолддог
www.mandal.mn
Хууль зүйн байнгын хорооны хурал хойшлогдлоо
Хууль зүйн байнгын хорооны хурал хойшлогдов Тус хорооны хурал өнөөдөр товлогдсон юм. Харин Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга хийх байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар нь гадаад томилолттой тул хуралдааныг хойшлууллаа. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/; Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
БНСУ-ын эрх баригч хүчин Монголын Засгийн газрыг уучлал гуйхыг хүлээж байна гэдэг нь ташаа мэдээлэл аж
Гадаад харилцааны яам Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “БНСУ-ын эрх баригч хүчин Монголын Засгийн газрыг уучлал гуйхыг хүлээж байна” гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнтэй холбогдуулан ГХЯ-аас дараах тодруулгыг хийлээ.  Дээрхи мэдээлэлд дурдагдсан БНСУ-ын эрх баригч Сэнүри намын дарга Хван Ү Ёо-ийн Монгол Улсад хийхээр төлөвлөгдөж байсан айлчлал солонгосын талаас шалтгаалан хоёр ч удаа хойшлогдсон бөгөөд "дотоодын хурдацтай өөрчлөгдөж байгаа улс төрийн хурцадмал нөхцөл байдлаас" шалтгаалан энэхүү айлчлалыг хойшлуулж байгаагаа Солонгосын тал албан ёсоор тайлбарласан.    Мөн, УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал энэ өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн. Ноён Кан Чан Хий УИХ –ын дарга З.Энхболдтой уулзах үеэрээ Сэнүри намын даргын айлчлал дотоодын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсонд хүлцэл өчсөн бөгөөд айлчлалын товыг дипломат шугамаар дахин тодруулахаар талууд тохиролцоод байгаа болно.
“Их талын жазз” олон улсын VII наадам эхэллээ
“Их талын жазз” олон улсын VII наадам “Их талын жазз” олон улсын VII наадам энэ сарын 1-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд энэ сарын 6-ны 15.00 цагт Чингис хааны талбайд нээлттэй тоглолт, “Юби Жазз” клубд жазз тоглолт үдэш бүр 20.00 цагт, хаалтын гала тоглолт УДБЭТ-т энэ сарын 8-ны 19.00 цагт тус тус тоглогдоно. Энэ жилийн наадмыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс , “Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, БНЧУ-ын ЭСЯ, Францын монгол дахь соёлын төв болон “Гёте” институт хамтран зохион байгуулж байна. Наадмын үеэр монголын олны танил, түгээмэл дуунуудыг жазз хэлбэрт оруулан монголын уран бүтээлчид гадны жазз хамтлагуудтай хамтран тоглох боломжтой ажээ.
Намрын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ - ын чуулганы нэгдсэн хуралдаан Аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг; хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл; Хилийн боомтын тухай хуулийн төсөл, уг төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ.
iOS7-ын хэн бүхний илрүүлж амжаагүй боломжууд
Хэрвээ та Apple төхөөрөмжтэй бол iOS7 үйлдлийн систем суулгаж амжсан гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн хувилбар таны хуучин iPhone, iPad-ыг шинэ төхөөрөмж мэт болгож чаддаг ид шидтэй. Маш олон шинэ боломжууд нэмэгдсэнийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ энэ удаа зарим нэг анзаарагдаагүй, нийтэд зарлагдаагүй шинэ содон боломжуудыг танилцуулж байна.   Цагны айкон Нүүрнээс та цагны айконыг ажиглаад үз. Энэ айкон дээрх цаг бодит цагийг яг зааж, явж байдаг. Бүр секундын зүү нь хүртэл. Жижигхэн ч гэсэн гайхалтай дизайн. Текст мессэжний цагийн мэдээлэл Та ирсэн явсан мессэжээ баруунаас зүүн гар тийш чирэхэд хэзээ ирсэн, хэзээ явсан цагууд харагдана. Гэхдээ бүх мессэжнийх шүү. Тэгш ус Компасыг ажиллуүлсны дараа дэлгэцээ баруунаас зүүн тийш шидэхэд (swipe) гадаргуугийн тэгш хазгайг хэмжигч, бидний нэрлэж заншсанаар тэгш ус гарч ирнэ. Ийм боломж өмнөх хувилбарууд дээр байгаагүй юм. Олон Апп-ыг зэрэг хаах Home товчин дээр ойрхон 2 дарахад нээлттэй байгаа Апп-уудын жагсаалт гардгийг та мэдэх байх. Тэгвэл та 3 хуруугаараа 3 апп зэрэг дээш нь шидэхэд бүгд хаагддаг юм байна. Siri-ээр тохируулгаа өөрчлөх Утасныхаа тохируулгыг (Settings) та дуу хоолойгоороо удирддаг болжээ. Жишээ нь “Open Settings” гэж хэлэхэд Siri нь Settings хавтсыг нээнэ. Тэгээд “Turn off Wi-Fi” гэж хэлбэл Wi-Fi тохируулгыг тань хаана. Дуудлага блоклох Таны дуудлага, SMS хүлээж авахыг хүсэхгүй байгаа дугаарыг блоклох боломжтой. Settings>Phone>Blocked хэсэг рүү ороод дугаараа нэмж оруулах хэрэгтэй. Ингэхэд тэр дугаараас дуудлага, мессэж ирснийг огт харуулахгүй бѳгѳѳд дуудагч талд Завгүй гэсэн дохио байнга сонсогдоно. Надад ойрхон Апп-ууд App store дотор “Near me” гэсэн шинэ товч нэмэгдсэн байгаа. Түүн рүү ороход таны одоо байгаа байрлалтай холбоотой Апп-уудыг гаргаж ирнэ. Жишээ нь та New York-д байгаа бол New York-ын метроны апп, такси дуудлагын апп зэргийг санал болгоно. Эдгээрээс ядаж нэг нь таньд шинэ мэдээлэл болсон байх гэж найдаж байна. Таньд амжилт!
Татварын байцаагч бүсгүйн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо
Баянгол дүүргийн шүүх Чингэлтэй дүүргийн татварын байцаагчаар ажиллаж байсан Э бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Энэхүү хэргийн сэжигтэнээр түүний найз Ц.Туяаг татан эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Ц.Туяад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч энэ сарын 11-н хүртэл хойшиллоо. Учир нь сэжигтэн хоёр өмгөөлөгч авсны нэг нь хүндэтгэх шалтгааны улмаас хуралд ирээгүй юм. Хэргийг сөхвөл өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө талийгаач Э  бусдын гарт 75 удаа хутгалуулж, амиа алдсан юм. Э 1982 онд төрсөн, 2006 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ажилд орж, өнгөрсөн хугацаанд шилдэг залуу татварын байцаагч болж байсан. Харин шүүгдэгч Ц.Туяагийн хувьд нөхрийнхөө нууц амраг болох талийгаач Э-тэй найзууд байсан бөгөөд нөхөртэйгөө амрагийн холбоотой болсныг мэдээд хэргийг үйлдэхээр эртнээс төлөвлөж байсан гэх мэдээлэл бий.
С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Жил бүрийн аравдугаар сарын 2-нд С.Зориг агсны хөшөөнд гэр бүлийнхэн, анд нөхөд, ард түмэн нь дурсч цэцэг өргөдөг уламжлалтай.  Одоогоос яг 15 жилийн өмнө яг энэ өдөр УИХ-ын гишүүн, Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг бусдын гарт аймшигтайгаар хорлогдон амиа алдсан харамсалтай хэрэг гарч Монголын ард түмний сэтгэл зүрхийг шархлуулсан юм.  Үүнээс хойш жил болгон хөшөөнд нь цэцэг өргөж, зул асаан хүндэтгэл үзүүлдэг болсон билээ.
Өмнөд Солонгос "булчингаа чангалж" үзүүлэв
Зэвсэгт хүчнийхээ 65 жилийн ойн баярын жагсаал Хойд Солонгосын зүгээс байнгын заналхийлэлд өртдөг Өмнөд Солонгос улс өчигдөр Зэвсэгт хүчнийхээ 65 жилийн ойгоор хамгийн сүүлийн үеийн холын тусгалын пуужин оролцсон цэргийн баярын нүсэр жагсаал хийлээ. Сөүлээс өмнө зүгт байдаг Соннам хотын агаарын дэргийн баазад болсон жагсаалд 11 мянган цэргийн албан хаагч, 190 төрлийн байлдааны техник, 120 нисэх онгоц оролцжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ жилийн баярын жагсаалд 2003 оноос хойш хамгийн их хүч хөрөнгө зарцуулсан гэнэ. Мөн Өмнөд Солонгосын цэргийн жагсаапд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгель, Армийн штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Мартин Дэмпси нар анх удаа оролцсон байна. 500 километрийн тусгалтай “Хёнму-2”, 1000 километрийн тусгаптай “Хёнму- 2” пуужингуудийг энэ жагсаал дээр анх удаа үзүүлжээ. Мөн Өмнөд Солонгосын зэвсэглэлд буй хөлөг онгоц, шумбагч онгоцноос харвадаг торпед, “газар-агаар” ангшшын пуужин, хөлөг онгоц эсэргүүцэх пуужинг олон нийт анх удаа харсан байна. Үүнээс гадна Израильд үйлдвэрлэсэн “Spike” пуужинг үзүүлсэн бөгөөд энэ пуужин нь хиймэл дагуулын системийн тусламжтайгаар БНАСАУ-ын газар доорх байгууламжийг устгах чадвартай аж. Баярын жагсаалыг Ерөнхийлөгч Пак Гөн Хэ болон тус улсын цэргийн дээд удирдлага үзэж сонирхсон хэмээн “Ренхап” агентлаг мэдээлсэн байна. Мөн өдөр Хойд Солонгосын эрх баригчид энэхүү жагсаалыг шүүмжилж, “Хойд руу цөмрөн орох бэлтгэл хийж буйн баталгаа”, “Хоёр Солонгосын харилцааг хурцатгахад чиглэсэн өдөөн хатгалга” хэмээн нэрлэжээ.
Килиманжарод Монгол тамирчид авирна
Аялал аравдугаар сарын 12-19-ний хооронд үргэлжлэх бөгөөд 17-ны өдөр “Хайрхан” аялагч клубийн тамирчид 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Африк тивийн ноён оргил болох 5895 метрийн өндөрт байрлах Килиманжаро ууланд гарахаар болсон байна. Аялал аравдугаар сарын 12-19-ны хооронд үргэлжлэх бөгөөд 17-ны өдөр уулын оргилд гарсан байхаар төлөвлөөд байгаа ажээ. Килиманжаро уул нь Танзани улсын нутагт оршдог бөгөөд уулын бэлээс оргил хүртэлх өндрөөрөө дэлхийд дөрөвт ордог. Ямар нэг уулын системд хамаардаггүй дангаараа оршдог дэлхийн хамгийн өндөр уул юм. “Өмнө  нь манай улсаас уг уулын оргилд гарах оролдлогыг  2006  оноос хойш есөн авирагч хийж байсан бөгөөд  найм нь амжилттай гарч байсан болохоор манай багийнхан ч мөн амжилт гаргах байх” гэж багийн ахлагч Ж. Бямбасүрэн хэллээ.